Малын генетик нөөцийн тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-07-09

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ .

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, тогтвортой ашиглах,судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцаагзохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

 Малын генетик нөөцийн тухай хууль тогтоомж

            2.1.Монгол Улсын малын генетик нөөцийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл..

Хуулийн хамрах хүрээ

            3.1.Энэ хууль нь Монгол Улсад үржүүлж байгаа нутгийн, сайжирсан, нутагшсан, хил дамнасан, шинээр бий болгосон мал, түүний генетик материалд хамааралтай харилцаанд үйлчилнэ.

            3.2.Энэ хуулиар малын генетик нөөцийн бүрэлдэхүүн хэсэг болох уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд харин уламжлалт мэдлэгийг хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцаа хамаарахгүй.

            3.3.Энэ хуулиар бичил биетний генетик нөөцийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбогдсон харилцааг зохицуулахгүй. 

4 дүгээр зүйл.

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“малын генетик нөөц” гэж мал, түүнийгенетик материал болон уламжлалт мэдлэгийг;

4.1.2.“мал” гэж хэрэгцээгээ хангах зорилгоор хүний ухамсарт үйл ажиллагаагаар хөгжлийн үйл явцад нь нөлөөлж гэршүүлэн үржүүлж, ашиг шимийг нь хүртдэг хөдөө аж ахуйн амьтныг;

4.1.3.“малынгенетик материал” гэж малын удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ, биеийн эс, өндгөн эс, үр, хөврөлболон бусад бүрэлдэхүүнийг;               

 4.1.4.“уламжлалт мэдлэг” гэж малын генетик нөөцийн онцлог шинж чанар, тэдгээрийг ашиглах явцад хуримтлагдан уламжлагдаж ирсэн, баяжуулсан мэдлэгийг;

                        4.1.5.малын генетик нөөцийн төлөв байдал” гэж малын генетик нөөцийн төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн чанар, хүрэлцээ, хангамж, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийн үнэлгээг;

4.1.6.“малын генетик нөөцийн үйл ажиллагаа” гэж энэхүү нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан сайжруулах, хадгалах, хамгаалахтай холбоотойцогц арга хэмжээг;

4.1.7.“уугуул орчин” гэж малын генетик нөөцийн өвөрмөц шинж байдлаа олж авсан, хадгалж ирсэнорчин зүйн бүрдлийг;

4.1.8.“нутагшуулсан орчин” гэж малын генетик нөөцийг уугуул орчноос нь өөр орчинд шилжүүлж дасгах үйл ажиллагааны бүрдлийг;

4.1.9.“малын генийн сан” гэж тусгай орчинд хадгалагдаж байгаа малын генетик материал, сорьц, дээж бүхий цуглуулгыг;

4.1.10.“малын генетик нөөцийн гарваль улс” гэж малын генетик нөөцийг уугуул орчны нөхцөлд эзэмшигч улсыг;

4.1.11.“малын генетик нөөцийг ашиглах” гэж малын генетик нөөцийн ашигт шинж чанарыг хөгжүүлж үр шим, ашгийг нь хүртэхүйл ажиллагааг;

4.1.12.“малын генетик нөөц ашигласны үр шим” гэж малын генетик нөөцийг ашиглан хувийн, эсхүл өрхийн хүнсний болон ахуйн хэрэглээг хангах үйл ажиллагаанаас малчин, мал бүхий иргэний хүртэх үр дүнг;

4.1.13.“малын генетик нөөцийг ашигласнаас олох ашиг” гэж малын генетик нөөц, түүнийг ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүн, бараа, түүхий эдийг арилжих, судлах үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн олж байгаа орлогын аливаа хэлбэрийг.

5 дугаар зүйл.

 Малын генетик нөөцийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

            5.1.Малын генетик нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтлана:

                        5.1.1.тогтвортой, үр шимтэй, ашигтай байх;

                        5.1.2.үнэн зөв бүртгэл, мэдээлэл, үнэлгээнд суурилсан байх;

                        5.1.3.малын биологийн төрөл зүйл, үүлдэрлэг чанар, биоаюулгүй байдлыг хангасан байх;

                        5.1.4.төрөл, зүйлийн мөхөл, доройтлоос урьдчилан сэргийлж хамгаалсан байх;

                        5.1.5.ногоон хөгжлийн үзэл баримтлалын зарчимд нийцсэн байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ .

 

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ БҮРТГЭХ, ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ 

            6 дугаар зүйл. Малын генетик нөөцийн бүртгэл

            6.1.Малын генетик нөөцийн төрөл, зүйлийг хамгаалах, судлан хөгжүүлэх, удам зүйн үнэлгээ хийх, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, сүргийн бүтцийг тогтоох, малын гаралтай хүнс, түүхий эдийн хангамж, бэлчээр, тэжээлийн хүрэлцээг тооцох, төрийн урамшуулал, дэмжлэгт хяналт тавих үйл ажиллагаа малын генетик нөөцийн бүртгэлд үндэслэнэ.

            6.2.Малын генетик нөөцийн байршил, өмчлөгчийн нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, малын төрөл, үүлдэр, хүйс, төрсөн огноо, генетик материалыг үйлдвэрлэсэн огноо, тэдгээрийн шилжилт, хөдөлгөөнийбүртгэл хөтөлнө.

            6.3.Энэ хуулийн 6.2-д заасан бүртгэлийг мал бүхий иргэн, хуулийн этгээдтэй хамтран сум, дүүргийн малын генетик нөөцийн асуудал хариуцсан нэгж, мэргэжилтэнхийж мэдээллийг энэ хуулийн 6.5-д заасан нэгдсэн санд оруулж байна.

            6.4.Малын генетик материалын төрөл, зүйл, тоо хэмжээ, байршил, ашиглалтын бүртгэлийг энэ хуулийн 17.1-д заасан байгууллага хариуцна.

            6.5.Монгол Улсын малын генетик нөөцийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид “нэгдсэн сан” гэх)-гийн үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

            6.6.Нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнахтай холбогдсон журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.  

            6.7.Малын генетик нөөцийг бүртгэх, тодорхойлох, хянах асуудлаар олон улсын болон бүс нутгийн мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл солилцох, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал харицсан төрийн захиргааны байгууллага хариуцна. 

            6.8.Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх үйл ажиллагааны аргачлалыг оюуны өмчийн болон малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

            6.9.Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал харицсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

7 дугаар зүйл.

 Малд удам зүйн үнэлгээ хийх

            7.1.Малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээ (цаашид “төрийн үйлчилгээний байгууллага” гэх)”-ний болон мэргэжлийн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага нь малын удам гарвалийн, гадаад шинж төрхийн, геномын өвөрмөц шинж чанарын үзүүлэлтэд суурилан малын удам зүйн үнэлгээг холбогдох арга зүй, аргачлалын дагуу хийнэ.

            7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үнэлгээнд орох малыг дахин давтагдашгүй хувийн дугаараар ялган тэмдэглэнэ.

            7.3.Малын удам гарваль, гадаад шинж төрх, өсөлт, хөгжлийн үзүүлэлтийг малын үржүүлэг, технологийн үйлчилгээний нэгжийн мэргэжилтэн болон мэргэжлийн холбооны гишүүн мал зүйч нь мал бүхий иргэн, хуулийн этгээдтэй хамтран жилд 1-ээс доошгүй удаа гаргаж бүртгэл хөтөлнө.

            7.4.Малын ашиг шимийн бүртгэлийг малын онцлогоос хамааран мэргэжлийн холбоо, төрийн үйлчилгээний байгууллага хуваарийн дагуу хийнэ.

            7.5.Мал бүхий иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу малын геномын өвөрмөц шинж чанарын үзүүлэлтийг эрх бүхий этгээд молекул генетикийн шинжилгээгээр тодорхойлно.

            7.6.Малын үр төлийн үнэлгээг төрийн үйлчилгээний байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод холбогдох арга зүйн дагуу хийнэ.

            7.7.Малын удам зүйн үнэлгээгээр малын үүлдэрлэг байдлыг дараах тодорхойлолтын дагуу нарийвчилан тогтоож хянан баталгаажуулна:

                        7.7.1.байгаль, цаг уурын тодорхой нөхцөлд хүний урьдчилан төлөвлөсөн ухамсарт үйл ажиллагааны үр дүндбий болсон, нэг гарал үүсэлтэй, генетик тогтолцоо, аж ахуйн ашигтшинж чанараар тухайн төрлийн бусад үүлдрийн малаас тодорхойлогдон ялгагдах өвөрмөц онцлогтой, үржил, ашиг шимийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай,3-аас доошгүй удам, 6-аас доошгүй бүлээс бүрдэх, удам дагуулан 3-аас доошгүй үе хүртэл үржүүлсэн бүлэг малыг “үүлдэр”-ээр;

                        7.7.2.энэ хуулийн 7.7.1-д заасан нөхцөл, онцлогийг хадгалсан, шилэлт, тохируулан сонголт хийж бойжуулахад үржлийн чанар нь дээшилж байдаг ашиг шимийн хэвшлийн хувьд хоорондоо ялгагдах 3-аас доошгүй удам, 4-өөс доошгүй бүл бий болж өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай ч үүлдэрт байх малын тоонд хүрээгүй хэсэг малыг “үүлдрийн хэсэг”-ээр;

                        7.7.3.үүлдэр, үүлдрийн хэсэг бий болсонтой адил нөхцөлд бий болсон, ашиг шимийн гарц, чанар, генетик тогтолцооны онцлог шинж чанартай ч эдгээр шинж чанар нь удамшиж сайн батжаагүй, тооны хувьд өөр дотор нь үржүүлж үүлдрийн хэсгийн хэмжээнд хүргэх бололцоотой сүрэг малыг “үржлийн хэсэг”-ээр;

                        7.7.4.тухайн орон нутгийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргаар үе улиран үржүүлж ирсэн, зүс, бие бялдар, галбир, ашиг шимийн шинж чанараар харьцангуй жигд, аж ахуйн ашигт шинж чанараар үр төлдөө тогтвортой дамжуулж чаддаг, ашиг шим нь нэмэгдэх боломжтой, “өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хүрэлцээтэй, нутгийн ижил төрөл, үүлдрийн бусад малаас аж ахуй, биологийн нэг ба түүнээс дээш чанараар ялгаатай сүрэг малыг “омог”-оор;

            7.8.Удам зүйн үнэлгээгээр малын үүлдэрлэг байдлыг дараах тодорхойлолтын дагуу нарийвчилан тогтооно:

                        7.8.1.тухайн үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн малын шилмэл хэсгийн жишигт тэнцэж үржлийн зориулалтаар шилэгдсэн сүргийн зохистой бүтэц бүхий бүлэг малыг “цөм сүрэг”-ээр;

                        7.8.2.нэг үүлдрийн тохиромжтой хэвшлийн малыг өөр дотор нь үржүүлсний үр дүнд бий болсон малыг “цэвэр үүлдэр”-ээр;

                        7.8.3.хоёр өөр үүлдрийн буюу ашиг шимийн чиглэлээр өөр хоорондоо ялгаатай малыг хооронд нь үржүүлсний үр дүнд бий болсон малыг “эрлийз мал”-аар;

                        7.8.4.ашиг шимийн чиглэл нэгтэй өөр өөр үүлдэр, омгийн малыг хооронд нь үржүүлсний үр дүнд бий болсон малыг “сайжирсан мал”-аар;

                        7.8.5.гадаад орноос импортлон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 5-аас дээш жил байршуулан байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицуулсан, эсхүл нутагшуулсан орчинд 3-аас доошгүй жил малласан аливаа төрлийн малыг “нутагшуулсан мал”-аар.

                        7.8.6.малын удам зүйн үнэлгээгээр тооны хувьд хэт цөөрч, тухайн үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн малын хээлтүүлэгч нь 20-иос бага, хээлтэгчийн доод хязгаар нь гүү 200, эм хонь, эм ямаа 500, үхэр 1000-д хүрэхгүй болсныг “мөхөхөд хүрч байгаа мал”аар.

            7.9.Энэ хуулийн 7.8.5-д заасан нөхцөлийг хангасан малыг нутагшсан үүлдрийн малаар хянан баталгаажуулж болно.

7.10.Энэ хуулийн 7.7, 7.8-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            7.11.Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 7.7, 7.8-д заасан малыг тоолж бүртгэх, кодлох арга хэмжээг статистикийн асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран зохион байгуулж, нэгдсэн санд холбогдох мэдээллийг цаг тухай бүрт оруулна.

            7.12.Энэ хуулийн 7.7-д заасан малд хянан баталгаажуулах зардлыг захиалагч тал хариуцна.

 

            7.13.Энэ хуулийн 7.2-т заасан малыг ялган тэмдэглэх арга хэмжээний зардлыг мал бүхий иргэн, хуулийн этгээд хариуцна.

8 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох

            8.1.Малын генетик нөөцийн төлөв байдлыг олон улсын мэргэжлийн байгууллагаас баталсан аргачлалын дагуу 3 жил тутамд тодорхойлно.

            8.2.Энэ хуулийн 8.1-д заасан төлөв байдлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилсон мэргэжлийн мэргэжсэн шинжээчийн баг гүйцэтгэнэ.

            8.3.Мэргэжсэн шинжээчдиййн баг ажлын тайланд малын генетик нөөцийн өнөөгийн төлөв, хүрэлцээ, хангамж, эрсдэлийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг тус тус тусгаж, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх малын генетик нөөцийн Үндэсний хороонд хүргүүлнэ.

            8.4.Үндэсний хороо нь шинжээчдийн багийн ажлын тайлан, саналыг хэлэлцэж,  тухайн жилийн 3 дугаар улиралд багтаан хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад зөвлөмж хүргүүлнэ.

            8.5.Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 3 жил тутамд танилцуулж байна.

            8.6.Мэргэжлийн холбоод нь малын генетик нөөцөд нөлөөлж байгаа байгаль, орчин, нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлийг тодорхойлж хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж болно.

            8.7.Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдал, түүнийг тогтвортой ашиглах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар үндэсний тайлан, мэдээллийг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ .

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ АШИГЛАХ, СУДЛАН ХӨГЖҮҮЛЭХ

9 дүгээр зүйл. Малын генетик нөөцийг ашиглах

            9.1.Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь цөм сүргийн малыг үржүүлэх, тэдгээрийн генетик нөөцийг тогтвортой ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, малын тэжээл, усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх,бэлчээрийн даацыг зохистой ашиглах,хамгаалах менежментийн хэрэгжилтийг зохицуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг боловсронгуй болгох, хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

            9.2.Малын генетик нөөцийг байгаль, экологид ээлтэйгээр тогтвортой ашиглахын тулд малчин, мал бүхий этгээд үйлдвэрлэл эрхлэхдээ дараах харьцааг баримтална:

                        9.2.1.бод малын сүргийн бүтцэд хээлтэгч 40-өөс доошгүй хувийг эзэлж байх;

                        9.2.2. бог малын сүргийн бүтцэд хээлтэгч 50-аас доошгүй хувийг эзэлж байх;

                        9.2.3.бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хээлтүүлэгчийн хүрэлцээг хээлтэгчийн тоонд харьцуулах замаар тодорхойлж, зохист харьцааг хянан тохируулж байх.

            9.3.Малын генетик нөөцийг ашиглах ажиллагаанд малчин, мал бүхий этгээд дараах эрх эдэлнэ:

                        9.3.1.малын генетик нөөцийг зохистой ашиглах, түүнээс үр шим, ашиг хүртэх;

                        9.3.2.малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхмэргэжлийн итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээдийг сонгон үйлчилгээ авах;

                        9.3.3.энэ хуулийн 15.5-д заасан урамшуулал авах.

 

            9.4.Малчин, мал бүхий этгээд малын генетик нөөцийг ашиглахдаа дараах үүрэг хүлээнэ:

 

                        9.4.1.малаа байгалийн гамшгаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлж, хадлан, тэжээлийн нөөцтэй байх;

 

                        9.4.2.бэлчээрийн даац, бүс нутгийн онцлогт нийцүүлж малыг үржүүлэх, маллах;

 

                        9.4.3.малыг тэжээллэг, арчилгаа, маллагааны ая тухтай орчинд маллаж, эрүүл, төрөлхийн авир араншингаа чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлөөр хангах;

 

                        9.4.4.энэ хуулийн 9.2-д заасан сүргийн зохист бүтэц, харьцааг хадгалах;

 

                        9.4.5.тухайн бүс нутагт үржүүлэхээр хүлээн зөвшөөрөгдсөн сайжруулагч болох нь эрх бүхий этгээдээр хянан баталгаажсан, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтан дор сонгосон хээлтүүлэгч болон гүн хөлдөөсөн үр, хөврөлийг малын үржилд ашиглах;

 

                        9.4.6.бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлах, хээлтүүлгийн нас гүйцсэн малыг нийлүүлэгт оруулах;

 

                        9.4.7.малын үржлийн ажил, үйлчилгээггүйцэтгүүлсэн төлбөрийгхариуцах;

 

                        9.4.8.малын удам, гарал үүслийн бүртгэл хөтлөх; 

 

                        9.4.9.малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, дүрэм, журмыг биелүүлэх;

 

                        9.4.10.малыг нэг нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэхэд үйлчилгээний нэгжээс холбогдох гэрчилгээ, тодорхойлолтыг авах;

 

                        9.4.11.малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгүүлэх, түгээн дэлгэрүүлэх.

            9.5.Малчин, мал бүхий этгээд нь малд дур зоргын эрлийзжүүлэг явуулан үүлдэрлэг байдлыг алдагдуулахыг хориглоно.

            9.6.Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын үүлдэр, ашиг шимийн орон тооны бус зөвлөлийг байгуулж болно.

10 дугаар зүйл.

Малын генетик нөөцийг ашиглах зөвшөөрөл олгох

            10.1.Хууль тогтоомжид заасан Монгол Улсад зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанд багтсан малын генетик нөөцийг ашиглах үйл ажиллагааг эрхлэх иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан агуулга бүхий хүсэлтээ хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана:

10.1.1.ашиглах малын генетик нөөцийн төрөл, зүйлийн нэр, тоо, сорьцын хэмжээ;

10.1.2.малын генетик нөөцийг ашиглах зорилго, зориулалт, үйл ажиллагааны чиглэл;

10.1.3.малын генетик нөөцийг экспортлох, импортлох улс, хуулийн этгээдийн нэр;

10.1.4.тухайн малын генетик нөөцийн гарваль болон нийлүүлэгч улс; 

10.1.5.малын генетик нөөцийг хүлээн авах, хүргэх хэлбэр, ажил гүйцэтгэх байгууллагын нэр.

10.2.Зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 10.1-д заасан хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:

10.2.1.хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар; 

10.2.2.малын генетик нөөцийн гарвалийн тодорхойлолт;

10.2.3.энэ хуулийн 12.2-т заасан гэрээний хувь.

            10.3.Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 10.1-т заасан хүсэлтийг малын генетик нөөцийн орон тооны бус Үндэсний хорооныдүгнэлт, зөвлөмжид харгалзан зөвшөөрөл олгох, эсэхийг шийдвэрлэнэ.

            10.4.Малын генетик нөөцийн Үндэсний хороо нь хүсэлтийг ажлын 7 хоногт багтаан мэргэжлийн түвшинд хянан үзэх ба шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргагчаас хууль тогтоомжид заасан нэмэлт мэдээллийг гаргуулж болно.  

            10.5.Тусгай зөвшөөрөлэзэмшигч нь малын генетик нөөцийг ашигласан үйл ажиллагааны талаарх тайланг малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жилд 1 удаа ирүүлнэ.

11 дүгээр зүйл.

Малын генетик нөөцийг экспортлох лиценз олгох

           11.1.Малын генетик нөөцийг экспортлох тохиолдолд малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл, энэ хуулийн 12.2-т заасан гэрээг үндэслэн малын генетик нөөцийн зүйл тус бүрт нэг лиценз олгоно.

           11.2.Судалгаа шинжилгээний зорилгоор малын генетик нөөцийг экспортлох тохиолдолд 5 хүртэл зүйлд нэг лиценз олгож болно.

           11.3.Мал экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь лицензи авахдаа экспортлох малын төрөл, үүлдэр, хувийн дугаар, тоо хэмжээг хүсэлтэнд хавсаргаж ирүүлнэ.

           11.4.Малын генетик материалыг экспортлох тохиолдолд тухайн төрөл, зүйл, цуврал тус бүрийн сорьцын дээж, ижил хувийг малын үндэсний генийн санд заавал байршуулна.

            11.5.Зөвшөөрөлтэй ашиглах малын генетик нөөцийг ашиглахтай холбоотой бүртгэл, технологийн хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

12 дугаар зүйл.

 Малын генетик нөөцийг судлах, хөгжүүлэх

            12.1.Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай2 хуулийн 11.2.1-11.2.3, Инновацийн тухай хуулийн3 27.2, энэ хуулийн 13.3-т заасан этгээд гүйцэтгэнэ.

            12.2.Малын генетик нөөцийг судлах, хөгжүүлэх, ашиглах, ашиг хуваах талаар гэрээ байгуулна.

            12.3.Энэ хуулийн 12.2-д заасан гэрээнд дараах нөхцөлийг тусгана:

                        12.3.1.малын генетик нөөцийн судалгаа туршилт явуулах үндэслэл, зорилго;

                        12.3.2.малын генетик нөөцийн төрөл, зүйлийн нэр, тоо хэмжээ;

                        12.3.3.малын генетик нөөцийн гарваль;

                        12.3.4.судалгааг явуулах хугацаа;

                        12.3.5.био аюулгүй байдлыг хангах зохицуулалт;

                        12.3.6.оюуны өмчийн эрхийн зохицуулалт, технологи дамжуулах нөхцөл;

                        12.3.7.малын генетик нөөцийг судалснаас хүлээж буй үр дүн, ашиг хүртэх хэлбэр;

---------

2-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 4 дүгээрт нийтлэгдсэн.

3-Инновацийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2012 оны 24 дүгээрт нийтлэгдсэн.

                        12.3.8.маргаан шийдвэрлэх зохицуулалт.

            12.4.Малын үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийнгадаад шинж төрх, биеийн бүтэц, генийн дэс дараалалын тодорхойлох үйл ажиллагаанаас ашиг хуваарилахгүй.

            12.5.Эдийн засгийн бодит өсөлт бий болгох тэргүүлэх ач холбогдол бүхий биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлж болно.

12.6.Малын генетик нөөцийн судалгаа, туршилтын үр дүн, мэдээлэл нь нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

13 дугаар зүйл.

Малын үржлийн ажил, үйлчилгээг эрхлэх

            13.1.Малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, үзлэг, ангилалт хийх, малын удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, хянан баталгаажуулах, үржил селекцийнажлын зураглал, төлөвлөлтийг боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомолхээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулахүзэсгэлэн худалдааг зохион байгуулах,үржлийн мал, малын гаралтай генетик материалыг улсын хилээр нэвтрүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагаа, үржил селекцийн ажлын технологийн чиглэлээр малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөөөгөхүйл ажиллагаа (цаашид “малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ” гэх)-г хамааруулна.

13.2.Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөөтэй байна. Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөөг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            13.3.Энэ хуулийн 13.1 заасан малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг мэргэжлийн итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээд эрхэлнэ. Мэргэжлийн итгэмжлэл олгох, хүчингүй болгох, хугацаа сунгах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

            13.4.Энэ хуулийн 13.3-д заасан итгэмжлэлийг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн байгууллага олгоно.

            13.5.Энэ хуулийн 13.3-т заасан итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээд нь мэргэжлийн ажил, үйлчилгээг тухайн сум, дүүргийн Засаг даргатай гэрээбайгуулсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн эрхэлнэ. 

            13.6.Малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэгч итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээд нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                        13.6.1.малын үржүүлэг, технологийн ажил,үйлчилгээгүржил селекцийн тодорхой арга зүйн дагуу бүс нутгийн үржлийн ажлын стратеги төлөвлөгөөний чиглэлд нийцүүлэн эрхлэх;

                        13.6.2.үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, хэвшлийн мал сүргийн дотор гарваль, ашиг шимийн ялгавартай удмууд бий болгож үржилд ашиглах, цөм сүргээс өсвөр хээлтэгч, хээлтүүлэгчийгбойжуулах, борлуулах;

                        13.6.3.үржлийн мал сүрэгт үзлэг, ангилалт хийж, үржилд сайжруулагчаар ашиглах өсвөр хээлтэгч, хээлтүүлэгчийг ялгах, цөм сүргийг бүрдүүлэх, үржлийн ажил, үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд бүрэн хамруулах;

                        13.6.4.ашиг шимийн чиглэлд нийцсэн, стандартын шаардлага хангасан хээлтүүлэгчийг үржлийн бус хугацаанд ялгаж төвлөрүүлэх үйлчилгээ үзүүлэх;

                        13.6.5.малын нөхөн үржихүйн биотехнологийн, биотехникийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

                        13.6.6.мал бүхий иргэн, хуулийн этгээдэд гэрээний дагуу малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө өгөх;

 

                        13.6.7.малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийн болон малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологийн зөвлөмжийг малчид, мал бүхий этгээдэд өгөх;

 

                        13.6.8.гойд ашиг шимт малыг сонгон шалгаруулах үржлийн малын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахад оролцох;

 

                        13.6.9.малын үүлдэрлэгбайдлыг өөрчлөн дур зоргын эрлийзжүүлэг явуулж байгаа эсэхэд хяналт тавьж зөвлөгөө өгөх;

 

                        13.6.10.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийж, тодорхойлолт олгох.

            13.7.Малын генетик нөөцийн асуудал хариуцсан бүх шатны төрийн байгууллага нь  малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэгч итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээд мэргэжил арга зүйн удирдамж, зөвлөмжөөр хангах үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

 МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ

14 дүгээр зүйл.

Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах хэлбэр

            14.1.Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:

                        14.1.1.уугуул орчинд;

                        14.1.2.нутагшуулан;

                        14.1.3.зохиомол орчинд.

15 дугаар зүйл.

Мал хамгаалах

            15.1.Малын генетик нөөцийг доройтуулж байгаа хүчин зүйлийг үнэлэх, хариу арга хэмжээ авах болон эрсдэлд орж буй малыг доройтол, мөхөлд хүргэхгүй хэвээр хадгалах, хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөтэй байна. Энэ төлөвлөгөөг улсын хэмжээнд мөрдөх бол хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хэмжээнд мөрдөх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.        

            15.2.Энэ хуулийн 15.1-д заасан улсын хэмжээний төлөвлөгөөг малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн төлөвлөгөөг аймгийн Засаг дарга хариуцан хэрэгжүүлж тайлагнана.

            15.3.Бэлчээрийн уламжлалт мал аж ахуй болон хот суурингийн ойролцоох эрчимжсэн аж ахуйг бүсчилэн хөгжүүлэх чиглэлийг Засгийн газар тогтооно.

            15.4.Импортлох, нутагшуулах малын генетик нөөцийн тоо хэмжээг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            15.5.Тоо толгой, тархалтын хувьд доройтолд орсон, мөхөхөд хүрч буй малыг хамгаалах, өсгөж үржүүлэх үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг, урамшуулал үзүүлнэ. 

            15.6.Мэргэжлийн холбоод нь мал хамгаалах үйл ажиллагааны талаар санал, дүгнэлтийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

16 дугаар зүйл.

Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээдийн үүрэг

            16.1.Малыг хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд дараах үүрэг хүлээнэ:

                        16.1.1.малыг уугуул орчинд нь болон нутагшуулан маллаж, өсгөн үржүүлэхдээ тэдгээрийн бэлчээр, тэжээл, усан хангамжийн хүрэлцээг хангах;

 

                        16.1.2.малыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, хашаа, хэвтрээр хангаж ая тухтай орчинд байлгах;

 

                        16.1.3.малыг нас, хүйс, амьдын жин, ашиг шимийн чиглэлд нь тохирсон чанартай, аюулгүй тэжээл, усаар хангах;

 

                        16.1.4.малыг хариулах, хаших, уях, тээвэрлэх, төхөөрөх явцад айлгахгүй, тамлахгүй, зовоохгүй байх;

 

                        16.1.5.малыг тэжээл, усанд чөлөөтэй хүрэх, хэвтэх чөлөөтэй орон зай, талбайгаар хангах, эдэлгээнд зориулалтын тоног хэрэгслэл ашиглах;

 

                        16.1.6.малыг хариулахдаа автомашин, мотоцикл ашиглахгүй байх;

 

                        16.1.7.малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг итгэмжлэлтэй этгээдээр гүйцэтгүүлэх;

 

                        16.1.8.малд үзлэг, ангилалт хийлгэх.

17 дугаар зүйл.

 Малын генийн санг хамгаалах

            17.1.Монгол Улс малын генетик нөөцийг хамгаалах, хадгалах, хөгжүүлэх зорилго бүхий генийн сан (цаашид “генийн сан” гэх)-тай байна. Генийн санг малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх энэ хуулийн 7.1-д заасан төрийн үйлчилгээний байгууллага эрхэлнэ.

            17.2.Төрийн үйлчилгээний байгууллага нь энэ хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        17.2.1.үндэсний генетик нөөцийг төрөл, зүйлийн хувьд хувиран өөрчлөгдөхөөс сэргийлж малын генийн үндэсний санг бүрдүүлэх, хадгалах, үйлдвэрлэх, баяжуулах;

                        17.2.2.малын генийн үндэсний санд хадгалагдаж байгаа генетик материалын гарал үүслийн тодорхойлолтыг олгох;

                        17.2.3.генийн үндэсний санд хадгалагдаж байгаа үр, хөврөл үрийн хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангуулан, ашиглалтыг үржлийн стратеги төлөвлөгөөний дагуу явуулах холбогдох бүртгэл, мэдээллийг хөтлөх;

                        17.2.4.малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах үржлийн ажил, үйлчилгээнд үржүүлэг, селекцийн үйл ажиллагаанд биотехнологийн дэвшилт арга, технологийг нэвтрүүлэх,  нутагшуулах, дэлгэрүүлэх;

                        17.2.5.малын үржүүлэг, технологийн үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах; 

                        17.2.6.мал үржүүлгийн техникчийг бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах, гэрчилгээ, итгэмжлэл олгох, зохиомол хээлтүүлэгийн үйлчилгээний хүрээг тогтоох, үйлчилгээг үзүүлэх;

                        17.2.7.малын үржлийн ажил, үйлчилгээний анхан шатны нэгж, зохиомол хээлтүүлгийн цэг, салбарын үйлчилгээний хүрээг өргөтгөх, чадавхижуулахад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, технологийн шаардлагат хэрэгсэл, бүтээгдэхүүнээр хангах;

                        17.2.8.цэвэр үүлдрийн болон эрлийз мал, баталгаажсан цөм сүргийн малын үүлдэрлэг байдлыг хянан баталгаажуулахад болон импортлосон үржлийн мал, генетик материалд молекул биологийн шинжилгээ хийх.

            17.3.Энэ хуулийн 17.2-т заасан байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, орон тооны дээд хязгаар болон малын генийн үндэсний санд генетик нөөцийг байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

ТАВДУГААР БҮЛЭГ .

 

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

18 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

            18.1.Малын генетик нөөцийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүргийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлд малын генетик нөөцийн асуудал хариуцсан нэгж, сум, дүүрэгт нэгж, мэргэжилтэн тус тус хариуцан гүйцэтгэнэ. 

            18.2.Малын генетик нөөцийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн нэгж дараах үүргийг хэрэгжүүлнэ:

                        18.2.1.мал аж ахуйн чиглэлийн төр засгийн бодлого, шийдвэр, аймаг, нийслэлийн холбогдох хөтөлбөрийг сурталчлах, биелэлтэнд нь хяналт тавих, гүйцэтгэлийг дээд шатны байгууллагад тайлагнах;

                        18.2.2.орон нутгийн удирдлага, малын үржүүлэг, технологийн нэгж, малчин, мал бүхий этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

                        18.2.3.малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд технологийн хяналт тавих;

                        18.2.4.малын үржил, селекцийн технологит ажлын мэдээ, мэдээлэл, төрөөс олгож буй урамшуулалд хамрагдах малчин өрхийн мэдээллийг нэгдсэн санд хүргүүлэх;

            18.3.Малын генетик нөөцийн асуудал хариуцсан сум, дүүргийн нэгж, мэргэжилтэн дараах үүргийг хэрэгжүүлнэ:

                        18.3.1.мал аж ахуйн чиглэлийн төр засгийн бодлого, шийдвэр, сум, дүүргийн холбогдох хөтөлбөрийг сурталчлах, биелэлтэнд нь хяналт тавих, гүйцэтгэлийг дээд шатны байгууллагад тайлагнах;                    

                        18.3.2.сум, дүүргийн хэмжээнд малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах арга хэмжээг төлөвлөх, захиалга хийх, уг ажлыг гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллах, дүгнэх;

                        18.3.3.мал сүргийн оновчтой бүтэц, энэ хуулийн 9.2-т заасан харьцаа, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироонд хяналт тавих;

                        18.3.4.бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг батлуулж, малчин, мал бүхий этгээдтэй бэлчээр, хадлангийн ашиглалтын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;

                        18.3.5.малын үржил, селекцийн технологит ажлын мэдээ, мэдээлэл, төрөөс олгож буй урамшуулалд хамрагдах малчин өрхийн мэдээллийг гаргаж, аймаг, нийслэлийн малын генетик нөөцийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн нэгжид хүргүүлэх.

19 дүгээр зүйл.

Малын генетик нөөцийн Үндэсний хороо

           19.1.Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой салбарын болон салбар дундын бодлого, чиглэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар зөвлөгөө өгөх, тусгай зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтийг хянан үзэж дүгнэлт зөвлөмж гаргах зорилго бүхий орон тооны бус Үндэсний хороо /цаашид “хороо” гэх/  ажиллана.

           19.2.Хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулна.

           19.3.Хорооны гишүүнд төрийн улс төрийн болон төрийн тусгай албан хаагчийн нэрийг дэвшүүлэхгүй.

           19.4.Хорооны нарийн бичгийн дарга нь малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан байна.

           19.5.Хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

           19.6.Хорооны бүрэлдэхүүний 40 хүртэл хувийг 2 жил тутамд өөрчлөн томилж болно.

           19.7.Хороо нь дараах асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэгтэй:

                        19.7.1.бэлчээрийн уламжлалт мал аж ахуй болон хот суурингийн ойролцоох аж ахуйг бүсчилэн хөгжүүлэх зорилго, чиглэл;

                        19.7.2.малын генетик нөөцийн талаархи хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, түүнийг боловсронгүй болгох асуудал;

                        19.7.3.тухайн жилд импортлох генетик нөөц, нутагшуулах малын чиглэл, тоо хэмжээ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

БУСАД ЗҮЙЛ

20 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн үйл ажиллагааны санхүүжилт

            20.1.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

                        20.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

                        20.1.2.мал хамгаалах сангийн санхүүжилт;

                        20.1.3.бүсийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааны оролцооны санхүүжилт.

            20.2.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

                        20.2.1.малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, үндэсний генийн санг бүрдүүлэх, ажиллуулах;

                        20.2.2.малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, эрсдлийг үнэлэх;

                        20.2.3.цөм сүрэг болон хээлтүүлэгч малд үзлэг, ангилалтхийх, баталгаажуулах.

            20.3.Малын генетик нөөцийг хамгаалахтай холбогдсон дараах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

                        20.3.1.генетик нөөцийн биологийн ашигтшинж чанарыг бататган сайжруулах болон малыг хянан баталгаажуулах;

 

                        20.3.2.малын бэлчээр, хадлан, тэжээл, усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ;

 

                        20.3.3.малыг гардан маллаж, үүлдэрлэг байдлыг нь хадгалан хамгаалж, сайжруулж буй малчин өрхөд үзүүлэх дэмжлэг, урамшуулал.

21 дүгээр зүйл.

 Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            21.1.Малын генетик нөөцийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дараах хариуцлага хүлээлгэнэ:

                        21.1.1.энэ хуулийн 9.4.4-9.4.10, 9.5, 16.1.7, 16.1.8-д заасныг зөрчсөн иргэн, хуулийг этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

                        21.1.2.энэ хуулийн 12.1, 12.2-дзаасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

                        21.1.3.энэ хуулийн 13.6-д заасан мэргэжлийн ажил, үйлчилгээг үзүүлэх явцад  мал бүхий иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулсан буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг төлүүлэх;

                        21.1.4.энэ хуульд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд4 заасан шийтгэл ногдуулах;

                        21.1.5.малын генетик материалын дээж, сорьцыг устгасан иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учруулсан хохиролыг төлүүлэх. 

22 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

            23.1.Энэ хуулийг .. оны.. дүгээр сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.