Нийслэл хотын албан татварын тухай

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2014-12-30

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж

2.1. Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт албан татвар төлөгчөөс төлөх энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурьдсан утгаар ойлгоно.

  1.   " борлуулалт " гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1.-д заасаныг"
  2. " бараа " гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.2-т заасныг"
  3. " ажил гүйцэтгэх " гэж Иргэний хуулийн 343.1- д заасныг
  4. " үйлчилгээ " гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8.-д заасныг
  5. " хуулийн этгээд" гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-д заасан этгээдийг
  6. " нийслэл" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
  7. " эрүүл мэндийн үйлчилгээ" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг
  8. " боловсролын үйлчилгээ" гэж Боловсролын тухай хуулийн 18, 19-р зүйлд заасны дагуу байгуулагдсан боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг
  9. " төрийн байгууллагын үйлчилгээ" гэж төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын үйлчилгээг. Үүнд: Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна.

5 дугаар зүйл.

Нийслэл хотын албан татвар төлөгч, суутгагч

5.1. Нийслэл хотын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч \ цаашид " суутгагч" гэх \ байна

5.2. Суутгагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авч буй хувь хүн , хуулийн этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.

6 дугаар зүйл.

Суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах

6.1. Энэ хуулийн 5.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдийг харьяалах татварын алба нь татвар суутгагчаар бүртгэнэ.

6.2. Татвар суутгагч нь тухайн үйл ажиллагааг нэг жилээс дээш хугацаагаар эрхлэхгүй болсон нь орлогын албан татварын тайлангаар нотлогдсон тохиолдолд татвар суутгагчийн бүртгэлээс харьяалах татварын алба нь хасна.

7 дугаар зүйл.

Нийслэл хотын албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ

7.1. Энэ хуулийн 5.1-д заасан суутгагчийн тухайн нийслэлийн нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна.

8 дугаар зүйл.

Албан татвар тооцох үйлчилгээ

8.1. Албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.

8.2. Дараах тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба нь тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно.

  1. Борлуулан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй
  2. Бараа, ажил, үйлчилгээг харилцан солилцсон буюу арилжсан
  3. Харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсвэл бодит үнээс хямд буюу өндөр үнээр хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн
  4. Өр төлбөрийг бараа шилжүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх замаар хаасан

8.3. Албан татвар тооцох үнэлгээг гадаад вальютаар хийсэн бол гүйлгээ хийгдсэн өдрийн Монгол банкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.

9 дүгээр зүйл.

Нийслэл хотын албан татварын хувь хэмжээ

9.1. Тухайн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгийн 0-1.0 хувиар тооцож нийслэл хотын албан татварыг ногдуулна.

9.2. Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 9.1.-д заасан хязгаарт багтаан батална.

10 дугаар зүйл.

Нийслэл хотын албан татвараас чөлөөлөх

10.1.Эрүүл мэнд, боловсрол болон төрийн байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлнө. 

11 дүгээр зүйл.

Нийслэл хотын албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах

  1. Суутгагч нь нийслэл хотын албан татварын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана.
  2. Суутгагч нь тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа дараа улирлын эхний сарын 20-ны өдийн дотор харьяалах татварын албанд, нийслэлд бүртгэлгүй суутгагч бол нийслэлийн татварын албанд тус тус тушаана.
  3. Энэ хуулийн дагуу татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

12 дугаар зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

12.1. Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Татварын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

13.1. Энэ хуулийг 2015 оны ... дүгээр сарын ..-н өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.