Хог хаягдлын тухай

Шинэчилсэн найруулга (Хог хаягдлын цогц менежментийг бий болгох)
Өргөн барьсан: 2016-04-28

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

                     НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг багасгах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Б.Сувд vip76.mn

Монгол орон асар их хогны нөөцтэй боллоо Манай улс шиг хогон баялагаа ашиглаж чаддаггүй улс алга энэ хуулийг дэмжиж байна.

2015.08.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

12 дугаар зүйл.

Хог хаягдлын тухай хууль тогтоомж

2.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хог хаягдал” гэж хаясан этгээдэд дахин хэрэглэгдэхгүй болсон хатуу, шингэн, хийн төлөвтэй бодис, материал ба эд юмсыг;

3.1.2.“ахуйн хог хаягдал” гэж айл өрхөөс гарах хог хаягдал болон түүнтэй найрлага, бүтцийн хувьд ижил хог хаягдлыг;

3.1.3.“аюултай хог хаягдал” гэж хүн, амьтан, ургамлыг өвчлүүлэх, гэмтээх, тэдгээрийн үр удамд хор хөнөөл учруулах болон байгаль орчны хэвийн төлөв байдалд сөрөг нөлөөтэй хортой, идэмхий, исэлдүүлэгч, шатамхай, тэсэрч  дэлбэрэх аюултай, цацраг идэвхт, халдвартай шинж чанартай хатуу, шингэн, хийн хэлбэрийн хог хаягдлыг;

3.1.4.“аюултай хог хаягдлын менежмент” гэж аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, түр байршуулах, аюултай хог хаягдлын аюулыг саармагжуулах, устгах цогц арга хэмжээг;

3.1.5.“ландфиллийн арга” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр хог хаягдлыг аюулгүй аргаар булж, зөвхөн хөрсөөр үечлэн дарж устгах үйл ажиллагааг;

3.1.6.“нийлэг хальсан уут түүнтэй адилтгах эд зүйл” гэж баглаа боодолд хэрэглэх зориулалтаар химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, хөрсөн доор удаан задардаг нийлэг бүтээгдэхүүнийг;

3.1.7.“баглаа боодол” гэж түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг ороох, савлах зориулалттай нэг удаагийн хэрэглээний нийлэг хальсыг;

3.1.8.“хог хаягдал цуглуулах” гэж хог хаягдлыг устгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах зорилгоор эх үүсвэрээс төвлөрүүлэхийг;

3.1.9.“хог хаягдал ангилах” гэж хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах, устгах зорилгоор төрөлжүүлэн ялгахыг;

3.1.10.“хог хаягдал хадгалах” гэж хог хаягдлыг устгах, дахин ашиглах, сэргээн ашиглах зорилгоор зориулалтын цэгт түр байршуулахыг;

3.1.11.“хог хаягдал хадгалах зориулалтын цэг” гэж хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав, байгууламжийг;

3.1.12.“хог хаягдлын норматив” гэж нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үүсэх тухайн төрлийн хаягдлын тогтоосон хэм хэмжээг;

3.1.13.“аюултай хог хаягдлын бичиг баримт” гэж хог хаягдлын бүтцийн талаарх мэдээллийг агуулсан, ямар төрөл, аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг тогтоосон, түүнийг тээвэрлэх, хадгалах, устгах технологийг тусгасан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг;

3.1.14.“хог хаягдал багасгах” гэж бүтээгдэхүүний хийц загварыг өөрчлөх, технологийг сайжруулах, баглаа боодлыг өөрчлөх замаар бүтээгдэхүүнтэй холбоотойгоор үүсч болох хог хаягдлыг багасгах төлөвлөлт, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ болон хүмүүс үүсгэж буй хог хаягдлаа багасгахад нөлөөлөх амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөх үйл явцыг;

3.1.15.“дахивар нөөц” гэж анхны хэрэгцээт чанараа алдсан, эдийн засгийн шалтгаанаар болон технологийн хувьд дахин ашиглаж болохуйц, энэ хуульд заавал болон сайн дурын үндсэн дээр дахин ашиглах үүрэгтэй буюу боломжтой гэж заасан бодис, материалыг;

3.1.16.“хог хаягдал дахин ашиглах” гэж бодис, материал, нөөцийг анхны хэлбэрээр нь дахин ашиглах, эсвэл анхны ашиглалтын ихэнх хэлбэрийг давтан ашиглаж буй үйл явцыг;

3.1.17.“хог хаягдал сэргээн ашиглах” гэж хог хаягдлаас физик биологийн аргаар бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ явуулах, эрчим хүч гарган авах зэргээр дахин хэрэглээнд оруулахыг;

3.1.18.“хог хаягдал дахин боловсруулах” гэж хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг;

3.1.19.“дахиварын үйлдвэрлэл” гэж бодис, материал, нөөцийн анхны хэлбэрийг өөрчилж, түүнийг өөр төрлийн бодистой холих, химийн үйлчлэлд оруулах зэрэг аргаар шинэ бодис, материал, түлш, бордоо, амьтны тэжээл, дүүргэгч бодис болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн бусад бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрлэлийн үйл явцыг;

3.1.20.“дахивар бүтээгдэхүүн” гэж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд орсон түүхий эдийн тодорхой хувийг хог хаягдал дахин боловсруулах аргаар гарган авсныг;

3.1.21.“хог хаягдал устгах” гэж хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллөөс сэргийлэх зорилгоор ландфиллийн, биологийн болон физик-химийн аргаар боловсруулах, шатаах, савлаж хадгалахыг;

3.1.22.”булшлах” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж болзошгүй аюултай химийн болон цацраг идэвхт бодисыг саармагжуулсны дараа хадгалалтын явцад ууршиж, эсвэл газрын хөрсөнд шингэж бохирдуулахгүй байдлаар хамгаалж, газрын гүнд тусгайлан төхөөрөмжилсөн, бетонон хана бүхий цооногт удаан хугацаагаар битүүмжлэн дарж хадгалахыг.

3.1.23.“аж ахуй эрхлэгч” гэж эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу бүтээгдэхүүний загвар гаргах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдах, боловсрол олгох, судалгаа хийх, сургалт явуулах, зохион бүтээх, инженерийн шийдэл гаргах, зураг төсөл хийх, үйлчилгээ явуулах чиглэлээр ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага болон бусад байгууллагыг;

3.1.24.“байгаль орчны боловсрол” гэж байгаль орчныг хайрлан хамгаалах, зөв зохистой харьцах талаар иргэдийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, бага, дунд боловсролын хүрээнд байгаль орчныг хамгаалах сургалт явуулах төрөл бүрийн арга хэлбэрийг;

3.1.25.“байгаль орчны боловсролын байгууллага” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны асуудлаар зөвлөгөөн, байгаль орчны боловсролын ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах эрх олгогдсон боловсролын, аж ахуйн болон бусад байгууллагыг;

3.1.26.“тогтоосон цэвэрлэх талбай” гэж байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, дахивар нөөцийг ангилах зэрэг зориулалтаар ашиглахын тулд эрх бүхий байгууллагаас тусгайлан тогтоосон эдэлбэр газар, талбайг;

3.1.27.“бүтээгдэхүүн” гэж бүтээгдэхүүний баглаа боодол, бүтээгдэхүүний биет хэсгийг хамтад нь;

3.1.28.“бүтээгдэхүүний дэвшилтэт схем” гэж тухайн бүтээгдэхүүнд ашиглах түүхий эд, үйлдвэрлэлийн технологийн сонголт болон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх, түүнийг хэрэглэсний дараа гарах хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлыг багасгах, сэргээн хэрэглэх, хоргүйжүүлэх, зайлуулах, хаях зэрэг бүтээгдэхүүний амьдралын тойргийн бүхий л шатанд хариуцлагатай, байгальд ээлтэй шийдлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зөвлөмжийн дагуу буюу эсхүл түүнээс өндөр хэмжээнд төлөвлөж, хэрэгжүүлэх үйл явцыг;

3.1.29.“хог хаягдлын төлбөр хураагч” гэж энэ хуульд заасны дагуу томилогдсон төлбөр хураагчийг;

3.1.30.“зайлуулагдах материал” гэж хор аюулыг нь саармагжуулж багасгах боломжтой, технологийн түвшин болон санхүүгийн дутагдлаас болж дахин ашиглагдаагүй буюу боловсруулагдаагүй, эсвэл хог хаягдал болж өмчлөлөөс хасагдаагүй, устгагдаагүй боловч эдийн засгийн ашиг олох зорилгоор хэрэглэгдээгүй байгаа аливаа нөөц, бодис, материал хүчиллэг урсац, хаягдал чулуулгийн овоолгыг;

3.1.31.“оператор” гэж тогтоосон цэвэрлэх талбай болон аливаа бусад цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулагчийг;

3.1.32.”саармагжуулах” гэж аюултай хог хаягдлын шинж чанар, агуулгыг физик, хими, микробиологийн үйлчлэлд оруулж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөллийг арилгахыг;

3.1.33.“цэвэрлэх” гэж байгальд ээлтэй буюу хоргүй хэлбэрээр хог хаягдлыг зайлуулахын тулд түүнийхэмжээ, шинж чанар, агуулгыг өөрчлөх, физик, биологийн үйлчлэлд оруулахыг хэлнэ. Хог хаягдлыг усанд уусгах, агаарт хийсгэх, тараан байрлуулахыг цэвэрлэх үйлдэлд тооцохгүй.

4 дүгээр зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт үүссэн хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна.

5 дугаар зүйл.

Хог хаягдлыг өмчлөх эрх

5.1.Хог хаягдлыг үүсгэгч этгээд түүнийг өмчлөх эрхтэй.

5.2.Хог хаягдлыг өмчлөх эрх гэрээний үндсэн дээр шилжиж болно.

5.3.Энэ хуульд заасны дагуу хог хаягдлыг хаяснаар хог хаягдлыг өмчлөх тухайн этгээдийн эрх дуусгавар болж, хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, дахивар нөөц цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөх эрх үүснэ.

5.4.Аюултай хог хаягдлыг өмчлөгч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн бол энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, аюултай хог хаягдлын улсын бүртгэлд бүртгүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ

6 дугаар зүйл.

Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Хог хаягдлын талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах, саармагжуулах, хаях, устгах, дахиварын үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

6.1.2.хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, дахиварын үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

6.1.3.Засгийн газраас өргөн мэдүүлснээр улсын төсөвт хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, саармагжуулах, хаях устгах, дахивар нөөц бүрдүүлэх, дахиварын үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэхтэй холбоотой зардлыг тусгаж батлах.

7 дугаар зүйл.

Засгийн газрын бүрэн эрх

7.1.Хог хаягдлын талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.хог хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

7.1.2.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

7.1.3.хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тооцох аргачлалыг батлах;

7.1.4.хог хаягдлын норматив тогтоох аргачлалыг батлах;

7.1.5.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, саармагжуулах, цэвэрлэх, устгах үйл ажиллагаа, хог хаягдлын байгууламжийн хөрөнгө оруулалтыг хүн ам, эдийн засгийн байдлыг харгалзан хүртээмжтэй хуваарилж, батлуулах;

7.1.6.хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, саармагжуулах, хаях устгах, дахин боловсруулах менежментийг сайжруулах, дахиварын болон байгаль орчны боловсролын үндэсний хөтөлбөр батлах, дэмжлэг үзүүлэх;

7.1.7.аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон болон уг үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох журам батлах;

7.1.8.аюултай хог хаягдлыг төвлөрүүлэн булшлах, хадгалах байгууламжийг бүсчилж, нэр төрлөөр байгуулах байршлыг тогтоох;

7.1.9.төрийн тусгай хэрэгцээний газарт хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;

7.1.10.байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн дахивар нөөцийн анхан шатны худалдан авалтын жишиг үнийг тогтоох;

7.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл.

Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Хог хаягдлын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хог хаягдлын талаарх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөө батлах;

8.1.2.хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам батлах;

8.1.3.хог хаягдлын талаарх улсын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх

8.1.4.аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, булшлах, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

8.1.5.хог хаягдлын төвлөрсөн болон дэд байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

8.1.6.хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн стандартыг батлуулж, үйлчилгээний горим батлах;

8.1.7.эх үүсвэрээс гарах хог хаягдлын хор аюулын зэрэглэл тогтоож, кодчилсон жагсаалт батлах;

8.1.8.аюултай хог хаягдлын бүртгэл болон тайлангийн маягт батлах;

8.1.9.энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үлгэрчилсэн журам батлах;

8.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

8.2.Хог хаягдал болон хог хаягдлын хяналт шинжилгээний талаар зам тээвэр, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.зам, барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, зайлуулах, устгах журам баталж, нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжилтийг хангуулах;

8.2.2.энэ хуулийн 7.1.3, 7.1.4-т заасан аргачлалын дагуу барилгын хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;

8.2.3.барилгын хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

8.2.4.энэ хуулийн 8.1.2-т заасан журмын дагуу барилгын хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх;

8.2.5.зам тээврийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий тусгай бүсийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, зайлуулах гэрээг аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулж гүйцэтгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, нутаг дэвсгэрт хуваарилж үйлчлүүлэх журам баталж, мөрдүүлэх;

8.3.Хог хаягдал болон хог хаягдлын хяналт шинжилгээний талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1.эмнэлгийн аюултай хог хаягдлыг цуглуулах, түр хадгалах, тээвэрлэх, устгах аргачлалыг шаардлагатай тохиолдолд төрөл тус бүрээр баталж, мөрдүүлэх;

8.3.2.энэ хуулийн 7.1.3, 7.1.4-т заасан аргачлалын дагуу эмнэлгийн хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;

8.3.3.эмнэлгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

8.3.4.энэ хуулийн 8.1.2-т заасан журмын дагуу эмнэлгийн аюултай хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх

8.4.Хог хаягдлын талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.4.1.харьяа нэгж, байгууллагынхаа хог хаягдлын менежментийг хариуцаж, хяналт тавих;

8.4.2.үндэсний байгаль орчны боловсролын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран оролцох, дэмжлэг үзүүлэх;

8.4.3.хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах талаарх дэвшилтэт технологи, арга зүйн талаар судалгаа шинжилгээний ажил хийж, зөвлөмж боловсруулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

8.5.Хог хаягдлын талаар батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.5.1.харьяа нэгж, байгууллагынхаа хог хаягдлын менежментийг хариуцаж, хяналт тавих;

8.5.2.харьяа нэгж, байгууллагад үүссэн болон цэргийн зориулалтаар ашиглаж байсан газарт үлдсэн галт зэвсэг, сум, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис, тэдгээрийн үлдэгдлийг аюулгүй болгох, саармагжуулах, зайлуулах, цуглуулах, устгах журам баталж, мөрдүүлэх;

8.5.3.энэ хуулийн 8.1.2-т заасан журмын дагуу хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.

8.6.Хог хаягдлын талаар аж үйлдвэр, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.6.1.харьяа нэгж, байгууллагынхаа хог хаягдлын менежментийг хариуцаж, хяналт тавих;

8.6.2.үйлдвэр, уул уурхайн хог хаягдлыг саармагжуулах, аюулгүй болгох, устгах аргачлалыг баталж, мөрдүүлэх;

8.6.3.үйлдвэрлэлийн болон уурхайн зайлуулагдах материалыг хадгалах, саармагжуулах, аюулгүй болгох, дахин боловсруулах, хог хаягдалд шилжүүлэх аргачлалыг баталж, мөрдүүлэх;

8.6.4.үйлдвэрийн хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

8.6.5.дахиварын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 30.9-д заасан хязгаарлалтын хүрээнд олгох;

8.6.6.энэ хуулийн 8.1.2-т заасан журмын дагуу үйлдвэрийн хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх

9 дүгээр зүйл.

9.1.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.2.Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамж, нүхэн жорлон хэрэглэдэг хуулийн этгээд, айл өрхөд ногдох хөрсний бохирдлын төлбөрийн хэмжээг тогтоох;

9.1.3.хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдсон орон нутгийн хөтөлбөрийг батлах, биелэлтэд хяналт тавих;

9.1.4.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа болон төрийн өмчит хог хаягдлын төвлөрсөн болон дэд байгууламжийг санхүүжилтээр дэмжих;

9.1.5.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн журамд нийцүүлэн энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах журам баталж мөрдүүлэх;

9.1.6.энгийн хог хаягдлыг хадгалах, булшлах, устгах төвлөрсөн байгууламжийн байршлыг тогтоох;

9.1.7.бүрэн эрхийн хүрээнд хог хаягдал хадгалах зориулалтын цэг, хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн байршил тогтоохтой холбоотой асуудлыг орон нутгийн иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангах;

9.1.8.бохир ус, шингэн хог хаягдлыг цэвэрлэх төвлөрсөн байгууламжийн болон түүний лагийг булшлах газрын байршлыг барилгын норм,  дүрэм, холбогдох стандартыг үндэслэн барилга, хот төлөвлөлт, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоох;

9.1.9.эмнэлэгийн хог хаягдал, үхсэн мал, амьтны сэг зэмийг зайлуулах, түр хадгалах, булшлах байршлыг тогтоох;

9.1.10.хог хаягдал төвлөрүүлэх байгууламжийн техникийн хүчин чадал хүрэлцэхгүй, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг төвлөрүүлэх байгууламжийн байршлыг тогтоох;

9.1.11.ахуйн гаралтай олон төрлийн хортой, аюултай бодис, материал, эмнэлгийн бус нөхцөлд хугацаа дууссан эм, тариа зэрэг хог хаягдлыг бүсийн аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжид хүргэх хүртэлх хугацаанд түр хадгалах аж ахуйн нэгж, байгууллага, байршлыг тогтоох;

9.1.12.энэ хуулийн 9.1.11-т заасан аж ахуйн нэгж, байгуулага нь дээрх хог хаягдлыг аюулгүй хадгалах мэргэжлийн боловсон хүчин, тусгай тоног төхөөрөмж, байртай байна.

9.1.13.аймаг, нийслэлийн хог хаягдлын менежментийн сан байгуулах, түүний дүрмийг баталж, мөрдүүлэх;

9.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.2.Хог хаягдлын талаар сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 9.1.6-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

9.3.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1.хог хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

9.3.2.хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбоотой орон нутгийн хөтөлбөрийн биелэлтийг хангах;

9.3.3.баталсан журмын дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тоо бүртгэл хөтлөх;

9.3.4.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалтыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

9.3.5.энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах болон байгууламжийн операторын үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах;

9.3.6.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдал цуглуулах цэгийн байршлыг тогтоох;

9.3.7.хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилуулах, дахивар нөөцийн менежментийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

9.3.8.энгийн хог хаягдал сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

9.3.9.үйлдвэрийн хог хаягдлыг саармагжуулах байгууламжийн байршлыг тогтоох;

9.3.10. аймаг, нийслэлийн хог хаягдлын менежментийн санг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагаас баталсан дүрмийн дагуу бүрдүүлэх, тус дүрмээр олгосон эрхийн дагуу зарцуулж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавих;

9.3.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9.4.Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга, хот, тосгоны Захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.4.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

9.4.2.сум, дүүрэг, хот тосгоны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдлыг төвлөрүүлэх, цуглуулах цэгийн байршлыг тогтоох;

9.4.3.энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах;

9.4.4.энэ хуулийн 9.4.3-т заасны дагуу сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

9.4.5.дахивар нөөцийг төвлөрүүлэн ангилах, дахиварын үйлдвэрийн байршлыг тогтоох;

9.4.6.нийтийн эзэмшлийн газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх;

9.4.7.иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

9.4.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.5.Хог хаягдлын талаар баг, хорооны Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.5.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

9.5.2.хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажилд иргэдийг татан оролцуулах;

9.5.3.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих;

9.5.4.төв суурингаас алслагдсан хэсэг, бүлэг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал хадгалах түр цэгийг тогтоож, хог хаягдлын гэрээ байгуулж, хяналт тавих;

9.5.5.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх хуваарийг тээвэрлэгч байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

9.5.6.иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг багасгах, ангилах, дахин боловсруулах үйл ажиллагааны талаар сурталчлах, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

9.5.7.иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа зориулалтын цэгт ангилан хаяж байгаа эсэхэд хяналт тавих, дахивар нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.

10 дугаар зүйл.

Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүрэг

10.1.Хог хаягдлын талаар иргэн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

10.1.1.хог хаягдлаа ангилж хадгалах зориулалтын савтай байх;

10.1.2.хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, ангилж, зориулалтын цэгт хаях;

10.1.3.энэ хуульд заасан журмын дагуу олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардах;

10.1.4.үүссэн аюултай хог хаягдал, түүний эх үүсвэрийн талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх;

10.1.5.ил задгай хог хаягдал шатаахгүй байх

10.1.6.ахуйн гаралтай олон төрлийн аюултай хог хаягдлыг уг хог хаягдлыг цуглуулах эрх бүхий байгууллага, тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;

10.1.7.хог хаягдлын хураамж, энэ хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хөрсний бохирдлын төлбөр төлөх

10.1.8.байгаль орчны боловсролоо байнга дээшлүүлэх;

10.1.9.хуульд заасан бусад эрх, үүрэг.

10.2.Хог хаягдлын талаар аж ахуйн нэгж, байгууллага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

10.2.1.хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

10.2.2.хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах арга, технологийг нэвтрүүлэх;

10.2.3.үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч хог хаягдлыг хог хаягдал хадгалах зориулалтын цэгт ангилан хаях, хог хаягдлын талаарх мэдээллийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад үнэн зөв мэдээлэх;

10.2.4.хог хаягдлын талаарх дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж ажиллах;

10.2.5.хог хаягдлыг ангилан хаях, саармагжуулах талаар зохих мэдлэгийг байгууллагын ажилтнуудад эзэмшүүлж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах;

10.2.6.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

10.2.7.аюултай хог хаягдлыг бусад төрлийн хог хаягдалтай хамт хадгалахгүй, энгийн хог хаягдалтай хамт тээвэрлүүлэхгүй байх;

10.2.8.хог хаягдлыг ангилж, зориулалтын саванд хийж, зориулалтын хог хаягдлын цэгт хаях;

10.2.9.ил задгай хог хаягдал шатаахгүй байх;

10.2.10.аюултай хог хаягдлыг аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэгт хүргүүлэх;

10.2.11.хог хаягдлын хураамж, энэ хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хөрсний бохирдлын төлбөр төлөх;

10.2.11.байгууллага, хамт олныхоо байгаль орчны боловсролын дээшлүүлэх арга хэмжээ авах;

10.2.12.хуульд заасан бусад эрх, үүрэг.

10.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах үүрэгтэй.

10.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, өмчлөлийн барилга барих, буулгах, засварлах тохиолдолд гарах хог хаягдлыг хаях талаар урьдчилан гэрээ байгуулан зохих төлбөрийг төлсний үндсэн дээр хог хаягдлыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлнэ.

10.5.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эдгээр үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Хог хаягдлын мэдээлэл, тайлан, зөвлөх зөвлөл, хяналт

11 дүгээр зүйл.

Мэдээллийн нэгдсэн сан

11.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг хог хаягдлын мэдээллийн сантай байна. Энэхүү мэдээллийн санд аюултай болон үйлдвэрийн хог хаягдлын байршил, газар дор байрлах, хуримтлагдсан лагийг цэвэрлэхгүйгээр булшилсан бохирын цооног, ашиглагдаж буй цэвэрлэх байгууламж, газарт булагдсан, усны эх үүсвэрт ойр байрлах нүхэн жорлонгийн байршлыг газар зүйн мэдээллийн сангийн зурагт тэмдэглэн тогтмол шинэчилж хадгалах ба орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, ирээдүйн бүтээн байгуулалтын шийдвэрт нөлөө үзүүлэх мэдээлэл, хог хаягдлын болон дахивар нөөцийн менежментийг тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг цаг тухайд нь шинэчилж хадгална.

11.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын талаар тайлан, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд баг, хорооны Засаг даргад хүргүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан мэдээллийн сан нь хог хаягдлыг төрлөөр нь ангилсны үндсэн дээр дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах түүхий эд, дулаан, эрчим хүч гаргах эх үүсвэр болгох үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг агуулсан байна.

11.4.Энэ хуульд  заасан мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх, мэдээллээр бусдад үйлчлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.5.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах мэдээ, тайланг гаргах, нэгтгэх, нийтэд мэдээлэх тухай тусгай журмыг баталж мөрдүүлнэ:

11.5.1.хог хаягдлын байгууламжийн операторын гаргах тогтмол болон шуурхай мэдээлэл;

11.5.2.хог хаягдлын үйлчилгээний хураамж, хөрсний бохирдлын хураамжийн тухай болон олсон орлогын зарцуулалтын тухай тайлан;

11.5.3.хог хаягдлын менежмент, хог хаягдлыг багасгах талаарх ахиц, дэвшлийн тухай тайлан, мэдээ;

11.5.4.хог хаягдалтай холбоотойгоор байгаль орчны төлөв байдлын тайлан;

11.5.5.хог хаягдлын дэд бүтэц, байгууламжийг сайжруулах хэрэгцээг тогтоосон мэдээ, тайлан;

11.5.6.хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар нөөц бүрдүүлэх, дахиварын үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр үзүүлсэн болон санхүүжүүлсэн үйлчилгээний тайлан;

11.5.7.төрийн байгууллага, боловсролын байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар дахивар бүтээгдэхүүн худалдан авсан тухай жилийн тайлан;

11.6.Энэ хуулийн дагуу тайланг төрийн байгууллагад ирүүлэхийн өмнө мэдээ, тайлан гаргах үүрэг бүхий этгээд дараах арга хэмжээг авна:

11.6.1.хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөлийн зөвлөмж, зөвлөгөөг авах, эсхүл мэдээ тайлан гаргах сургалтад хамрагдах;

11.6.2.мэргэжлийн статистикчийн зөвлөгөө авах.

12 дугаар зүйл.

Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөл

12.1.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөлийг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын дэргэд тэдгээрийн томилсноор 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

12.2.Эрх бүхий албан тушаалтан хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөлийн гишүүдийг жил бүрийн 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор томилох үүрэгтэй.

12.3.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөл нь орон тооны бус байна. Зөвлөх зөвлөлийг байгуулсан эрх бүхий албан тушаалтан тус зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх эрхтэй. Гишүүнийг чөлөөлөх тухай шийдвэрийг нэг сараас доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэж, чөлөөлөх болсон шалтгааныг дурдана.

12.4.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөлийн гишүүдийн тавиас доошгүй хувь нь байгаль орчин, хог хаягдал, дахивар нөөц, эрүүл мэнд, боловсролын талаар мэргэжил эзэмшсэн, эсхүл сургалтад хамрагдсан хувь хүн байна.

12.5.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөл дараах эрх, үүрэгтэй:

                    12.5.1.төрийн байгууллагад энэ хуулийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь зөвлөн туслах;

              12.5.2.хог хаягдлын менежментийн талаар дэвшилтэт мэдээлэл, технологийн судалгаа тогтмол хийж, ногоон хөгжлийн мэдээллийн эх сурвалж байх;

12.5.3.хог хаягдлын асуудлаар иргэд, байгууллагын ажлын үнэлгээг дүгнэхэд санал хүргүүлэх;

12.5.4.хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар нөөц бүрдүүлэх, дахиварын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой төсөлд үнэлгээ, зөвлөмж өгөх;

12.5.5.хог хаягдлын менежментийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж гаргах.

12.6.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөлүүдийн хамтын ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх зөвлөх зөвлөл зохицуулна. Зөвлөх зөвлөлүүд тэргүүн туршлага, мэдээллээ шуурхай солилцоход зориулсан нэгдсэн цахим хуудастай байна.

13 дугаар зүйл.

Хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт

13.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

13.2.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэртээ хог хаягдлын тухай хууль тогтоомжоор тогтоосон захиргааны үүргийн биелэлтэд хяналт тавих олон нийтийн байцаагчийг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан олон нийтийн байцаагч ажиллуулах, түүнд мөнгөн урамшуулал олгох асуудлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн дагуу зохицуулна. Мөн олон нийтийн байцаагчийн ажлын үр дүнг үндэслэн хог хаягдлын менежментийн сангаас урамшуулал олгож болно.

13.4.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодитой мэдээлэл дамжуулсан иргэнийг урамшуулна. Эрх бүхий албан тушаалтан мэдээлэгчийн нууцыг хадгалах арга хэмжээ авах, урамшуулал олгох асуудлыг тухайн шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй.

14 дүгээр зүйл.

Хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд учрах хохирлоос урьдчилан сэргийлэх

14.1.Хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан, учруулж болзошгүй байдал бий болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллага аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад шуурхай арга хэмжээ авахыг шаардсан мэдэгдэл хүргүүлнэ.

14.2.Мэдэгдэл дараах агуулгатай байна:

14.2.1.арга хэмжээ ямар орон зайд хамаарах;

14.2.2.цэвэрлэх, тээвэрлэх, булшлах шаардлагатай хог хаягдлын талаарх мэдээлэл;

14.2.3.авахуулах арга хэмжээний талаарх санал,

14.2.4.өмнөх мэдэгдлийн дагуу хариу арга хэмжээ авсан эсэх;

14.2.5.мэдэгдэл гаргаж буйэрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтны талаарх мэдээлэл;

14.3.Энэ хуулийн 14.1-т заасан мэдэгдлийг хүлээн авсан бүх шатны Засаг дарга дараах арга хэмжээ авах үүрэгтэй:

14.3.1.хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, булшлах арга хэмжээ авах;

14.3.2.шаардлагатай гэж үзвэл хог хаягдлыг цуглуулах үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүндчиглэл өгөх, үйл ажиллагаанд хяналт тавих;

14.4.Мэдэгдлийн дагуу зохих байгууллага, албан тушаалтан арга хэмжээ аваагүйгээсхүний эрүүл мэнд, байгаль орчинд учрах аюул хурдацтай нэмэгдэж болзошгүй тохиолдолдмэдэгдэл хүргүүлсэн эрүүл мэндийн байгууллага хог хаягдлыг цуглуулах,зайлуулах ажлыг удирдан зохион байгуулж болно. Энэ тохиолдолд холбогдох зардлыг аймаг, нийслэлийн төсөв, хог хаягдлын менежментийн сангаас гаргуулж авах эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ХОГ ХАЯГДАЛ ХАЯХ, ЗАЙЛУУЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ, БУЛШЛАХ

15 дугаар зүйл.

Хог хаягдал хаях, устгах, булшлах байршлыг тогтоох, түүнд тавигдах шаардлага

15.1.Энэ хуульд заасан эрх бүхий байгууллага нь энгийн болон эмнэлгийн хог хаягдал хаях байршлыг тухайн орон нутгийн ерөнхий төлөвлөгөө, иргэдийн санал, мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тогтооно.

15.2.Хог хаягдал хаях байршлыг хэд хэдэн аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран тогтоож болно. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагчдыг төлөөлж ажиллах операторыг хамтран сонгон шалгаруулан томилж, үйл ажиллагааны төлбөр зардлын хэмжээг хамтран гэрээгээр тогтооно. Уг гэрээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

15.3.Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үүссэн, тухайн орон нутгийн хог хаягдал байршуулах тусгай цэг, төвлөрсөн байгууламжийн  багтаамж, хүчин чадлаас хэтэрсэн их хэмжээний хог хаягдлыг түр байршуулах шинэ байршлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

15.4.Бүх шатны Засаг дарга нь иргэд, зорчигчид, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдал хаях цэг бүрт хог хаягдал цуглуулах болон дахивар нөөц хүлээн авах савыг хүртээмжтэй тоогоор байрлуулна. Эдгээр сав нь тухайн байршилд хүрч үйлчилдэг ачиж буулгах, тээвэрлэх технологид нийцсэн даац, хэмжээ, хийцтэй, орон нутаг, оршин суугчдын хэрэглээнээс гардаг дахиварыг ялгаж авах боломжтой байна.

15.5.Энэ хуулийн 15.4-д заасан шаардлагад нийцээгүй хог хаягдлын сав худалдан авалтыг төсвийн хөрөнгөөр болон хандив тусламжаар санхүүжүүлэхийг хориглоно.

15.6.Энгийн хог хаягдал хаях байршилд дараах үйл ажиллагааг хориглоно:

15.6.1.шүлс, хоол, хүнсний зүйл асгах, тамхины иш зэргийг хаях;

15.6.2.хог хаягдал хаях цэгийн орчинд байрлах үл хөдлөх хөрөнгийг бохирлох, устгах, гэмтээх;

15.6.3.халуун үнс, нурам, химийн болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис бүхий хог хаягдал, ахуйн болон үйлдвэрлэлийн аюултай, эмнэлгийн хог хаягдал хаях;

15.6.4.зориулалтын бус газарт бие засах;

15.6.5.үерийн ус зайлуулах сувагт хог хаягдал хаях;

15.6.6.хашаа, хана, барилгаар хангалттай сайн тусгаарлагдаагүй хог хаягдал хаях цэгийн орчим мал хариулах, тэжээвэр амьтан салхилуулах;

15.6.7.үл хөдлөх байршилд орчныг бохирдуулах зарлал наах, будаг будах, ил гал гаргах.

15.7.Арилжааны зорилгоор энгийн хог хаягдлаас дахивар цуглуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дахиварын төрөл, цуглуулах хүчин чадал, хэмжээнээс шалтгаалан дахивар төвлөрүүлэн хадгалах, цуглуулах байршлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, дахивар нөөц цуглуулах, хадгалах цэгийн хаягийг мэдээллийн санд оруулна.

15.8.Эрх бүхий байгууллага нь өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт дахиварыг бүх төрлөөр цуглуулах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих замаар хаях, зайлуулах, устгах хог хаягдлыг багасгах үүрэгтэй.

16 дугаар зүйл.

Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглох газар

16.1.Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглоно.

17 дугаар зүйл.

Энгийн хог хаягдал хаях, зайлуулах

17.1.Хот, тосгон, суурин газарт оршин суугч, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага дор дурдсан байдлаар хог хаягдлаа хаяна:

               17.1.1.айл өрх, оршин суугч нь орон нутгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх байгууллагаас баталсан цагийн хуваарийн дагуу тогтоосон байршилд хог хаягдлаа гаргаж өгөх, тусгай хог хаягдлын болон дахивар цуглуулах бункер буюу хонгилд хог хаягдлаа ангилан үлдээх;

                    17.1.2.аж ахуйн нэгж, байгууллага орон нутгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх байгууллагатай байгуулсан гэрээгээр тохиролцсон хугацаанд хог хаягдал хадгалах, дахивар нөөц ангилах зориулалтын түр цэгт хог хаягдлаа хаях;

17.2.Нийтийн эзэмшлийн газарт үүссэн хог хаягдлыг дараах дор дурдсан байдлаар зайлуулна:

17.2.1.нийтийн эзэмшлийн газарт үүссэн хог хаягдлыг уг газар, байшинг өмчлөгч, менежер буюу эсхүл ашиглагч;

17.2.2.барилга, байгууламжтай зэргэлдээ орших явган хүний зам, талбай дахь хог хаягдлыг уг байшингийн эзэн, менежер, эсхүл тухайн барилга, газрыг ашиглагч;

17.2.3.тусгай зориулалтаар ашиглаж буй зам талбайд үүссэн хог хаягдлыг тухайн зам, талбайг ашиглагч;

17.2.4.гал түймэр зэрэг гэнэтийн осол гамшигаас барилга, гэр байшинд үүссэн хог хаягдлыг тухайн өмчийн эзэн зайлуулна. Хэрэв зайлуулахад эзний хүчин чадал үл хүрэлцэхээр бол тухайн шатны засаг захиргааны байгууллага дэмжлэг үзүүлж болно.

17.2.5.ердийн журмаар буулгасан барилгаас үүсэх хог хаягдлыг тус барилгын эзэн, менежер, эсхүл ашиглагч;

17.2.6.нийтийн эзэмшлийн зам талбайд мал, тэжээвэр амьтны үүсгэсэн бохирдлыг тэдгээрийн эзэн;

17.2.7.бохирын цооногт үүссэн лаг, бөөгнөрөлийг тус цооногийн өмчлөгч, менежер, эсхүл ашиглагч, ашиглагчдын томилсон этгээд;

17.2.8.нийтийн өмчлөлийн зам, үерийн хамгаалалтын жалга, сувгийг  захад байрлах байшингуудаас хоёр тал руу тус бүр дөрвөн метрийн зайд бүхэлд нь хэмжин энэхүү нийт талбайг тухайн залгаа байрлах байшинд оршин суух айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн эзэмшлийн талбайтай хувь тэнцүү хувааж цэвэрлэнэ

17.2.9.хээрийн замын дагуу, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүс болон бусад нийтийн эзэмшлийн хээрийн бүсэд үүссэн хог хаягдлыг хариуцаж цэвэрлэх этгээдийг тухайн сум, дүүргийн Засаг дарга томилж, гэрээ байгуулна.

17.3.Энэ зүйлд дурдаагүй бусад нийтийн эзэмшлийн газарт үүссэн энгийн хог хаягдлыг хэрхэн зайлуулахыг тухайн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

17.4.Нийтийн эзэмшлийн зам талбай, байгууламжид нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагч нь хог хаягдал, дахивар цуглуулах, тээвэрлэх, хаях, бэлтгэн нийлүүлэх, нийтийн бие засах үйлчилгээ зохион байгуулах болон уг арга хэмжээний дараах цэвэрлэгээнд гарах зардлыг бүрэн хариуцна.

18 дугаар зүйл.

Үйлдвэрийн хог хаягдал хаях, зайлуулах

18.1.Энгийн хог хаягдал, шууд цуглуулж болох дахивараас бусад үйлдвэрийн хог хаягдлыг дараах байдлаар зайлуулна:

18.1.1.үйлдвэрлэгч дангаараа үйлдвэрийн хог хаягдлын хорыг саармагжуулан цэвэрлэж, төвлөрсөн хог хаягдлын цэгт тээвэрлүүлэхээр зохих зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгжтэй гэрээ байгуулж зайлуулах;

18.1.2.эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр тогтоосон цэгт үйлдвэрийн хог хаягдлын хорыг саармагжуулах, улмаар энгийн хог хаягдлын байгууламжид нийлүүлэхээр шилжүүлэх;

18.1.3.үйлдвэрийн хог хаягдал цэвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгжээр гэрээгээр цэвэрлүүлж зайлуулах. Үйлдвэрийн хог цэвэрлэж зайлуулах гэрээг хийхдээ тухайн аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг цэвэрлэх мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжтэй эсэх, хог хаягдлын байгаль орчинд учруулах хор хөнөөлийг саармагжуулах чадавхтай эсэх, эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авсан эсэхийг харгалзах;

18.1.4.эдийн засгийн ач холбогдол нь тодорхойгүй байгаа зайлуулагдах материалыг тусгаарлан хадгалах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эсхүл үйл ажиллагааг зохих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх;

18.1.5.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн бусад арга хэлбэрээр.

18.2.Үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, саармагжуулах, зайлуулах үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөтэй, тус менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагааг эрхлэх боловсон хүчин, тоног төхөөрөмж, өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, хог хаягдлын бүртгэлийн нэгдсэн системтэй байна.

18.3.Хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллага хамтарч цэвэрлэгээ, саармагжуулалт хийх бол үйл ажиллагааны бүртгэлийг аль нэг аж ахуйн нэгж, байгууллага дээр тогтмол хөтөлж, бусад хамтрагчид хувийг гарган өгнө.

18.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, саармагжуулах, зайлуулах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлд тусгасан мэдээллийн дагуу тогтмол хугацаанд байгаль орчинд учирч буй нөлөөллийн үнэлгээ хийж, тулгарч буй асуудлыг судлах, аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, мэдээлэл, зөвлөмжөөр хангах, тоног төхөөрөмжийн хангалт, менежментийн төлөвлөгөөг сайжруулахад нь дэмжлэг үзүүлж, байгаль орчинд хоргүй болон хор багатай үйл ажиллагаа явуулахад нь чиглүүлж ажиллана.

18.5.Үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэрээт аж ахуйн нэгж, байгууллага үүргээ биелүүлээгүй, гэрээний маргаан үүссэн бол тухайн маргааны явцад болон хог хаягдал зайлуулах тогтвортой гэрээт үйл ажиллагаа дахин эхэлж жигдрэх хүртэл байгальд учрах гэм хороос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйлдвэрлэгч өөрөө авч хэрэгжүүлэх, үйлдвэрийн хог хаягдлаа өөрөө саармагжуулах, цэвэрлэх үүрэгтэй

18.6.Аж үйлдвэр, уул уурхай, барилга, томоохон цар хүрээтэй хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө өөрийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг багасгах, хаях, цуглуулах, зайлуулах, дахин боловсруулах талаар төлөвлөгөө гаргаж, орон нутгийн эрх бүхий байгууллагаар батлуулна. Төлөвлөгөөний биелэлтийн талаар бүртгэл хөтлөн хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээ авна.

19 дүгээр зүйл.

Ахуйн гаралтай олон нэр төрлийн хортой, аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, хаях

19.1.Зай, компьютер, электроникийн эд анги, мөнгөн ус агуулсан гэрэлтүүлэг, химийн бодис, шатах хийн сав, эм, тариа, эмнэлгийн хог хаягдал, хортой бодисын баглаа боодол, нефть бүтээгдэхүүний хаягдал зэрэг ахуйн гаралтай, байгаль орчинд хортой, олон нэр төрлийн бага хэмжээтэй аюултай хог хаягдлыг иргэд, өрх, байгууллагаас цуглуулах, хадгалах, тусгай цэгт технологийн дагуу хүргэх үйл ажиллагаа явуулах эрхийг эдгээр төрлийн бодис материалтай харьцах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсөн сургалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагад аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олгоно.

19.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь олон нэр төрлийн хортой, аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдлын бункер болон байршилд хаяхыг хориглоно.

19.3.Олон нэр төрлийн хортой, аюултай хог хаягдлыг зөвхөн тэдгээр төрлийн хог хаягдлыг хүлээж авах цэгт хүргэж өгөх, эсхүл энэ төрлийн хог хаягдал цуглуулах хуваарийн дагуу хүлээлгэн өгнө.

20 дугаар зүйл.

Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх

20.1.Энгийн хог хаягдал, саармагжуулсан үйлдвэрийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сонгон шалгаруулалтад шалгарч, сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлнэ.

20.2.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэхэд дараах шаардлага тавина:

20.2.1.тогтоосон чиглэлийн дагуу хог хаягдлыг тогтмол цуглуулж, тээвэрлэн хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэх, тогтоосон чиглэлийг урт хугацаанд мөрдөн ажиллах;

20.2.2.хог хаягдлыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан, битүүмжилсэн, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

20.2.3.хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь зохих сургалтад хамрагдсан байх ба тээвэрлэх явцад хог хаягдал унах, үлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах;

20.2.3.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад шаардлага. 

20.3.Хог хаягдал тээвэрлэх чиглэлийг хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, аж ахуйн нэгж, байгууллага тогтоож, сум, дүүргийн Засаг даргаар батлуулна.

20.4.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал саармагжуулах, устгах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ажиллах бөгөөд уг гэрээний биелэлтэд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.

20.5.Үйлдвэрийн хог хаягдлаа хангалттай хэмжээнд саармагжуулаагүй бол тус хог хаягдлыг хүлээн авагч байгууллага тухайн байгууллагад хог хаягдлын саармагжуулалтыг сайжруулж нийлүүлэх талаар тухай бүр бичгээр шаардах, эс биелүүлбэл хуулийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

20.6.Ахуйн гаралтай олон нэр төрлийн хортой, аюултай хог хаягдлыг цуглуулах, хаях эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хог хаягдлыг цуглуулах, түр хадгалах байршлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр тогтоон ажиллуулна. Тус аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн гаралтай олон нэр төрлийн хортой, аюултай хог хаягдлын талаар иргэдийг мэдээллээр хангах, сургалт зохион байгуулж, байгальд хортой хог хаягдлыг орон нутгийн хэмжээнд бусдаас тусгаарлах үйл ажиллагаа явуулна. 

20.7.Аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй иргэн аюултай хог хаягдлыг дахивар нөөц болгон цуглуулах, ашиглахыг хориглоно.

21 дүгээр зүйл.

Хог хаягдал устгах

21.1.Хог хаягдлыг устгах үйл ажиллагааг эрх бүхий иргэн, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж эрхлэн гүйцэтгэнэ.

21.2.Хог хаягдал устгах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана.

21.3.Аюултай хог хаягдлыг стандартын шаардлага хангасан зориулалтын байгууламжид устгана.

21.4.Аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдлын байршилд хамтад нь байршуулахыг хориглоно.

21.5.Энэ хуулийн 21.3-т заасан аюултай хог хаягдлын жагсаалтыг Засгийн газар батална.

22 дугаар зүйл.

Хог хаягдлын байгууламж

22.1. Хог хаягдлын байгууламжийг дараах төрөлд ангилна:

22.1.1.энгийн хатуу хог хаягдлын ландфиллын арга технологи хэрэглэдэггүй төвлөрсөн байгууламж;

22.1.2.энгийн хатуу хог хаягдлын ландфилл арга технологи бүхий төвлөрсөн байгууламж. Энэ байгууламж нь 22.1.1-д заасан байгууламжаас ландфиллийн эргэн тойронд агаар ус үл нэвтрэх хамгаалалттай, шүүрсэн уусмал цуглуулах системтэй, шүүрсэн уусмалыг саармагжуулах, хоргүйжүүлэх  цэвэрлэх байгууламжтай, ландфиллээс метаны хий гарган авч аюулгүйжүүлэх, эсвэл эрчим хүчид хувиргах хий хуримтлуулах системтэйгээрээ болон хатуу хог хаягдлыг байгаль орчин, эрүүл ахуйд аюулгүйгээр устгах бусад технологи нэвтрүүлсэнээрээ тус тус ялгаатай байна.

22.1.3.аюултай хог хаягдлыг хадгалах, устгах төвлөрсөн байгууламж;

22.1.4.бохир ус, шингэн хог хаягдлыг цэвэрлэх төвлөрсөн байгууламж;

22.1.5.хортой хатуу хог хаягдлыг саармагжуулах, ариутгах байгууламж;

22.1.6.хортой шингэн хог хаягдлыг саармагжуулах, урьдчилан цэвэрлэх төвлөрсөн байгууламж;

22.1.7.эмнэлэгийн хог хаягдлыг ариутган халдваргүйжүүлэх байгууламж;

22.1.8.энгийн шингэн хог хаягдал төвлөрүүлэн нийлүүлэх дэд байгууламж;

22.1.9.хатуу дахивар нөөцийг төвлөрүүлж ялгах байгууламж;

22.1.10.үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэж, саармагжуулах дэд байгууламж;

22.1.11.үйлдвэр, уурхайн зайлуулагдах материал цуглуулах байгууламж;

22.1.12.төвлөрсөн цэвэрлэх байгууламжид холбогдоогүй шингэн хог хаягдал цуглуулах цооног;

22.1.13.ахуйн гаралтай, олон төрлийн хортой, аюултай хог хаягдлыг цуглуулах, түр хадгалах цэг, байгууламж;

22.1.14.био хаягдлыг цуглуулж, ашигтай био масс сэргээх байгууламж.

22.2.Хог хаягдлын байгууламж нь хүлээн авах хог хаягдлын нэр төрөл, үйлчлүүлэгчид тавигдах шаардлага, үйлчилгээний дүрэм, стандарттай,  тогтмол ажиллагаатай байна. Байгууламжийн өмчлөгч нь байгууламжийн операторын тогтмол, тогтвортой үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, байгууламжийн горимын хэвийн байдлыг хариуцна.

22.3.Хог хаягдлын байгууламжнь хог хаягдал нийлүүлэгчээс дор дурдсан үйлчилгээний төлбөр, хураамж авна

22.3.1.гэрээнд заасан буюу байгууламжийн горим, стандартад нийцсэн хэмжээ, агуулга бүхий хог хаягдлын суурь төлбөр;

22.3.2.гэрээнээс илүү хэмжээтэй, эсхүл байгууламжийн горим, стандартыгноцтой бус зөрчсөн агуулга, хэмжээ, сав баглаа бүхий хог хаягдлын нэмэлт төлбөрийг зөрчлийн тоогоор;

22.3.3.байгууламжийн горим, стандартыг ноцтой зөрчсөн агуулга, хэмжээ бүхий хог хаягдалд тухайн хог хаягдлын нийлүүлэлтийн тоо хэмжээ, байгууламжийн хэвийн горимыг сэргээхэд шаардагдах хоногийн тоонд үндэслэн тогтоох онцгой төлбөр;

22.4.Энэ хуульд заасан байгууламжийн горим, стандарт хангуулах, түүний зөрчлийг бохирдуулагчийн эх үүсвэр бүрээр тогтоохын тулд байгууламж нь гэрээт байгууллагын хог хаягдлын гаралтын цэгүүдэд тодорхой үзүүлэлтүүдийг тогтоох хэмжих төхөөрөмж байрлуулахыг үйлчлүүлэгчээс шаардах, эсвэл өөрөө байрлуулж болно.

22.5.Хог хаягдлын байгууламжийн өмчлөгч, оператор нь тухайн байгууламжид хяналтгүй хаягдал, хөрсний ус зэрэг байгууламжийн хэвийн ажиллагааг алдагдуулах нэмэлт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана.

22.6.Хог хаягдлын байгууламжийн оператор хог хаягдлын нийлүүлэлтийн бүртгэл хөтөлнө. Хатуу хог хаягдлыг нийлүүлэгч, тээвэрлэгч байгууламжаар үйлчлүүлсэн тухай бүрийг баримтжуулж тэмдэглэнэ.

23 дугаар зүйл.

Хог хаягдлын байгууламжид холбогдоогүй бие засах газар

23.1.Суурин газар, аялал жуулчлалын үйлчилгээ төвлөрсөн газрын орчимд өрх, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын төвлөрсөн байгууламжид холбогдоогүй бие засах газар шинээр барихдаа био хаягдлыг цэвэршүүлэх, суллах, сэргээн ашиглах хийц, схемтэйгээр байгуулна. Бие засах газрын ашиглалтын горим, био хаягдлыг цэвэршүүлэх, суллах, сэргээн ашиглах схемийг мөрдүүлж, тогтвортой хангуулах үүргийг бие засах газрын өмчлөгч, эсвэл өмчлөгчийн томилсон этгээд хариуцна.

23.2.Бохир ус, шингэн хог хаягдлыг цэвэрлэх төвлөрсөн байгууламжид холбогдоогүй бие засах газар энэ хуулийн 23.1-д заасан схемгүй бол тухайн бие засах газрын нүхний эзэлхүүн, хөрсний усанд ойртсон хэмжээнээс шалтгаалан хөрсний бохирдлын төлбөр ногдуулна.

24 дүгээр зүйл.

Аюултай хог хаягдал экспортлох

24.1.Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аюултай хог хаягдал экспортлож болно.

24.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал экспортлох зөвшөөрлийг дор дурдсан нөхцөлд олгоно:

24.2.1.аюултай хог хаягдлыг дотоодод устгах тоног төхөөрөмж байхгүй;

24.2.2.аюултай хог хаягдлын импорт тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

24.3.Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь зөвшөөрөл авах тухай бичгээр гаргасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

24.3.1.аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр гаргасан хүсэлт;

24.3.2.аюултай хог хаягдал импортлогч этгээдэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл.

24.3.3.аюултай хог хаягдал экспортлоход гарах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

25 дугаар зүйл.

Аюултай хог хаягдал импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох

25.1.Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортлохыг хориглоно.

25.2.Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

25.3.Аюултай хог хаягдлын жагсаалтад хамаарахгүй боловч дараах тохиолдолд үйлдвэрийн хог хаягдлыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:

25.3.1.уг хог хаягдал аюултай, хортой гэдэг нь баримтаар нотлогдсон;

25.3.2.уг хог хаягдлыг цэвэрлэх, аюулыг саармагжуулах технологи дотоодод байхгүй буюу нэвтрээгүй;

25.3.3.хог хаягдлыг шууд ландфиллийн аргаар зайлуулах, газарт булахаар тооцсон.

26 дугаар зүйл.

Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох

26.1.Худалдаа үйлчилгээнд 0.025 мм болон түүнээс бага зузаантай бүх төрлийн нийлэг хальсан уутыг баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан зориулалтаар нийлэг хальсан уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ.

ХОГ ХАЯГДЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТ

27 дугаар зүйл.

Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтын үндсэн зарчим

27.1.Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтад дараах үндсэн зарчмыг баримтална:

27.1.1.хог хаягдлыг багасгах, хог хаягдлаас урьдчилан сэргийлэх;

27.1.2.хог хаягдлыг дахин ашиглах;

27.1.3.дахивар нөөц бүрдүүлэх, дахиварын үйлдвэрлэлийг дэмжих;

27.1.4.хог хаягдлыг сэргээн ашиглах;

27.1.5.аюултай хог хаягдлын аюулыг багасгах, саармагжуулах;

27.1.6.хог хаягдлын үйлчилгээний хураамж, хөрсний бохирдлын төлбөрийг төвлөрүүлэх;

27.1.7.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ангилах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахиварын үйлдвэрлэл эрхлэх, байгаль орчинд ээлтэй технологиор устгах үйл ажиллагаанд оролцогчдод эдийн засгийн урамшуулал үзүүлэх;

27.1.8.импортлосон бараа, бүтээгдэхүүнд экологийн татвар ногдуулахыг хуулиар зохицуулах.

28 дугаар зүйл.

Хог хаягдлыг багасгах, хог хаягдлаас урьдчилан сэргийлэх

28.1.Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бараа үйлчилгээ, түүхий эд худалдан авах, цэвэр ус зэрэг байгалийн нөөцийг ашиглахдаа тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа гарах хог хаягдлыг тооцож, тэдгээр хаягдлыг багасгах, байгалийн нөөцийн хэрэглээг бууруулахыг эрхэмлэсэн шийдвэр, технологи, үйл ажиллагааг хэвшүүлнэ.

28.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэх, худалдан борлуулах бүтээгдэхүүндээ байгальд үл шингэх материал зайлшгүй шаардлагагүй үед ашиглах, бүтээгдэхүүнийг хэт жижгээр савлахаас зайлсхийх, давхар баглаа боодлыг багасгах үүрэгтэй.

28.3.Аж ахуйн нэгж, байгууллага, өрх бүр агаарт дэгдэх утаа, хорт хийг багасгах болон хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй хортой нөлөөллийг бууруулах цогц бодлогыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд эрчим хүч, дулааныг хэмнэх дараах арга хэмжээг сонгон  хэрэгжүүлэх үүрэгтэй:

28.3.1.байшин, гэр, ажлын байрыг дулаалах, дулаан алдалтыг багасгах урсгал засвар, үйлчилгээг өвлийн улиралаас өмнө хийж хэвших;

28.3.2.түлш, цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй халаалтын систем, зуухыг сонгон хэрэглэх;

28.3.3.утаагаар ялгарах олон төрлийн хорт хий, хүнд металын хаягдлыг багасгахын тулд утаа шингэрүүлэгч, тунгаагч ашиглах, мөн агаарын давхрагад нөлөөлөх хортой хийн хаягдлыг хоргүйжүүлэх технологи хэрэглэх;

28.3.4.утаагүй түлш, хий хэрэглэх;

28.3.5.нар, салхины эрчим хүч, газрын гүний дулаан ашиглах;

28.3.6.оргил цагаас бусад цагт цахилгаан, эрчим хүч ашиглаж дулааныг хангах.

28.3.7.аюултай хог хаягдлыг хоргүйжүүлэх, саармагжуулах;

28.3.8.хог зайлуулах дэд бүтцийн шугам хоолойг бөглөх, хог хаягдлын төвлөрсөн болон дэд байгууламжийн үйл ажиллагааны горимыг алдагдуулах, стандартыг зөрчихөд хүргэх төрөл бүрийн тос, шатахуун, газрын тосны бусад бүтээгдэхүүн болон аюултай, хортой бодис, материалыг дэд бүтцийн шугам хоолойнд оруулахгүй байх;

28.4.Хог хаягдлыг багасгасан дэвшилтэт схем бүхий бүтээгдэхүүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас жил бүр өөрийн цахим хуудас, төрийн мэдээлэл эмхтгэлд нийтэлж олон нийтэд мэдээлнэ. Хаягдал болсныхоо дараа байгаль орчинд ноцтой хохирол учруулж болзошгүй аливаа бүтээгдэхүүний схемийг дэвшилтэт гэж үзэхгүй.

28.5.Хог хаягдлыг багасгахын тулд дор дурдсан шинж төрх бүхий зарим бүтээгдэхүүнийг дэвшилтэт схемд оруулах талаар дунд хугацааны төлөвлөгөө гаргаж, төсөл хэрэгжүүлж ажиллахыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөлийн зөвлөснөөр үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс шаардаж болно:

28.5.1.хэрэв бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад гарах хаягдал, эсхүл бүтээгдэхүүн өөрөө хаягдал болох үедээ байгаль орчинд ноцтой хор, аюул учруулдаг бол;

28.5.2.хэрэв бүтээгдэхүүнийг дахин ашиглах, сэргээн ашиглах, түүнээс дахивар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт тус нэмэртэй бол;

28.5.3.бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг дунд хугацаанд багтаан өөрчилж сайжруулах чадавхтай бол;

28.5.4.бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг орлох байгаль орчинд ээлтэй өөр бүтээгдэхүүн гадаад зах зээлээс худалдан авахын тулд дунд хугацаанд багтаан гэрээний зөрчил, торгуулиас ангид байж чадах бол.

28.6.Энэ хуулийн 28.5-д заасан төслийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэгч нь дараах үйл ажиллагаа явуулна:

28.6.1.төслийн менежерийг томилох;

28.6.2.төслийн хамрах хүрээг тодорхойлж, хамаарах бүтээгдэхүүнийг тогтоох;

28.6.3.бүтээгдэхүүний хувьд хог хаягдлыг багасгах, боловсруулах, хаях талаар хэмжиж болох зорилтыг дэвшүүлэх;

28.6.4.зорилгодоо хүрэх цаг хугацааг тодорхойлох;

28.6.5.бүтээгдэхүүний загвар, үйлдвэрлэл, борлуулалт, ашиглалт, түүний хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, хаяж зайлуулахад оролцох хүмүүсийн жагсаалт гаргах;

28.6.6.төсөлд оролцох саналтай хүмүүсийн жагсаалтыг бүрдүүлж, төслийн зорилгод нийцүүлэн тэдэнд ажил хариуцуулсан байх;

28.6.7.төслийн хүрээнд хэн, ямар, шийдвэр гаргахыг тодорхойлсон байх;

28.6.8.төслийн хяналт, мэдээ, тайлан гаргах;

28.6.9.төслийн дуусах хугацааг тодорхойлох;

28.6.10.төсөлд оролцох талуудын хооронд хийсэн гэрээг дагаж мөрдөх;

28.6.11.төслийг хэрхэн санхүүжүүлэх талаар тусгах;

28.6.12.төслийн гүйцэтгэлийг үнэлэх.

28.7.Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь бүтээгдэхүүнээс гарах хог хаягдлыг багасгах төслийг энэхүү хуулийн шаардлагын дагуу хэрэгжүүлээгүйгээс уг бүтээгдэхүүний хүний эрүүл мэнд, байгаль орчинд учрах хор хохирол удаан хугацаанд үргэлжилж, ноцтой хэмжээнд хүрвэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдаалахыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санаачилгаар Засгийн газар тодорхой хугацаанд хянаж болно. Засгийн газрын хяналтад үйлдвэрлэгдэж, борлуулагдаж буй бүтээгдэхүүний тоо хэмжээ, нийлүүлж буй зах зээлийг тус тус нэмэгдүүлж болохгүй.

28.8.Засгийн газрын хяналтын хугацаа дуусахад үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт багассан, байгальд ээлтэй орлох бүтээгдэхүүн зах зээлд байр сууриа эзэлсэн гэж үзвэл энэ хуулийн 27.7-д заасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг Засгийн газар хориглож болно.

28.9.Технологи, хүчин чадлын хувьд хоцрогдсон, хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэгч болон худалдаанаас нөхөн олговоргүйгээр татан авч, уг бүтээгдэхүүнийг хог хаягдал болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болно. Бүтээгдэхүүнийг нөхөн олговоргүйгээр татан авах үйлчилгээг буцаан авсан бүтээгдэхүүнийг дахин ашиглах, сэргээн ашиглах, эсвэл дахин боловсруулах, хоргүйжүүлэх үйл ажиллагаа явуулах чадамж, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага зохион байгуулж болно.

29 дүгээр зүйл.

Хог хаягдлыг дахин ашиглах

29.1.Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, өрх, иргэн бүр бүтээгдэхүүнийг анхны хэрэглээнээс гарсных нь дараа түүнийг бүтнээр нь буюу ихэнх хэсгийг нь аливаа өөр химийн бодис, материалтай холихгүй, биологийн болон үйлдвэрлэлийн процесст оруулахгүй, түүнд цэвэр ус, эрчим хүч, түлш зэрэг байгалийн үнэт нөөцийг их хэмжээгээр нэмж шингээхгүйгээр дахин ашиглах арга замыг эрэлхийлж, дахин ашиглах үүрэгтэй.

29.2.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, тухайн шатны Засаг дарга өөрийн аж ахуйн нэгж, байгууллага, засаг захиргааны нэгжийн хэмжээнд бүтээгдэхүүнийг хэрэглээнээс гарсных нь дараа хэрхэн дахиварт нийлүүлэх, тэдгээрийг хэрхэн дахин ашиглах тухай схемыг боловсруулах нэгж, ажилтан, эсхүл байгууллагыг томилох буюу гэрээгээр ажиллуулах үүрэгтэй.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасны дагуу томилогдсон нэгж, ажилтан, байгууллага нь жил бүр аж ахуйн нэгж, байгууллага, баг, хорооны өрхүүдийн дахиварыг дахин ашиглах схемыг гаргаж, тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын төсвийг хэлэлцэн батлах эрх бүхий удирдах байгууллагаар батлуулна.

29.4.Бүтээгдэхүүнийг дахин ашиглах схемд дараах зүйлийг заавал тусгана:

29.4.1.бүтээгдэхүүнээс гарах хаягдлын шинж төрх, хэмжээ, давтамж;

29.4.2.бүтээгдэхүүнээс гарах хаягдлыг дахиварт нийлүүлэх схем;

29.4.3.дахиварыг хэн, хэрхэн цуглуулах тухай мэдээлэл;

29.4.4.дахиварыг хэн, хаана дахин ашиглаж болох тухай мэдээлэл;

29.4.5.дахин ашигласнаар ямар бүтээгдэхүүн гарч, ямар зориулалтаар хэрэглэж болох тухай хувилбарууд;

29.4.6.байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг дахин ашиглах тухай асуудлаар холбогдох мэдээлэл.

29.5.Хог хаягдлыг дахин ашиглаж хийсэн бүтээгдэхүүн нийтлэг шошготой байна. Шошгоны загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

29.6.Хог хаягдлыг дахин ашиглаж хийсэн бүтээгдэхүүний стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга батална.

29.7.Хог хаягдлыг дахин ашиглах зорилгоор цуглуулах, хадгалах, дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалт бүхий ажлын байрны түрээсийн хөнгөлөлтийг сум, дүүргийн төсвөөссанхүүжүүлж болно.

29.8.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөл нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, стандартын байгууллага, орон нутгийн засаг захиргаанд хог хаягдлыг дахин ашиглах үйл явцыг хэрхэн тогтвортой хөгжүүлэх, сайжруулах талаар зөвлөмж өгч ажиллана.

30дугаар зүйл.

Хог хаягдлыг сэргээн ашиглах

30.1.Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, өрх, иргэн бүр ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан түүхий эд, органик бүтээгдэхүүн, хүн амьтан, ургамлын гаралтай органик хог хаягдлыг биологийн арга, ногоон технологийн тусламжтайгаар сэргээн ашиглаж, эрчим хүч, бордоо, саарал ус зэрэг сэргээгдсэн түүхий эд бий болгоход хувь нэмэр оруулах үүрэгтэй.

30.2.Хот, суурин газрын ус, хөрсний бохирдлыг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор улс, орон нутгийн төсвөөс органик хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагааг дэмжиж болно.

30.3.Аливаа сум, дүүргийн 6 ам бүлтэй өрхийн усны дундаж хэрэглээнээс илүү их хэмжээгээр ус хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага шингэн болон органик хог хаягдлыг сэргээн ашиглах тухай схем боловсруулж, нэвтрүүлэх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтанг томилон ажиллуулах үүрэгтэй.

30.4.Энэ хуулийн 30.3-д заасан хэмжээнээс бага ус хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллага болон өрх хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр хамтарч, өөрсдийн хүрээнд гарч буй шингэн болон органик хог хаягдлыг сэргээн ашиглах тухай хамтарсан схемыг боловсруулж, нэвтрүүлэх үүрэг бүхий иргэн, байгууллагыг сонгон гэрээ байгуулж болно.

30.5.Мал аж ахуй, газар тариалан эрхлэх явцад гарах органик хог хаягдлыг сэргээн ашиглах сум, багийн схемыг сумын Засаг даргын дэргэдэх хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөл иргэдийн оролцоотойгоор боловсруулж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.

30.6.Энэ хуулийн 30.3 ба 30.4-т заасны дагуу томилогдсон хог хаягдлыг сэргээн ашиглах схем боловсруулах үүрэг бүхий нэгж, ажилтан, иргэн, байгууллага нь тус томилолтын тухай шийдвэр гарснаас хойш эхний таван жил дараалан, зургаа дахь жилээс эхлэн 3 жил тутамд шингэн ба органик хог хаягдлыг сэргээн ашиглах тухай схемыг боловсруулан тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын төсвийг хэлэлцэх эрх бүхий удирдах байгууллагаар батлуулна.

30.7.Хог хаягдлыг сэргээн ашиглах схемд дараах зүйлийг заавал тусгана:

30.7.1.хог хаягдлын хэмжээ, давтамж;

30.7.2.хог хаягдлыг сэргээн ашиглах технологийн шийдэл, стандартын тухай мэдээлэл;

30.7.3.хог хаягдлыг сэргээн ашиглахад хог хаягдал үүсгэгч нэгж бүрт ногдох хөрөнгө оруулалт, хүчин чадал, өдөр тутамд шаардагдах үйлчилгээ, түүний ашиглалт, аюулгүйн стандартын тухай сургалт, дадлагын хуваарь;

30.7.4.сэргээгдэж гарах бүтээгдэхүүний хэмжээ, түүнийг ашиглах арга;

30.7.5.хэрэгцээнээс илүү гарсан сэргээгдсэн бүтээгдэхүүнийг цуглуулах, борлуулах схем;

30.7.6.аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг сэргээн ашиглах тухай асуудлаар холбогдох мэдээлэл.

30.8.Ус, органик хог хаягдлыг сэргээн ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж, өрхийн сурталчилгаа, бараа бүтээгдэхүүнд хэрэглэх нийтлэг шошгыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Органик хог хаягдлын хэдэн хувийг сэргээн ашиглагч гэдгээс хамаарч шошгоны өнгө, загвар өөр өөр байж болно.

30.9.Хог хаягдлыг сэргээн ашиглах технологи, сэргээгдсэн бүтээгдэхүүний стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга батална.

30.10.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөл нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, стандартын байгууллага, нутгийн засаг захиргаанд хог хаягдлыг сэргээн ашиглах үйл явцыг хэрхэн тогтвортой хөгжүүлэх, сайжруулах талаар зөвлөмж өгч ажиллана.

31 дүгээр зүйл.

Дахивар нөөц бүрдүүлэх, дахиварын үйлдвэрлэлийг дэмжих

31.1.Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, өрх, иргэн бүр хог хаягдлыг зайлуулахдаа анхны хэрэгцээт чанараа алдсан, дахин ашиглаж болохуйц бүтээгдэхүүн, баглаа боодол, бодис, материалыг дахивар нөөцийн шинж төрхөөр нь ялгаж, дахиварын зориулалтаар бэлтгэсэн сав, байрлалд хаях үүрэгтэй.

31.2.Байгальд үл шингэх материалаар хийгдсэн, удаан задардаггүй, дахивар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой баглаа боодолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, борлуулагч нь өөрийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны үр дүнд үүсэх дахиварыг хүлээн авах зориулалтын савыг борлуулалтын цэг бүртээ байрлуулж, дахивар цуглуулах үүрэгтэй.

31.3.Иргэн, иргэний сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага, аж ахуйн нэгж нь үйлдвэрийн болон аюултай хог хаягдлаас бусад тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр цуглуулж болох аливаа дахивар нөөцийг цуглуулах, хадгалах, механик өөрчлөлтөд оруулах, баглах, худалдах үйл ажиллагаа явуулж болно.

31.4.Үйлдвэрийн болон аюултай хог хаягдлыг дахивар нөөцөд цуглуулах, дахивар нөөцийн анхны хэлбэрийг өөрчилж, түүнийг өөр төрлийн бодистой холих зэрэг аргаар шинэ материал, бодис, түлш, бордоо, тэжээл, дүүргэгч болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн бусад бодис материалыг гарган авах дахиварын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж эрхэлнэ.

31.5.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тус засаг захиргааны нэгжийн оршин суугч, зорчин өнгөрөгч болон айл өрхийн хүрээнд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага аж ахуйн нэгж, байгууллага болон салбарын хүрээнд дахивар нөөцийг цуглуулах, дахиварын үйлдвэрлэлд бэлтгэн нийлүүлэх схем боловсруулах үүрэг бүхий дахивар нөөцийн ажилтан, нэгжийг жил бүрийн 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус томилно.

31.6.Дахиварын нөөцийн ажилтан, нэгж нь жил бүр хамрагдах хүрээний дахивар нөөцийн схемийг гаргаж, тухайн орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын төсвийг хэлэлцэх эрх бүхий байгууллагаар батлуулна.

31.7.Дахивар нөөцийн схемд дараах зүйлсийг заавал тусгана:

31.7.1.дахивар нөөцийн төрөл, хэмжээ;

31.7.2.дахивар нөөцийг цуглуулах, тээвэрлэх, овор хэмжээг багасгах, хадгалах арга, хэлбэрүүд;

31.7.3.дахивар нөөцөөс орон нутагтаа дахин ашиглах, сэргээн ашиглах нөөцийг ялгах байршил, арга хэлбэрүүд;

31.7.4.дахивар нөөцийг дахиварын үйлдвэрлэлд шилжүүлэх хэмжээ;

31.7.5.орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дахивар бэлтгэн нийлүүлэгч орон нутгийн дахиварын үйлдвэрт дахивар нөөцийг тогтмол нийлүүлэх хуваарь;

31.7.6.орон нутагт боловсруулах боломжгүй дахиварыг үнэ төлбөргүй тушаах, цуглуулах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг тогтмол дэмжих схем, хуваарь.

31.8.Дахивар нөөцөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд дахивар бүтээгдэхүүний шошго байрлуулж болно. Дахивар бүтээгдэхүүний шошгоны загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Бүтээгдэхүүнд хэрэглэсэн түүхий эдийн хэдэн хувь нь дахивар нөөц байснаас шалтгаалан шошгоны өнгө, загвар, түүн дээрх үзүүлэлтийн хэмжээ ялгаатай байна.

31.9.Орон нутагт нэгэнт байгуулагдсан дахиварын үйлдвэрлэлийг дампуурлаас урьдчилан сэргийлэх, тухайн орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүчээр бий болсон дахивар нөөцийн схемийн тогтвортой байдлыг удаан хугацаанд хангаж, дахивар нөөц бүрдүүлэх, ашиглах нийтийн хандлага, соёлыг хэвшүүлж, төлөвшүүлэх үүднээс нэг төрөл, чиглэлийн дахивар нөөц хэрэглэдэг дахиварын үйлдвэрийг нэг хот, сууринд ажиллах зөвшөөрөл олгосон бол түүхий эдийн өрсөлдөгч үйлдвэрт тухайн нутаг дэвсгэрт зөвшөөрөл олгохгүй.

31.10.Хэрэв энэ хууль батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө дахивар түүхий эдээр өрсөлдөгч нэгээс дээш тооны үйлдвэрт тусгай зөвшөөрөл олгогдсон бол тэдгээрийн түүхий эдээ татан авах газар нутгийг зөвшөөрөл олгосон байгууллага, үйлдвэрүүдийн захиргааны төлөөлөгчид хамтран зөвшилцөн тогтоох ба аливаа дахиварын үйлдвэрийг дампууралд хөтлөхгүйгээр шийдвэр гаргана.

31.11.Үйл ажиллагаа нь эхэлсэн дахиварын үйлдвэрийг дэмжих зорилгоор Засгийн газар зарим төрлийн дахивар нөөцийг экспортлохыг хориглож болно.

31.12.Дахивар бүтээгдэхүүн нь үндэсний стандартад нийцсэн байна. Зарим дахивар бүтээгдэхүүнд нэмэлт стандарт шаардлагатай гэж үзвэл тус стандартыг Стандарчилал, хэмжил зүйн газрын дарга батална.

31.13.Засгийн газар, түүний агентлаг, төрийн байгууллага, боловсролын байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж нь жил тутам худалдах, худалдан авах бараа, бүтээгдэхүүний тодорхой хувийг дотоодод үйлдвэрлэсэн, дахивар бүтээгдэхүүнээр бүрдүүлж, дахин боловсруулалтыг дэмжих үүрэгтэй.

31.14.Дахивар нөөцийг нэмэгдүүлэх, дахиварын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар бүтээгдэхүүн бий болгоход дэвшил гаргаж буй сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, хоршоо, өрх, иргэнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шалгаруулж, төслийн санхүүжилт, мөнгөн шагнал болон бусад хэлбэрийн урамшуулал олгож болно.

31.15.Хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөлөөс байгаль орчин, боловсрол, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, стандартын байгууллага, орон нутгийн засаг захиргаанд дахивар нөөц бүрдүүлэх, дахиварын үйлдвэрлэлийг дэмжих талаар зөвлөмж өгч ажиллана.

32 дугаар зүйл.

Хог хаягдлын үйлчилгээний хураамж, хөрсний бохирдлын төлбөр

32.1.Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хог хаягдлын үйлчилгээнд дор дурдсан хураамж, төлбөрийг заримыг болон бүгдийг төлнө:

        32.1.1.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний хураамж;

            32.1.2.хог хаягдлын байгууламжийн төлбөр;

            32.1.3.хөрсний бохирдлын төлбөр.

32.2.Хураамж, төлбөрийн хэмжээг энэ хуульд заасан эрх бүхий этгээд тогтооно.

32.3.Энэ хуулийн 32.1.1-32.1.3-д заасан хураамж, төлбөрийн хэмжээ бохирдуулагчийн үүсгэсэн хог хаягдлын төрөл, технологийн үйлчилгээ, байгууламжийн тооноос шалтгаалан нэмэгдэж болно.

32.4.Хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар устгах, хоргүйжүүлэх, хэмжээ оврыг багасгах, тусгай тоноглол бүхий хог хаягдлын саваар хангаж цуглуулах, хамгаалалт бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, мэргэшсэн боловсон хүчний тусламжтайгаар ачих, буулгах, булшлах зэрэгт шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлэх зорилгоор үйлдвэрийн болон хортой, аюултай хог хаягдал зайлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуульд заасан хураамжаас гадна нэмэлт төлбөр авч болно. Нэмэлт төлбөрийн хэмжээг тус аж ахуйн нэгж, байгууллага үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж тогтооно.

33 дугаар зүйл.

Хог хаягдлын менежментийн сан

33.1.Хог хаягдлын менежментийн сан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамж, хөрсний бохирдлын төлбөр, хог хаягдлын байгууламжийн төлбөр, хог хаягдлын байгууламж, аж ахуйн нэгж өөрийн цуглуулсан дахивар нөөцийг борлуулах, хог хаягдлыг дахин боловсруулах замаар олсон орлого, хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахиварын үйлдвэрлэлийг дэмжиж иргэн, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгжийн хандив тусламжаас  хуримтлуулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ.

33.2.Хог хаягдлын сангаас дор дурдсан зардлыг санхүүжүүлнэ:

                      33.2.1.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх;

                   33.2.2.хог хаягдлын төвлөрсөн болон дэд байгууламжийн тогтвортой ажиллагааг хангах, технологийн шинэчлэл хийх;

               33.2.3.хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар нөөц бүрдүүлж, дахиварын үйлдвэрлэлийг дэмжих;

 33.2.4.энэ хуульд заасан урамшуулалд;

  33.2.5.иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаанд.

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан хөрөнгийг төлөвлөх, хянах, гүйцэтгэлийн тайлан, мэдээ гаргах ажиллагааг Төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.

34 дүгээр зүйл.

Урамшуулал

34.1.Хог хаягдлыг багасгах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоно.

34.2.Хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн хөрөнгө оруулалт, техник технологийн судалгаа болон шинэчлэл, үйлдвэрийн хог хаягдал, бохир усыг эх үүсвэр дээр нь болон төвлөрүүлэн цэвэршүүлэх, саармагжуулах байгууламжид санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

34.3.Энэ хуульд заасан урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛ

35 дугаар зүйл.

Байгаль орчны боловсролын хамрах хүрээ

35.1.Байгаль орчны боловсролд Монгол Улсын хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг хамрагдана.

35.2.Байгаль орчны боловсролын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг ангилах, эрүүл ахуйн зөв дадал төлөвшүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг, туршлага түгээхэд оршино.

35.3.Байгаль орчны боловсрол олгох сургалт зохион байгуулагч, багш, сурах бичиг, гарын авлага бэлтгэгч, энэ хуулийн дагуу хог хаягдал багасгах, хог хаягдлаас урьдчилан сэргийлэх, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахиварын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бүтээгдэхүүн, үйл ажиллагааны схем боловсруулах, тэдгээр схемд зөвлөгөө өгөх, схемыг батлах, хэрэгжүүлэх, хог хаягдлыг зайлуулах, булшлах, устгах, хог хаягдлын талаар бусад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хог хаягдалд хяналт тавих эрх үүрэг бүхий ажилтан, менежер, удирдагч, байгууллага, хамт олон нь байгаль орчны боловсролыг тогтмол шинэчлэн сурч эзэмших үүрэгтэй.

36 дугаар зүйл.

Үндэсний байгаль орчны боловсролын төлөвлөгөө

36.1.Байгаль орчны боловсролын тасралтгүй, өргөн хүрээтэй байдлыг хангахын тулд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Үндэсний байгаль орчны боловсролын төлөвлөгөөг 4 жилийн хугацаатай боловсруулж, Засгийн газраар батлуулан хэрэгжүүлнэ.

36.2.Үндэсний байгаль орчны боловсролын дараагийн 4 жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа өмнөх төлөвлөгөөний хугацаа дуусахаас 12 сарын өмнө хэрэгжиж буй төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж буй байгаль орчны боловсролыг дээшлүүлэх ажил үр дүнтэй байгаа эсэхийг магадласны үндсэн дээр сайжруулан боловсруулна.

36.3.Үндэсний байгаль орчны боловсролын төлөвлөгөө боловсруулахын өмнө уул уурхай, аж үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас үйлдвэрийн хог хаягдлын хэмжээ, бүтэц, чиг хандлага, байршлын талаар нарийвчилсан мэдээлэл авсан байна.

36.4.Үндэсний байгаль орчны боловсролын төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн байгаль орчны боловсролын төлөвлөгөөг 4 жилийн хугацаатай боловсруулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.

36.5.Орон нутгийн байгаль орчны боловсролын төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга жил бүр нэгтгэн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Ингэхдээ орон нутагт үүсч байгаа хог хаягдлын шинж, онцлогт тохирсон ямар мэдээлэл, сургалт, боловсролын арга хэмжээ шаардлагатай, хог хаягдлын талаар олон нийт ямар мэдээлэл авахыг хүсч буй талаар заавал дурдана.

36.6.Үндэсний болон орон нутгийн байгаль орчны боловсролын төлөвлөгөөг батлах эрх бүхий байгууллага нь тухайн төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсвийг хуваарилж өгөх үүрэгтэй.

36.7.Үндэсний болон орон нутгийн байгаль орчны боловсролын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн сайн дурын оролцоо, хандив тусламж хүлээн авч болно.

37 дугаар зүйл.

Байгаль орчны боловсрол олгох байгууллага, түүний эрх үүрэг

37.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчнийх нь мэдлэг, чадавхийг үндэслэн байгаль орчны боловсрол олгох эрхийн гэрчилгээ олгоно.

37.2.Эрхийн гэрчилгээ бүхий байгууллага, багшлах боловсон хүчин, холбогдох мэдээллийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага цахим хуудсандаа байршуулна.

37.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хог хаягдал, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдээр 67-оос доошгүй хувийг бүрдүүлсэн үнэлгээний хороог байгуулан ажиллуулж, байгаль орчны боловсрол олгох хөтөлбөрүүдэд хяналт шинжилгээ хийлгэнэ. Уг хяналт шинжилгээний зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага жил бүрийн төсөвтөө тусгана.

37.4.Байгаль орчны боловсрол олгох эрх бүхий байгууллага байгаль орчны боловсрол олгохдоо аливаа төрийн өмчийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн эрэлт багатай буюу ашиглагдаагүй өрөө тасалгаа, талбайг үнэ төлбөргүй ашиглах хүсэлт гаргаж болно.

37.5.Энэ хуулийн 37.4-т заасан хүсэлтийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа нь байгаль орчны сургалтанд зориулан сургалтын сул танхимыг жилд дөрвөөс доошгүй удаа үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

37.6.Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны боловсрол олгох байгууллагын сургалтыг идэвхжүүлэх, иргэдийг сургалтад бүрэн хамруулахад туслах зорилгоор бүх шатны Засаг даргын шийдвэрээр байгаль орчны боловсрол олгох сургалтын танхим, унааны зардлыг санхүүжүүлж болно.

37.7.Байгаль орчны боловсрол олгох эрх бүхий байгууллага нь сургалтанд хамрагдагсдыг хог хаягдлын байгууламжид аваачиж газар дээр нь сургалт явуулахдаа тухайн байгууламжийн операторт урьдчилан мэдэгдэж, тэдгээр байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр сургалтыг зохион байгуулна.

37.8.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн санаачлагаар байгаль орчны боловсрол олгох байгууллагатай хамтран ажиллаж, сургалтын байр болон сургалтад шаардагдах бусад дэмжлэгийг үзүүлж болно.

38 дугаар зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

38.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч болон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, түүний эрх олгосноор олон нийтийн байцаагч дараах хариуцлага хүлээлгэнэ:

38.1.1.хог хаягдлын зориулалтын цэгээс бусад газарт хог хаягдал хаясан, хог хаягдлаа зориулалтын цэгт ангилан хаях журам зөрчсөн, ил задгай хог хаягдал шатаасан, аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдалд нийлүүлсэн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваасхорин тавдахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

38.1.2.энэ хуулийн 10.3, 10.4, 10.5-д заасан журам зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

38.1.3.энэ хуулийн 11.2-т заасан журам зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

38.1.4.энэ хуулийн 14.3-т заасан журам зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

38.1.5.энэ хуулийн 15.6, 15.7, 16.1-д заасан журам зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

38.1.6.энэ хуулийн 17-25 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар тусгайлан олгосон эрх хасч, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

38.1.7.энэ хуулийн 26, 32 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар тусгайлан олгосон эрхийг хасч, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

38.1.8.энэ хуулийн 28.7-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар тусгайлан олгосон эрхийг хасч, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

38.1.9.тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлого, тоног төхөөрөмж, байрыг хураах;

38.1.10.энэ хуульд заасан хугацаанд үндэсний байгаль орчны төлөвлөгөөг боловсруулж, батлуулаагүй, төлөвлөгөөнд заагдсан ажлыг хэрэгжүүлээгүйалбан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

38.1.11.байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хог хаягдлын асуудлаар зөвлөх зөвлөл, хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар нөөц бүрдүүлэх асуудал хариуцсан ажилтанг энэ хуулийн 12.2, 31.5-д заасан хугацаанд томилоогүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

39 дүгээр зүйл.

Хохирлыг нөхөн төлүүлэх

39.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтан, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

40 дүгээр зүйл.

Хууль зүйн төгөлдөр болох

40.1.Энэ хуулийг 2015 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.