Гишүүд Оюу Толгойн талаар иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байна гэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн нарын гишүүд Оюутолгойн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
2012.11.06
Уул уурхай, Ашигт малтмал

Гишүүд Оюу Толгойн талаар иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байна гэв

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой компаний зүгээс олон нийтэд хандан явуулж байгаа үндэслэлтэй болон үндэслэлгүй олон зар, сурталчилгаа нь ихэнхдээ ард иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн, тодорхой бус, тоймгүй байдлыг бий болгож байна.

Иймд өнөөдрийн хийж буй хэвлэлийн бага хурлаар  нийслэлийн гудамж талбайгаар хаа сайгүй өлгөсөн сурталчилгааны самбарууд болон хэвлэлүүдээр  Оюу Толгойн талаар иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байгааг мэдээлэх зорилготой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.  

Өнөөдөр реклам, зар сурталчилгаа замбараагаа алдаж байна. Үүний цаана асар их хөрөнгө мөнгө, зардал явдгийг бид мэднэ. 

Оюу Толгойн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл очих ёстой. Оюу Толгой компани нь сүүлийн үед Монгол Улсын төсөвт татварын замаар оруулсан орлогыг сурталчлах боллоо. Оюу Толгойн төслөөс монголчуудад ногдох ашиг 71 хувь, харин хөрөнгө оруулагч тал 29 хувийг хүртэнэ гэсэн рекламыг олон нийтэд өгч, татвар, урьдчилгаа төлбөр зэрэг хэлбэрээр 1 их наяд 58 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлсөн хэмээн сурталчилсан нь буруу ташаа болохыг гишүүд хэллээ.  

Иймд  тэд  Оюу Толгой компани нь Монгол Улсын Засгийн газарт төлсөн гэх 1,058,226,585,000 төгрөг буюу ойролцоогоор 803 сая ам.долларын задаргааны талаар үнэн бодит мэдээллийг танилцуулья гэсэн юм. Танилцуулгад дурдсанаар, Гааль болон нэмэгдсэн өртгөн албан татвар 300 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газарт урьдчилгаа болгон 250 сая ам.доллар. Харин Монгол Улсын төсөвт нөлөө үзүүлсэн гэх мөнгөн дүн нь нийт 202,4 сая ам.доллар болж байна. Тэдгээр нь Эрүүл мэнд, нийгмийн даатгал 23,4 сая ам.доллар, Аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 179 сая ам.доллар байна. Тэгэхээр Оюу Толгой компани Монгол Улсын төсөвт оруулсан хувь нэмрээ үнэн зөвөөр, хариуцлагатайгаар мэдээлэх ёстой гэж байлаа.  

ШИНЭ МЭДЭЭ