УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.03
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Төр засаг жирийн иргэдийг төлөөлөх ёстой

С1 телевизийн “VIP тодруулга” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

-Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдалд та ямар үнэлгээ өгч байна вэ?

-Үндсэн хуулийн долдугаар заалтад эдийн засгийн харилцаа гэж бий. Эдийн засаг бол харилцаа. Баялгийг бүтээж буй ард иргэд, татвар төлөгч бизнес эрхлэгчид, энэ хоёрын харилцааг зохицуулж байгаа төр засаг гэсэн гурван харилцаа байдаг. Энэ харилцаа эвдэгдээд байна.

Өнөөдөр манай эдийн засагт хүндрэл үүссэн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт монголчууд бид бондын мөнгөөр зах зээл рүүгээ төгрөг нийлүүлж, маргааш мөнгө, валют олохгүй зам, гудамж гэдэг төслүүд рүү оруулахаасаа өмнө үйлдвэрлэл рүү, нэмэн өртөг шингээсэн зүйл рүү оруулах ёстой.

Бид энэ том бонд болон гадаадын зээлүүдийн өрийн дарамтад орох гээд байна. Хоёрдугаарт Олон улсын эдийн засгийн орчинд монгол улс хөлөө олж, нийлж алхмаар байна. Энэ хоёр зүйл манай эдийн засагт маш их үгүйлэгдэж байгаа.

Би уул уурхайн эсрэг биш харин үр дүнтэй ашиглая гэдэг. Гэхдээ монголын бэлчээр, мал аж ахуй, уул ус, газар нутаг бүрэн бүтнээрээ байвал хэдэн мянган жил бидний үр хүүхэд амьдарна. Уул уурхайг зохистой, хяналттай, төрийн зохицуулалттай, ухаалаг явуулах ёстой гэдэг байр суурьтай байдаг.

-“Урт нэртэй” хуулийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Баасан гаригт би иргэний нийгмийн байгууллагууд, байгаль орчны болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзана. Урт нэртэй хуульд, уул уурхайн бодлогод та бүхний саналыг оруулах үүрэгтэй. Би өөрөө ажлын хэсэгт нь байгаа. Газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө иргэн бүр үүрэг, хариуцлага үүрэх ёстой.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс үүнийг л хэрэгжүүлэх гэж оролдсон. Ард иргэдийн, шийдвэр гаргагч нарын анхаарлыг татах гэж аргаа барсан, буруу арга хэрэглэсэн байж болно. Энэ талаар би холбогдох хүмүүстэй нь, өмгөөлөгчтэй нь уулзаж, ярина. “Урт нэртэй” хуулийг санаачлаад, дэмжээд явж байсан олон гишүүд парламентад байна.

Уул уурхайг зохистой, хяналттай, төрийн зохицуулалттай, ухаалаг явуулах ёстой.

Зарим нь өөр зүйл ярьж байгаа. Энэ хуульд нэг сайн зүйл бий. Өнөөдөр өөрсдийгөө өмгөөлж, хамгаалах боломжгүй малчид, ТББ-ууд, иргэний нийгмийхэн энэ тал дээр хамгаалуулах, өөрсдийг нь төлөөлөх дуу хоолойтой гэдгээ энэ хуулиар мэдсэн.

Бас нэг онцлог нь олон жил төр засаг, шийдвэр гаргагч нар, сайд нар зөвхөн том том дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай сүжирч ард түмнээ ганцаардуулсан учраас ард түмний хүчтэй эсэргүүцлийн үр дүнд улстөрчид шахаанд орж, бүх уул уурхайг хаах шийдвэр гарсан. Гол бүр дээр ойн сав газар хаах шийдвэр гарсан.

Одоо болохоор нөгөө тийшээ савлаад бүгдийг нь нээх гээд байх шиг байна. Энд дундын хувилбар гэж бий. Юу гэвэл гол, ойн сав газар болгон дээр өөр өөр нөхцөл бий. Гол бүр дээр, уурхай бүр дээр асуудлыг яаж шийдэх вэ гэдэг иргэний нийгэм, ТББ, уул уурхайн компанийн эздүүд, засаг захиргаа оролцоод хоорондоо ярилцдаг, зөвшилцдөг механизмыг бүрдүүлэх нь чухал.

ШИНЭ МЭДЭЭ