УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан /10 сарын 30/
2013.10.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оюутнуудад Үндэсний тэтгэлэг олгохыг дэмжлээ

УИХ-ын  Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Мөн Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсвийн байнгын хорооны дарга уг хуультай холбогдуулан төсвийн шинжилгээний алба байгуулах тухай танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Улсын төсвийг боловсронгуй болгон батлах ёстой. Ингэхийн тулд төсвийн шинжилгээний алба зайлшгүй байх хэрэгтэй гэдгийг дэмжиж байна. Улсын төсөвт хяналт хэрэгтэй. Гэхдээ энэ алба Төсвийн байнгын хорооны дэргэд байх ёстой. УИХ-ын даргын дэргэд байх нь зохимжгүй. Хэрэв энэ хэвээр нь батлагдвал дэмжихгүй" гэв.

С.Ганбаатар гишүүн сургуулиудын чанарыг сайжруулж, улс оронд нэн шаардлагатай мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэх тал дээр энэхүү тэтгэлгийг гаргах ёстойг анхаарууллаа.

Харин байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бусад орны парламентад энэ алба нь УИХ-ын даргынхаа мэдэлд байдаг, мөн зөвхөн Төсвийн байнгын хороо бус, шаардлагатай бусад байнгын хороонд ч дэмжлэг үзүүлэн ажилладаг. Иймд байнгын хорооны дэргэд бус УИХ-ын даргын дэргэд байлгаж, даргыг нь томилдог байдлаар оруулж ирсэн аж. Төсвийн шинжилгээний алба байгуулагдахад 900 сая төгрөгийн хөрөнгийг төсөвт тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд ч Төсвийн байнгын хорооны дэргэд байлгах ёстой гэсэн саналаа хэллээ. Харин Ц.Оюунбаатар гишүүний тухайд тус албанд орон тооны бус ажилтныг татан оролцуулж болох байдлаар ажиллан, төсөвт хяналт шалгалт хийх хэрэгтэйг хэлсэн юм. Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжлээ.

Байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал бол оюутнуудад Үндэсний тэтгэлэг олгох эсэх буюу дээд боловсролын санхүүжилтийн тухай юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын "Оюутнуудад тэтгэлэг өгөх асуудлыг хуульд тусгасан. Яагаад Засгийн газраас уг тэтгэлгийг өгөх гээд байгаа юм бэ. Хуулиараа зохицуулах боломж байхгүй юм уу. Оюутнуудад хэчнээн төгрөгийн тэтгэлэг олгох вэ" гэсэн асуултад

Ч.Улаан: Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутнуудад Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно.

Сангийн сайд Ч.Улаан "Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутнуудад Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно. Шаардлагатай мөнгийг төсөвт тусгасан" гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Бид мөнгөн ярихаар халамж гэж ойлгоод байх юм. Мөнгийг хариуцлагын хөшүүрэг гэж ойлгох хэрэгтэй.

Оюутнуудад өгч байгаа энэ тэтгэлгийг хариуцлага болон тухай сургууль мэдлэг олгох үүргээ биелүүлж байна уу гэдгээс нь харах ёстой. Үндэсний тэтгэлэг цаашдаа мэдлэгийн баталгаа болох уу, нийгмийн баталгаа болох юм уу гэдэг л байна шүү дээ" гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгээс асуув.

Дэд сайд Б.Ургамалцэцэг "Тэтгэлгийн асуудлыг тавихад үнэлгээний системд өөрчлөх шаардлагатай болдог. Иймд бид үнэлгээний системд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Үнэлгээний системийг кредитээр тооцож, чадаж байгаа оюутнууд заавал дөрвөн жил суралцах бус кредитээрээ үнэлгээгээ өгөөд явна" гэлээ. Байнгын хорооны гишүүд асуулт асуусны дараа санал хэллээ.

Төсвийн шинжилгээний алба байгуулагдахад 900 сая төгрөгийн хөрөнгийг төсөвт тусгажээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлснээр түрээсийн байртай, оюутнуудад шаардлагатай боловсролыг нь чанартай олгож чаддаггүй сургуульд тэтгэлэг олгох ёсгүй. Аль мэдлэгтэй, чадвартай оюутнууд л тэтгэлэг авч, чадахгүй байгаад нь тэтгэлэг олгохгүй байх хэрэгтэй. Үүнийг хуульд тусгаж, Засгийн газрын журамд өөрчлөлт оруулах ёстой. Хэрэв ийм байдлаар орж ирвэл дэмжих аж.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн тухайд 80 мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Ийм байхад оюутнуудад заавал 106 тэрбум төгрөгийг тэтгэлэг олгох хэрэг байсан юм уу. Чухам аль нь хамгийн чухал вэ гэдгээ бодох ёстой. Хэрэв ингэж тэтгэлэг олгох гэж байгаа бол сургуульд нь төлбөрийг нь шилжүүлдэг байдлаар буюу бэлэн бусаар олгох хэрэгтэй гэлээ.

С.Ганбаатар гишүүн сургуулиудын чанарыг сайжруулж, улс оронд нэн шаардлагатай мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэх тал дээр энэхүү тэтгэлгийг гаргах ёстойг ч анхаарууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ