2013.12.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сэтгүүлч хүний гол зарчим бол худал ярихгүй байх

Олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг миний ард нэр нь байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан билээ. Хэрэв хэн нэгнийг гүтгэсэн, эсвэл нийгмийг цочирдуулах мэдээллийг нягталж үзэлгүй олон нийтэд цацсан бол нийгэмд ямар хор хохирол учрах байсан бэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ жишээнээс үзэхэд хэрэв та мөнгөтэй л бол хүмүүсийн тархийг угаасан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй цацаж болох нээ гэдэг нь харагдаж байна. Энэ талаарх эрх баригчдын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Сэтгүүлч хүн олон нийтийн өмнөөс сэтгэж нийгмийн санаа бодлыг төлөвшүүлж байдаг. Сэтгүүлч мөнгөнөөс болж хэн нэгэнд оюун санаагаа худалдаж, олныг хуурсан мэдээлэл цацна гэдэг бол ямар хор уршигтайг төсөөлөхөд хэцүү. Энэ талаар төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Сэтгүүлчид гүггэлэгтйн шинжтэй олон юм бичдэг. Нэр төрөө сэргээхээр заргалдаад ирэхээр уучлал гуйдаг. Сэтгүүлч хүн хэнд ч зориулж бичдэггүй, бичсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй.

Сэтгүүл зүйн ажиглагч Д.Цэрэнжав:

Үнэндээ захиалгат сэтгүүл зүй гэдэг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн хэн байх, мөн монголд олон телевиз байна уу үгүй юу гэдэгтэй огтхон ч хамаагүй. Энэ бол цэвэр зарчмын асуудал. Олон нийтийн ажил хийж байгаа хүний гол зарчим бол худал ярихгүй байх.

МОНГОЛ ТВ-ийн мэдээний албаны ерөнхий продюссер Э.Лхагва:

Засгийн газар сэтгүүл зүйн чиглэлээр гадаад, дотоодод сурч байгаа, ялангуяа баруунд сэтгүүл зүйн боловсрол эзэмшиж байгаа оюутнуудад тэтгэлэг өгөх хэрэгтэй. Жинхэнэ сэтгүүл зүйн мэдлэгтэй хүн ийм юм хэзээ ч хийж болохгүй, тэгвэл дуусна гэдгээ сайн мэдэж ажилладаг. Тэдэнд мөнгө биш үнэт зүйл чухал.

ТВ8, Сэрүүлэг сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх:

Манай сэтгүүлчид дотроо өдөр тутмын сонины холбоо, сайтуудын холбоо, телевизүүдийн холбоо гэх мэтээр олон янзын ТББ байгуулаад олон хуваагдчихсан учраас тус тусынхаа эрх ашгийн төлөө байдаг. Энэ олон байгууллагыг нэгтгэн “Ёс зүйн консул” гэдгийг байгуулаад алдаа гаргасан сэтгүүлчийг хаана ч ажилд авдаггүй болгох хэрэгтэй.

МУИС-ын сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль:

Дэлхийн жишгээр бол сэтгүүлчийг ажилд авахаас өмнө тусгай гарын авлага судлуулаад тэнд байгаа бүх нөхцлийг хангасан тохиолдолд ажилд авдаг. Гэтэл манайд тийм гарын авлага МОНЦАМЭ-гаас өөр газар байдаггүй. Тодорхой стандартыг тусгасан тийм гарын авлага, удирдамж бүх хэвлэл мэдээллийн байгууллагад байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ