Харин ч "сайн" ажиллаж байгааг нь сонгосонд АН-ынхан бухимдав
АН болон "Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдсан юм.
2013.12.18
Улстөр

Харин ч "сайн" ажиллаж байгааг нь сонгосонд АН-ынхан бухимдав

МАН-ын бүлгээс есен үндэслэл гарган Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарьг огцруүлах саналыг УИХ-д оруулаад байна.

Хоёр сайдад хариуцлага тооцох тухай энэ асуудлаар өчигдөр АН болон "Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдсан юм. Тэдгээр бүлгийн гишүүд сөрөг хүчний саналыг хүлээж авах боломжгүй гэж шийдсэн бөгөөд харин ч сайн ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооцох санал оруулж ирлээ гэж шүүмжилж байсан юм.

Ерөнхийдөө огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн 26 гишүүнээс бусад нь Н.Батбаяр, Ч.Улаан нарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж саналаа өгөх бололтой. Энэ нь “Хоёр сайдад хариуцлага тооцож огцруулахыг та дэмжих үү" гэсэн асуултад хариулж байгаагаас нь харагдаж байлаа. Ингээд МАН-ын бүлэгт харьяалагдахгүй УИХ-ын гишүүд дээрх асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

Р.Бурмаа:  -Бүлгийн шийдвэрээ дагна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

С.Ганбаатар: -Энэ талаархи мэдээллийг хэвлэлээс олж уншлаа. Хоёр сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөл хуралдаж, огцруулах үндэслэлүүдтэй нь сайтар танилцаад тодорхой байр суурь илэрхийлнэ. Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхий сайдад “Та огцор” гэсэн бичгийг хоёр удаа өгсөн. Хоёр сайдын асуудлыг бид нарийвчлан судлах ёстой.

Нэг сайдын хариуцлагүйгээс болж нөхцөл байдал хүндэрсэн бол сайдад хариуцлага тооцох ёстой. Харин танхимаараа гаргасан шийдвэр нь ард түмэнд хохирол учруулсан бол Засгийн газар бүхэлдээ хариуцлага хүлээх ёстой. Сайд нарыг огцруулах санал хураалтын дэгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ нууцаар хураадаг байгаасай гэж хүсч байна.

Д.Зоригт:  -Сайд нарыг огцруулах үндэслэлтэй нь танилцсан. Энэ саналыг нь ойлгож байгаа. Сөрөг хүчний зүгээс өнгөрсөн хавар Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудал тавьж байсан. Одоо сайд нарыг хэд хэдээр нь огцруулах санал тавиад эхэллээ. Энэ нь Засгийн газрыг тогтвортой ажилуулахыг хүсэхгүй засгаас хийж байгаа болон хийх гэж байгаа ажлыг зогсоохыг хүссэн, 2016 оны сонгууль харсан үйлдэл гэж харж байна. Бид үүнийгнь зөвшөөрөхгүй. Засгийн газар нэгдмэл, тууштай ажиллаж төлөвлөсөн зорилт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй.

Л.Гантөмөр: -Сайд нарыгогцруулахаар тавьсан асуудал нь үндэслэлгүй харагдаж байна.

Ц.Баярсайхан: -Хоёр сайдыг огцруулах үндэслэлийг нь сайн уншиж үзээгүй. Юу ч гэсэн үндэслэлтэй нь сайн танилцаад үзье. Түүнийхээ дараа шийдвэрээ гаргана.

С.Одонтуяа:  -Энэ талаар ярих боломжгүй байна. Бүлгийнхээ хурлаар хэлэлцэж нэгдсэн байр суурьт хүрснийхээ дараа байр сууриа илэрхийлнэ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Г.Баярсайхан: -Ер нь Засгийн газар хариуцлагатай байх ёстой. Засгийн газартай хариуцлага ярьж байгаа нь зөв гэж бодож байгаа. МАН-аас тавьсан үндэслэлүүд дотор анхаарч ажиллах зүйл олон байна лээ. Огт үндэслэлгүй санал тавиагүй санагдсан. Гэхдээ би Засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэж хүсч байгаа. Тиймээс энэ хоёр сайдыг огцруулахгүй гэж кноп дарна.

Д.Ганбат: Олонхи өөрсдөө энэ сайд нартайгаа хариуцлага ярьсан нь дээр байх. МАН-аас тавьсан асуудлыг цаашдаа сайн ажиллахыг шаардаж байгаа дохио гэж ойлгох хэрэгтэй!!. Тэдний тавьсан үндэслэлүүд дотор зөв ч юм байна, буруу ч зүйл байна. Гэхдээ санал хураах болоход би хувьдаа МАН-ын саналыг дэмжихгүй.

Ч.Улаан: -МАН-ын бүлгээс огцруулах дөрвөн үндэслэл гаргасан байна лээ. Төсвийн тодотголыг оройтуулсан, төсвийн гадуур эргэлдэж байгаа мөнгө гээд нийт дөрвөн үндэслэл л дээ. Үүнд нь төсвийн орлого тасралт, бас 2014 оны төсвийг УИХ-ын баталсан чиглэлгүйгээр боловсруулсан гэсэн зүйлс ч орсон байсан. Тавьж байгаа энэ хуулийн үндэслэлийг нь нэг бүрчилэн гаргаж бид тайлбар өгч байгаа.

Шууд хууль зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Ер нь бол дэлгэрэнгүй тайлбарыг нь өгчихнө. Нэгэнт хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас тэдний гаргасан саналаар шийдвэрлэхгүй гэсэн “Шударга ёс” эвслийн бүлгийн дүгнэлт ч гарлаа. Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр сайд бид хоёрыг огцруулах шийдвэр гарахгүй нь.

ШИНЭ МЭДЭЭ