Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
2014.01.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.01.22/ хуралдаанаар

Хуулийн гол үзэл баримтлал нь ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмад настныг алив эрсдлээс урьдчилан сэргийлэх асуудал.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. “Хуулийн гол үзэл баримтлал нь ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмад настныг алив эрсдлээс урьдчилан сэргийлэх асуудал.

Мөн 2014 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор гэр бүл рүү чиглэсэн анхны хуулийн төсөл гэж үзэж байгаа. Өнөөдөр хууль ёсны хариуцлага хүлээсэн гэр бүл гэхээсээ илүүтэй хамтран амьдрах гэр бүлийн шинэ харилцаа бий болох асуудал түгээмэл болж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүл рүү чиглэсэн бодлогыг чанаржуулах, сайжруулах шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Өнөөдөр ахмад настан, ялангуяа тэтгэвэрт гарсан ахмад настны бие дааж амьдрах хандлага өссөн.

Үр хүүхдүүд нь ч тусдаа амьдрах асуудал их болсон. Одоогийн тэтгэвэрт байгаа ахмадууд мөнгөн буюу материаллаг хуримтлалыг бий болгож чадаагүй тэтгэвэрт гарсан ахмадууд дийлэнх нь байгаа. Иймд эдгээр ахмадуудын хувьд насан туршдаа хамт амьдарсан ханийх нь аль нэг нь насны эцэст бурхан болох нь хорвоогийн жам. Энэ тохиолдолд үлдсэн ахмадын хувьд маш том эрсдэлтэй, сэтгэл зүйн болоод эдийн засгийн хүнд нөхцөл үүсдэг. Орлого нь багадаа 50 хувь цаашлаад 100 хувь байхгүй болох эрсдэл байгаа юм.

Үлдэж байгаа ахмадуудад хань ижлийнхаа авч байсан тэтгэврийн 50, 70, 100 хувийг үлдсэн амьдралынхаа хугацаанд авах гэсэн саналыг бид хуулийн төсөлд оруулж байгаа. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад хэлэлцээд явах боломжтой. Харин хоёулаа өөд болсон тохиолдолд энэ асуудал дуусгавар болох юм. Мөн насан туршдаа тэтгэврийн шимтгэл төлөөд ашиг шимийг нь хүртэж чадахгүй тохиолдол их гардаг. Иймээс хань ижилд нь үлдэж байгаа амьдралын хугацаанд нь давхар тэтгэвэр олгох боломж олгож байгаагаараа энэ хуулийн төсөл ач холбогдолтой гэж харж байгаа” гэлээ.

Монгол Улсын иргэд хэрвээ гадаадад амьдарч байгаа тохиолдолд энэ даатгалд хамрагдах уу. 20-иос доош жил нийгмийн даатгал төлсөн бол хамтын тэтгэвэрт хамаарахгүй юу. Тусдаа амьдардаг гэдгийг яаж нотлох вэ. Нийгмийн даатгалын санд ачаалал ирэх үү. Үүнд тооцоо судалгаа бий юу. Салаад буцаад суусан тохиолдолд энэ асуудал хамаарах уу гэсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар тодруулсан юм.

20-иос доошгүй жил гэдэг нь тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн хугацаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хариултдаа, “ 20-иос доошгүй жил гэдэг нь тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн хугацаа. Энэ бол хуулиараа зайлшгүй байх шаардлага. Тэтгэвэр тогтоолгосон байж дараа нь тэтгэврийг давхар авах эрх үүснэ. 20 жил даатгалын шимтгэл төлөөгүй бол бүрэн тэтгэврийн эрх үүсэхгүй. 20-иос доошгүй жил тэтгэвэр төлөөд тэтгэврийн насанд хүрсэн хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Гадаадад , монголд амьдарч байгаа гэсэн заалт байхгүй. Хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг яриад явах боломжтой.

Гол нь 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн байх шаардлагатай. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэр тогтоолгодог хуулийн шаардлага хангасан иргэн энэ хуулийн хүрээнд хамрагдана. Салсан эргэж суусан тохиолдлыг улсын бүртгэл, хороо хорин, засаг захиргааны тодорхойлолтыг үндэслэнэ. Дээр нь иргэн эргэж гэр бүл болсон тодорхой хугацаа заасан уу гэвэл заасан. Энэ нь 10-аас доошгүй жил нэг гэрт хууль ёсны гэр бүл болж амьдарсан бол хамтын тэтгэвэрт хамрагдана гэсэн заалт орсон. Өнөөдөр монгол иргэдийн дундаж наслалт 67, 68 орчим байна.

Хүн амын хөгжлийн бодлого, стратегид 2020 он гэхэд дундаж наслалтыг 75 хүргэх зорилт тавьж байгаа. Цаашлаад дундаж наслалт өсөх хандлага байгаа. Тэтгэврийн даатгалын санд 2030 он хүртэл ямар нэгэн дарамт бага гарна гэж үзэж байгаа. Уул уурхай ашигт малтмалын эх үүсвэрээс орж ирэх баялагийн сан, Хүний хөгжлийн сангийн хуримтлал бодлогын түвшинд эдийн засгийн нийгмийн хамгааллын тодорхой асуудлуудыг шийдэх хэмжээний хуримтлалуудыг бий болгож чадна гэж харж байгаа” гэлээ. Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ