Үл маргах журмаар иргэдийн газрыг авах нь буруу
Үл маргах журмаар иргэдийн газрыг авах нь буруу
2015.12.07
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Үл маргах журмаар иргэдийн газрыг авах нь буруу

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Ган­баатар нар өнгөрөгч баасан гарагт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 15 тоот дүгнэлттэй холбогдуулан мэдээлэл хийсэн. Учир нь өнгөрсөн долдугаар сард УИХ-аар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулах” агуулгатай заалт оруулсан юм.

Уг хуулийн заалтууд нь иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тул иргэн Б.Энхбаяр, Янжинхорлоо нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан ба Цэц гомдлыг хүлээн авч, УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон юм. Дүгнэлтийг баасан гарагт УИХ-аар хэлэлцэх үед олонхи урьдны байр сууриа хамгаалан Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байхаар нөхцөл байдал үүссэн. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Мэдээлэл хийсэн гишүүд хуулийн ноцтой үр дагаврын учир шалтгааныг тайлбарлав.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

УИХ-аар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 15 дугаар шийдвэр гарсан. Үүнийг УИХ-аар хэлэлцэж, энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Энэ асуудалд хэвлэлийнхэн ард иргэддээ үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх үүргээ ухамсарлаж, нэг байр суурьтай, чанга дуугарч өгөхийг юуны өмнө хүсмээр байна. 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд 2015 оны долоодугаар сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Үүгээр барьцааны зүйлийг Шүүхийн журмаар худалддаг байсныг өөрчилж газрыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-т зааснаар хураан авахаар болгосон. 

Энэ тухай хуулийг иргэд нарийн нягталж үзээсэй гэж бодож байна. Учир нь хууль баяр наадмын өмнөхөн батлагдсан. Тиймээс олны анхаарлыг татаж чадаагүй байж магадгүй. Хууль гэдэг батлагдсан өдрөөс иргэний эрхэд шууд нөлөөлдөг, үйлчилдэг болохоор хүн бүр хянаж харах нь зүйтэй. Мэдээж МАН-ын бүлэг яагаад энэ асуудлыг хүлээж авах ёстой гэж үзсэн бэ гэдгийг бас тайлбарлах нь зүйтэй болов уу. 

Өнөөдөр Монголын айл, өрх бүр зээлтэй, хөрөнгөө барьцаалж байна. Монгол хүний өмчлөлд байгаа ганц хөрөнгө нь газар л байна. Алга дарам газраа банкинд болон иргэд хоорондоо гэрээгээр барьцаалаад зээл авч байгаа. Гэтэл өр зээлээ л төлөөгүй бол Шүүхийн шийдвэргүйгээр “та гэрээнийхээ нөхцөлийг зөрчсөн” гээд л хурааж авахаар болж байна. Энэ заалт бол маш ноцтой асуудал. УИХ-аас сүүлийн жилүүдэд олон муу хууль баталсан. Бид өнөөгийн энэ хуулийг ард түмний олонхийн эрх ашгийг хохирооосон, өмчлөх эрхэнд нь халдсан, мөнгө, хөрөнгөтэй хүнд үйлчилдэг хамгийн буруу хууль гэж үзэж байгаа. 

Хүн аргаа ядахдаа л алга дарам газраа барьцаалж, шаардлагатай хэдэн төгрөгийн зээл авдаг. Гэтэл өнөөдрийн бак зээл олгохдоо тухайн өмчийн үнэлгээг 70-80 хувь доогуур үнэлж байгаа. Жишээ нь хэн нэгэн иргэн хашааны газраа 50 саяар үнэлүүлчихсэн байхад банк бол таван сая төгрөг л олгоно. Таван сая төгрөг авсан иргэн бизнес нь бүтэлгүйтээд сарын дараа зээлээ төлж чадахгүйд хүрьэл барьцааны газрыг нь Шүүхийн ямар ч шийвэргүйгээр хурааж авна гэсэн үг. Ийм л шийдвэрийг Монголын төр, УИХ гаргаж байгаа нь иргэдийн нийтийн эрх ашгийг хэрхэн яаж хохироож, өмчлөх эрхэнд нь халдаж буйг харуулж байгаа бодит хууль. 

Тиймээс та бүхэн Оюунхорол чанга дуугарч, хэн нэгэнтэй муудалцаж, хэн нэгэнд гомдож, тунив гэхээсээ илүү энэ асуудлын цаад мөн чанар, хууль хэрэгжээд эхлэхээр миний амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг судалж үзээсэй гэж хүсье. 

Хэрвээ өнөөдрийн үйлчилж байсан хуулиар тухайн иргэн газраа алдах тохиолдолд зээлдэгч “Би өөрөө газраа борлуулна. 50 саяын газраа 20 саяар зарчихаад таван саяын өрөө төлье” гэж ядаж хэлэх боломжтой. Гэтэл барьцаанд тавьсан таван сая төгрөгөөр нь шуудхан газрыг нь авна гэдэг үнэхээрийн шударга бус зүйл. Эдийн засаг хямарчихсан, олон мянган өрх өр, зээлтэй энэ үед хэрэгжүүлэх ямар ч боломжгүй хууль гэж үзэж байгаа учраас Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээн аваасай хэмээн хүсч байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Энэ хууль энэ оны тавдугаар сарын 11-нд орж ирсэн. Уг хууль банк, санхүүгийн байгууллага, Монгол Улсад мөнгө хүүлэлтийг гааруулж, тэндээс ашиг шим хүртдэг улстөрчдийн захиалгынх. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд буруу тайлбар хийгээд балагдсан. Харин хоёр иргэн санаачилгаараа Үндсэн хуулийн Цэцэд хандаж, энэ нь ялалт байгуулаад, УИХ-д олигархиудад зориулсан хууль баталсан байна гэдэг нь нотлогдож орж ирсэн. Мэдээж барьцаанд тавиад шшргээ хүлээгээгүй бол өгөхгүй гээгүй. Ядаж гурван шатны шүүхээр явах эрхийг нь үлдээ л дээ. Өвлийн хүйтэнд байрнаас хөөгдөж гарахаар уйлж байгаа хүүхдүүдийн нулимсыг үйл ойшоогоод хөрөнгийг нь дээрэмдэх гэж байгаа хууль шүү дээ. 

Монгол Улсад түрээсийн эдийн засаг, мөнгө хүүлэлтийн эдийн засаг хоёр л ноёлож байна. Үүнээс хойш мөнгө хүүлэлтийн эдийн засаг зогсоно. Яагаад гэвэл 16 банкны ихэнх нь гадны хөрөгө оруулалттай. Зарим нь бүр гадаад эзэнтэй. Ийм тохиолдолд бидний газрыг хурааж авснаар тэдний өмчлөл болно. Үндсэн хуульд байгаа газар бол зөвхөн тусгаар тогтнолын баталгаа гэдэг зүйл, заалт зөрчигдөнө. АН-ынхан үүний төлөө улайрч ард иргэдийг элгээр нь мөлхүүлэх гэж байна. Бид улстөр, Пи-Арын ямар нэгэн зүйл бодсонгүй. Та бүхэн дэмжихгүй бол санаа зовоох асуудал шүү. Манжийн үеийн мөнгө хүүлэлт жилийн 21 хувь байсан. Одоо бол 27 хувь болчихсон. Үнэндээ иргэдийн, бидний зовлон зүдгүүрээр тоглож дуусч байна шүү. 

Гишүүд ийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд мэдээллийн төгсөглд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Цэц яг ямар дүгнэлт гаргасан бэ? 

-Цэц бол УИХ-аар баталсан дөрвөн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг нь АН-ын бүлэг хүлээж авахгүй гэж үзээд байгаа. Мөн Хууль зүйн байнгын хороогоор Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж үзсэн байна лээ. 
-Зөвхөн газрын асуудал яригдаж байна уу. Эсвэл бүх л үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал яригдаж байгаа юу?
-Энэ бол яг газартай холбоотой асуудлыг л оруулж ирж ярьж байгаа. 

-Үл маргах журмаар гэж заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхдээ тухайн эзнээс нь үнийн санал авна гэж байгаа. Тэгэхээр хүчилсэн зүйл байхгүй юм биш үү? 

-Та надтай шүүхээр маргалдахгүйгээр газрыг чинь хурааж авна гээд гэрээ байгуулсан. Тэрхүү гэрээг нотариатаар батлуулчихсан. Тиймээс нотариатчийн эцсийн шийдвэрийг шүүхийнхтэй адилтгаж үзэж байна гэсэн үг. Тиймээс ч Цэц Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийн тухай заалтуудыг зөрчиж байна гэж дүгнэсэн. Энэ бол олонхоороо хүч түрэн шийдвэрлэсэн ганц жишээ. Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд 40 хуулийн заалтаар иргэд Үндсэн хуулийн заалтаар Цэцэд хандсан байдаг. 

Гэтэл Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн 25 жилийн хугацаанд 140 хэргээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан байдаг юм шүү. Энд ямар нэг улстөр, улстөрчийн шоу биш. Энэ шийдвэрийг сайтар нягталж, хэний эрх ашиг илүү зөрчигдөх вэ гэдгийг харах ёстой. Хамгийн гол нь энэ хууль хэрэгжих боломжтой болчихоод байна. Гэтэл үүний дагуу явбал өнөөдөр ч гэсэн маш олон иргэн газраа алдахад хүрээд байгаа. 

-Хэзээнээс хэрэгжинэ гэсэн үг вэ? 

-Хэрэгжээд эхэлчихсэн. Хамгийн гол Үндсэн хуулийн Цэц дээр “та нар Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргачихсан байна” гээд л зогсоож, гацаачихсан байгаа юм. УИХ-аар Цэцийн шийдвэрийг дэмжүүлчихвэл хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийн тухай зүйл заалтуудыг зөрчихөөргүй үлдээж болно. 

ШИНЭ МЭДЭЭ