Данхар толгойноос болж балетчин болох хүсэл минь бүтэлгүйтсэн хүн дээ
УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.02.29
Улстөр

Данхар толгойноос болж балетчин болох хүсэл минь бүтэлгүйтсэн хүн дээ

“Масс зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга С.Ганбаатарыг урьж ярилцлаа.

- Сайн байна уу. Та өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо буюу Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Иргэд сонгогчид ямар асуудлыг голчлон ярилцаж, санал санаачилгийг уламжилж байна?

- Ер нь Дарханы иргэд надад их дотно ханддаг. Тэдний хүндэтгэл итгэлийг хариулахын төлөө үргэлж Дархан руу очиж ажлаа тайлагнадаг. Сонгосон иргэдтэйгээ холбоотой байна гэдэг чухал. Иргэд голчлон ажлын байргүй, ядуурал их байгаа талаар учирлаж байна. Тиймээс энэхүү бэрхшээлээс гарах гарцын талаар ярьж, иргэдийн дуу хоолой болж байгаа хүний хувьд тэдний үгийг УИХ-д хүргэж байгаагаа илэрхийлдэг. Гэтэл иргэдийг ойлгосон царай гаргаж УИХ-ын чуулган дээр ирээд өөр бодол, байр суурьтай байгаа бол энэ нь асар хариуцлагагүй зүйл. Харин Дарханы иргэд сонгогчид маань хэлсэндээ хүрч, итгэл даахын төлөө чармайдаг хэмээн надад урам өгдөг дөө.

Харин Дарханы иргэд сонгогчид маань хэлсэндээ хүрч, итгэл даахын төлөө чармайдаг хэмээн надад урам өгдөг дөө

- УИХ-ын намрын чуулганаар Ноён уулын асуудлыг эцэслэлээ. Газар шороо, уул усныхаа төлөө тэмцэж ирсэн хүний хувьд энэхүү шийдвэрт ямар бодолтой байдаг вэ?    

- Ноён Уулыг ухах асуудлаар “Сентерра Гоулд” компанийн эзний халаасанд орсон мэт бүлэглэлүүд УИХ дээр маш сайн ажилласан. Үүнийг эсэргүүцэж бие даагч гишүүд хичээгээд дийлээгүй. Би энэ талаар УИХ-ын чуулганд долоон удаа үг хэлсэн байдаг. Мөн Мандал суманд хоёр удаа уулзалт зохион байгууллаа. Хамгийн сүүлд хорь хоногийн өмнө тус суманд очиж иргэдтэй нь уулзах үеэрээ ”хэдий би Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүн биш ч Дархан, Сэлэнгэ хоёр нэг хүйн холбоотой ахан дүүс. Бид хичээсэн ч дийлэхгүй байна” хэмээн нөхцөл байдлыг хэлсэн. Ноён уулын асуудалд байр сууриа хүргэхэд нэгдүгээрт хүнцлийн хороор хордохгүй гэсэн баталагаа хаана байна.

Ноён уулыг ухсанаар хүнцлийн хороор Хараа, Ерөө урсах аюултай. Энэ талаарх баталгааг ямар ч эрдэмтэн тайлж өгөөгүй. Харин чуулганы хуралдаанд хамгийн том эрдэмтэн нь хүнцлийн хороор хордохгүй байх боломжтой гэсэн тайлбарыг л өгсөн. Нөгөө талаар Дархан Сэлэнгийнхэн хордож үхэхгүй байх боломжтой гэсэн санааг агуулж байгаа. Хоёрдугаарт хүнцлийн хороор Хараа, Ерөө урсахад Дархан Сэлэнгийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлаас гадна Монгол орон даяараа хүнцэлтэй гурил идэх вий гэж санаа зовж байдаг. Мөн арван давхар байшинтай дүйцэх мөнх цэвдгийг ухна. Хэрэв ухсан тохиолдолд олон гол ширгэнэ. Тодруулбал таван том гол ширгэнэ. Үүнээс болж цөлжилт үүснэ. Энэ мэт байгалын тэнцвэргүй байдалд дүгнэлт хийсэн үү. Түүнчлэн Ноён уулыг ухсанаар Монголд ямар ашигтай вэ. Нэг тонн алтны төлөө ингэх хэрэг байсан ч юм уу.  

Нэг тонн алтны төлөө ингэх хэрэг байсан ч юм уу

- УИХ-ын ээлжит бус чуулганд оролцоно хэмээн мэдэгдэж байсан ч Цэцийн даргыг огцруулах асуудлаас болж шийдвэрээ өөрчиллөө?

- Тийм ээ. Миний байр суурь тодорхой. Ээлжит бус чуулганыг зарлаж байгааг дэмжиж байна. Тиймээс оролцох болно гэдгээ илэрхийлсэн. Харин ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ гэдгийг тогтоох ёстой. Үүнийг тогтоохгүйгээр ээлжит бус л бол би оролцоно гэсэн үг биш. Монгол оронд онцгой байдал үүссэн нөхцөлд ээлжит бус чуулганыг зарладаг. Түүнээс биш сандал, суудал,  Цэцийн даргыг чөлөөлөх асуудлаар хуралдсанд эсрэг байгаа. Энэ нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх онцгой асуудал биш.

- Яагаад?

- Яагаад гэвэл Цэц нь ард түмэн гомдол гаргаж УИХ-ын гишүүдийг шүүдэг байгууллага. Би өөрийнхөө шүүгчийг шүүж болохгүй. Энэ нь Их хурлын гишүүд ёс зүйгүй ажиллаж байгаагийн илрэл.  

Би өөрийнхөө шүүгчийг шүүж болохгүй

- ХҮН-ын даргаар томилогдоод удаагүй байна. Сүүлийн үед танай нам тодроо зөрчилдөх боллоо. Та даргынх нь хувьд энэхүү асуудлыг хэрхэн шийдэж ямар бодлогоор ажиллах вэ?

- ХҮН эв нэгдлийг сахиулж, Монгол орныхоо төлөө нэг чигийг барьж ажиллана гэсэн хатуу бодлоготой. Харин намын даргын хувьд ХҮН дотор гишүүд дэмжигчдийн итгэлийг алдаж тэднийг хүндлэхгүйгээр зөвхөн өөрийгөө бодож дур мэдэн шийдсэн оролдлого байвал таслан зогсооно. Манай нам ил тод, амьд, эрүүл нам. Түүнээс биш сонгууль дөхсөн, миний нэр хүндэд нөлөөлнө, харсаар байж гишүүд дэмжигчдийг үл хүндэлсэн, нэр дэвшигчдийн асуудлыг зөвхөн нэг хүний шийдвэрээр явуулах гэж оролдсон хүнийг хараад дуугай сууна гэдэг намынхаа олон зуун гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хөсөрдүүлж байгаа хэрэг болно.

Манай нам ил тод, амьд, эрүүл нам

- Тэгвэл та ХҮН-д сэтгэл зүрх, зорилго нэгтэй залуус нэгдсэн гэдэгт итгэдэг үү. Зарим гишүүд нь намаасаа гарах талаар мэдээлэл цацагдаж байна?

- ХҮН-аас гишүүд гарах талаар яригдаагүй. ХҮН-д олон зуун залуус нэгдэх ёслолын ажиллагаа удахгүй болно. Харин зарим нэг бүлэглэлээс шургалж ороод  янз бүрийн үл ойлголцол үүсгэж намаас гарна хэмээн сүржигнэж байгаа тохиолдол байж болно. Гэхдээ энэ бол шинэ нам болгонд тохиолддог. Нам бол үзэл бодлын нэгдэл болохоос эрх ашгийн нэгдэл биш.   

Нам бол үзэл бодлын нэгдэл болохоос эрх ашгийн нэгдэл биш

- ХҮН-аас сонгуульд нэр дэвших ханш таван тэрбум гэсэн мэдээлэл хэр үнэний ортой вэ?

- Энэ талаар надад мэдээлэл алга.

- ХҮН тамгаа алдсан гэсэн дуулиан дэгдлээ?

- Энэ бол манай дотоод асуудал. Ганц нэг хүмүүсийн увайгүй үйлдэл манайд байгаа нь үнэн. Үүнээс эмээж, хэл амнаас нь санаа зовж дуугуй байдаг хүмүүс бид биш. Удирдах зөвлөл дээр хариуцлагын асуудал яригдсан.

- Жагсаалтаар сонгогдох дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

- Жагсаалтаар сонгогдох асуудалд бие даагчдын зөвлөл шүүмжлэлтэй байсан. Нэгэнт Сонгуулийн хууль батлагдсан учир Монгол төрөө хүндэтгэж хуулийг дагахаас өөр аргагүй.

- Иргэний мэдээ ярилцлагын үеэр таныг дипломгүй гэдгийг илчилсэн. Энэ асуултыг та мэдэж байсан уу?

- Мэдэж байсан. Энэ талаар өдөөн хатгалга явна гэдгийг ч мэдэж байсан. Би Алтаншагайгийн нэвтрүүлэгт оролцохоос хорь хоногийн өмнө дипломын асуудлаар хар пи-ар гарах нь гэсэн ярилцлага өгч байсныг санаж байж магадгүй. Дипломтой холбоотой асуудлыг хэн хөндөж байгааг ч би мэднэ. Манай нутгийн сэтгүүлч залуу байдаг. Нэрийг нь хэлээд хэрэггүй биз дээ. Тэр залуу зарим нэг намын удирдлагуудад үйлчлээд явж байгаа. Манай гэр бүл түүний аав ээжтэй ах дүүс шиг хүмүүс. Харин ч сэтгүүлч дүү маань надад тус болж сонгуулийн өмнө дэлбэлэх байсан бөмбөгийг урьдчилж дэлбэлсэнд талархдаг. Нутаг усныхан явж явж бие биедээ тус болох юм даа./инээв/

Дипломтой холбоотой асуудлыг хэн хөндөж байгааг ч би мэднэ. Манай нутгийн сэтгүүлч залуу байдаг

- Таныг Фэнг-Шү, тэмцэгч, босоо С.Ганбаатар  гэдэг.  Фэнг-Шүг амьдралдаа хэрхэн мөрдлөг болгож байна?

- Аж амьдралдаа ашигладаг. Гэхдээ энэ талаар хүнд зааж сургаад явах тэнхэл байхгүй ээ.

- Та ямар шашин шүтдэг вэ. Мүүний шашинтай гэх юм?

- Мүүн гэдэг шашин Монголд орж ирээгүй. Би хувьдаа Мүүнийг мэдэх ч үгүй. Ер нь хэн ч мэдэхгүй. Энэ мэт асуудлаар улстөрчид бие биенээ намнадаг болж. Гараа өргөж мэндчилэхээр л мүүний шашинтай болдог. Миний буурал аав том хамба хүн байсан. Нөгөө буурал аав маань Монгол Улсын гавьяат багш. Би хүүхэд байхаасаа л бурхан номын өргөөнд ойр өссөн. Ер нь би ард түмнээ шашнаар нь ялгах эрхгүй. Шашин шүтдэг гэж хэлэх нь хариуцлагатай үг. Миний хувьд өвгөдийнхөө уламжлалыг дээдэлдэг бөгөөд бурхан байдаг гэдэгт итгэдэг.

Би хувьдаа Мүүнийг мэдэх ч үгүй

- С.Ганбаатар гишүүнийг зангиа зүүсэн байхыг харж байсангүй. Өдөр бүр зангиагүй уулзалт хийдэг байх нь ээ. Ямар нэгэн шалтгаан бий юу?

- Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеэс л зангиа зүүхээ больсон. Учир нь би жирийн ард иргэдийг төлөөлдөг. Олон олон зангиагүй болон зангиатай хүмүүсийг төлөөлдөг. Гэхдээ миний төлөөлдөг хүмүүсийн ихэнх нь зангиа зүүдэггүй. Тиймээс тэдгээр хүмүүсийн төлөөлөл учир өнөөдрөөс эхлээд зангиа зүүхгүй гэдгээ Олон Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хурал дээр бусад орнуудын удирдлагуудтай цай ууж суухдаа хэлж байсан юм.  Миний санаж байгаагаар 2008-2009 оны хооронд юм уу даа.  Тэр цагаас хойш би нэг ч зангиа зүүгээгүй.

- УИХ-ын гишүүн болоод зангиа зүүх бодол төрж байв уу?

- УИХ-ын гишүүн болоод бусад гишүүдийг дууриана гэсэн үг биш. Өмнөх С.Ганбаатар ямар байсан түүгээрээ л байна. Харин ёслолын үйл ажиллагааны үеэр монгол дээлээ өмсдөг.   

- Та багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв. Тэр хүслээ биелүүлж чадсан уу?

- Би багадаа балетчин болохыг хүсдэг байлаа. Энэ бол хоёр жилийн мөрөөдөл минь байсан.

-Тийм үү. Энэ тухай сонсож байгаагүй юм байна. Тэгээд яасан бэ?

-Та их сонирхож байх чинь.

-Эрэгтэй хүн балетчин болохыг мөрөөдөж байсан гэхээр нэг л сонин байна?

-Миний хүүхэд нас Дарханд өнгөрсөн. Дөрөвдүгээр ангид байхдаа унадаг дугуйтай болохыг мөрөөддөг байв.  Тухайн үед байрныхаа хүүхдийн гэрийг цэвэрлээд дугуйгаар нь дөрвөн удаа тойрох эрх авдаг байсан. Тэгээд Ленинградын балетын сургуульд явах юм бол үнэгүй дугуй өгнө гэсэн сураг сонссоноор балетчин болох хүслийн минь эхлэл тавигдсан. Ингээд мэдээллийн дагуу балетийн шалгалтад бэлдэж эхэлсэн дээ.  Таван сарын хугацаанд бэлтгэл хийснээр балетдаа өөрөө дурласан юм.

-Бүр таван сар бэлтгэл хийсэн хэрэг үү?

-Тэгэлгүй яахав.Балет гэдэг гоо зүй, дотоод сэтгэлийг илэрхийлдэг ямар гоё урлаг вэ хэмээн шимтэн дурласан. Гэвч миний аав дургүй байсан ч шалгалт өгч хамгийн сүүлийн дөрвөн хүүхдэд тунаж үлдлээ. Улмаар хамгийн сүүлийн шалгалтын үеэр багш нар “Чиний бие балетад яг тохирно гэхдээ дараа жил бэлтгэлээ сайн базаагаад ирээрэй” гэж хэлсэн. Хамгийн гол нь толгой жоохон данхар байсан нь асуудал болсон юм байна лээ. Ингээд данхар толгойноосоо болж балетчин болох хүсэл минь бүтэлгүйтсэн. Том, данхар толгойтой бол балетчин болдоггүй юм байна гэдгийг тэр үед мэдсэн. Түүнээс хойш их гомдож хэдэн сар шокын байдалд байсан даа. Энэ бол хүүхэд насны минь нэг сайхан дурсамж юм./инээв/

Би багадаа балетчин болохыг хүсдэг байлаа

-Монголчууд шинэ үзэл бодол, бүтээн байгуулалт хийх залуу үеийг хүсэн хүлээж байна. Та энэ үйл хэрэгт хүчин зүтгэж, амжилт олохын төлөө хичээнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хүсэлтийг хүлээн авч өөрийн дотоод мөн чанар, үзэл бодол, дурсамжаасаа хуваалцсан танд баярлалаа.

- Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.  

ШИНЭ МЭДЭЭ