Би ХҮН-ыг сонгуульд ялуулна
УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.03.03
Улстөр

Би ХҮН-ыг сонгуульд ялуулна

Хөдөлмөрийн үндэсний намын Төв хорооны хурал өндөрлөжээ. Хурлын шийдвэрийг олон нийтэд танилцуулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй, намын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тус намын генсек Т.Доржхандыг намын дарга С.Ганбаатарын тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин энэ шийдвэр намыг хоёр хуваахад хүргэж, өчигдөр Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй гишүүд нь хурал зарлаж, тус намын дарга С.Ганбаатарыг огцруулсан хэмээн мэдээлсэн юм. 

Харин энэ өглөө “Корпорэйт” зочид буудалд эхэлсэн намын Төв хорооны хуралдаанаар С.Ганбаатар ХҮН-ын даргаар хэвээр үлдсэн. Тус намын Их Хурлаас сонгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Намын даргаа огцруулаагүй гэдгийг намын гишүүд мэдэгдэв. 

Энэ талаар С.Ганбаатар “ХҮН-ын Төв хорооны нийт гишүүдийн өмнөөс та бүхэнд мэдээлэл хийж байна. Намын Төв хороонд 21 аймаг, есөн дүүргийн 58 гишүүн байдаг. Өнөөдөр 16 аймаг, 9 дүүргийн 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийлээ. Бид энэ хурлаараа намын Их хурлаа зарлалаа.  Бид энэ их үйл хэргийн төлөө явж байхад хүсэл шуналын тулам болсон маш олон бүлэглэл бидний өмнөөс ажиллаж байна. Тэр бүлэглэлийн төлөө манай намын журмын гурван нөхөр маань урвасан явдалд харамсаж байгаа. Шинэ хүч, шинэ бодлого Монголын улс төрд орж байж улс орон минь хөгжинө” хэмээв. 

Мэдээллийн дараа ХҮН-ын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав. 

С.Ганбаатар: Миний эсрэг хоёр сар компанит ажил явууллаа 

-Намын дарга эв нэгдлийг бий болгох ёстой. Гэтэл хагарган бутаргаад байна гэдэг зүйлийг хэлж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхааралд орж байгаа явдал бол бидэнд таатай байна. Энэ байдлыг бий болгож, шинэ намаас бүлэглэлүүд хичнээн их айж байгаа вэ гэдгийг харж байна. Бид үнэхээр Монголын улс төрд шинэ хүч болж орж ирсэн нь тодорхой харагдаж байна. Тэдний явуулж байгаа энэ бүх явуургүй явуулгууд бол ард иргэдэд биднийг ойлгуулахад дэм болж байгаа. Эв нэгдлийг хангах гэж ярьж байна. Тийм учраас ХҮН-ын даргын хувиар хэлэхэд манай нам нийт ард иргэдээрэээ сонгуулиар дүн тавиулахын төлөө ажиллаж байна. Харин сонгуулиас өмнө мөнгөтэй улс төрийн бүлэглэлүүд шургалан орж, ард иргэдээс урьдаж дүн тавих гэж оролдож байгаа нь бүтэхгүй гэдгийг хэлье. Тэдэнд мөнгө байж болно. Бидэнд ард иргэдийн дэмжлэг байгаа. 

-Аль бүлэглэлийг гэж хардаж байна вэ? 

-Надад өөрийн гэсэн бодол, бодлого байдаг. Монголын ард түмэн надтай, надгүй ХҮН буюу шинэ намуудыг хэн намнах вэ гэвэл Монголын ядуурал, хүмүүсийн нулимсаас сорж амьдардаг бүлэглэлүүд үүнийг хийж байгаа гэдгийг хэн ч мэдэж байгаа. Намын дарга миний эсрэг бүтэн хоёр сар компанит ажил явууллаа. Тэдний сум нь дуусаж байх шиг байна. Тэдний айж байгаа, ухаа алдах гэж байгаа байдлыг хараад би аз жаргалтай байна. Тиймээс ч би ХҮН-ыг удирдаж сонгуульд оролцуулж, ялалт байгуулна гэдэгтээ улам итгэлтэй болж байна. 

О.Алтангэрэл: Манай нам С.Ганбаатар гэж нэг л даргатай 

-Танай намын даргаар сонгогдсон гээд байгаа Б.Найдалаа гэдэг залуу аль намаас гаралтай вэ? 

-Манай нам С.Ганбаатар гэж нэг л даргатай. Тэрийг Найдалаагаас асуусан нь дээр. 

-Намын маргаан цаашид үргэлжлэх үү? Төв хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг байна. 

-Өчигдөр намын хэсэг хүмүүс тоглоомын хурал зохион байгуулсан. Алтан нарыг алгаар хааж болохгүй гэж үг бий. Ингэж хууль журам, ёс жудгаа гээж тодорхой улс төрийн хүчнүүдийн тоглоом болж, Монголын улс төрийн тогтолцоонд шинээр гарч ирж буй манай намын үйл ажиллагааг бусниулах гэсэн оролдлого хийж болохгүй. 

-Өчигдрийн хурал хуулийн хүрээнд явагдсан гээд байгаа? 

-Намын тамга тэмдгийг ерөнхий нарийн бичгийн дарга хадгалдаг. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон даруйд хадгалж байсан тамга тэмдгээ аваад явчихсан. Түүнийгээ янз бүрийн цаасан дээр дарж ашиглаад явж байна. Өнөөдөр намын Төв хорооны хурлаар тамга, тэмдгийг албан ёсоор хүчингүй болгосон. Төв хорооны бүрэлдэхүүнээрээ бид шинээр авна.

ШИНЭ МЭДЭЭ