А.Наранбаатар: ХҮН-ын 20 мянган гишүүн С.Ганбаатар даргыг дэмжиж байгаа
2016.03.18
Улстөр

А.Наранбаатар: ХҮН-ын 20 мянган гишүүн С.Ганбаатар даргыг дэмжиж байгаа

Хөдөлмөрийн Үндэсний намын анхан шатны хороодын дарга, удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн ХҮН-ын дарга А.Наранбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Говь-Алтай аймгаас хэзээ ирэв. Говь-Алтай аймгийн ХҮН хэзээ байгуулагдсан бэ?

-Өчигдөр ирлээ. Говь- Алтай аймагт 2015 оны 11 дүгээр сарын 1-нд ХҮН байгуулагдсан. Одоогоор 189 гишүүнтэй. Гишүүнчлэлгүй атлаа сэтгэл зүрхээрээ дэмждэг энгийн иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаад баяртай байгаа.

-Дөнгөж сая анхан шатны хороодын дарга нар хэв- лэлийн бага хурал зарласан. Та бас оролцож харагдлаа?

-Хөдөлмөрийн үндэсний нам ээлжит бус их хурлаа 2016 оны нэгдүгээр сарын 18-19-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийж, 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 342 төлөөлөгч оролцсон.

Хуралд оролцсон гишүүдийн 99 хувь нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгосон. Энэ бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн ХҮН-ын нийт гишүүдийн сонголт.

Гэтэл хоёрдугаар сарын 11-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржханд, дэд дарга асан Б.Найдалаа нарын хэсэг нөхөд нэгдэж, С.Ганбаатарыг ХҮН- ын даргаас огцруулсан гэдэг худлаа мэдээллийг олон нийтэд цацсан. Тэгээд зогсохгүй Б.Найдалааг Хөдөлмөрийн үндэсний намын даргаар томилогдсон гэж олон нийтийг мунхруулах гэж оролдсонд харамсдаг. Тиймээс намын нэрийг барьж, өөрийгөө дарга хэмээн хуурамч үйлдлээр олон нийтийг төөрөгдүүлэх болсон Б.Найдалааг эсэргүүцэн 18 аймаг 9 дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгчид нэгдэж, хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлэл хийлээ.

-Тэгэхээр ХҮН-ын даргаар С.Ганбаатар ажиллаж байгаа. Өөр ямар ч дарга байхгүй гэсэн үг үү?

-Ээлжит бус их хурлын 342 гишүүд нэгдэж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намын даргаараа сонгосон болохоос Б.Найдалаа гэдэг хүнийг сонгоогүй. ХҮН-ын 20 мянган гишүүний төлөөлөл 342 хүний сонголтыг хэсэг нөхөд үгүйсгэж, олон нийгийг төөрөгдүүлж, Улсын дээд шүүхэд нөлөөлөх, ойлгомжгүй шийдвэр гаргуулахаар улайран зүттэж байгаад харамсч байна.

Нөгөө талаар Б.Найдалаа нарын хэсэг нөхдийг иймэрхүү байдлаар сонгууль хүртэл бужигнуулж, Хөдөлмөрийн үндэсний намын нэр хүндийг унагах, сонгуульд оролцуулахгүй байх явуулга гэж үзэхэд хүрч байгаа юм. Ер нь эвлэлдэн нэгдэж их зорилгын төлөө явахад урвагчид, хутган үймүүлэгч хүмүүс гардаг юм байна. Тиймээс 18 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон намын анхан шатны хороодын дарга нар өнөөдөр нэгдэж, ХҮН-ын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дэмжихээр ирээд байна. Харин нийт гишүүд дэмжигчдэдээ намын нэр хүндийг унагааж байгаа Б.Найдалаа нарын хутган үймүүлэгч нарын явуулгад автахгүй байхыг хүсье.

 

ШИНЭ МЭДЭЭ