Ч.Сайханбилэгийг тойрогтоо урьсан ч ирсэнгүй
2016.05.31
Улстөр

Ч.Сайханбилэгийг тойрогтоо урьсан ч ирсэнгүй

Нам, эвслүүд нэр дэвшигчдийн баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өгөх хугацаа өчигдөр дуусаж, 30-ны өдрөөс зургаадугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн материалыг хүлээн авна.

Үүний дагуу МАН, АН, тэргүүтэй улс төрийн хүчнүүд өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө. Энэ үйл ажиллагаа морин цагт эхэлсэн бөгөөд МАН хамгийн түрүүнд ирсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж байна. СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ. МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40 гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгаа аж.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “Өнгөрсөн баасан гарагт ҮЗХ- гоо хуралдуулж нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд нь тодруулж, баримт бичгийг нь мөн хуулийн гардуулан өгч байна” гэлээ. АН-ын нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь залуучууд байгаа юм. Дээрх хоёр намын тухайд эмэгтэйчүүдийн квотыг биелүүлж, тус бүр 16 эмэгтэй нэр дэвшүүлсэн байна. Үүний дараа “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвшихээр бүргүүлэв. Тус эвслийн СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ бүртгэлийг хүргүүлж буйтай холбогдуулан С.Ганбаатар гишүүн “Эх орончдын нэгдсэн эвсэл”- ийнхэнтэй хамт хүрэлцэн ирсэн юм. С.Ганбаагар гишүүний хувьд УИХ- ын сонгуулийн 43 дугаар тойрог буюу Дархан-Уул аймагт өрсөлдөх бөгөөд Сонгуулийн тухайн хуулийн дагуу эвслийн нэр дээр нам бусаар өрсөлдөх боломжтой гэж үзэж буй аж.

Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдгай нэг тойрогт өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж байсан. Түүнээс энэ талаар тодруулахад “Засгийн газар, төр түүний төлөө ажиллаж байгаа учраас би нэг тойрогт өрсөлдөхийг уриалсан. Ирсэнгүй” гэв. Түүнтэй нэг эвслээс боксын Дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв дэвшиж байна.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянгын даргалж буй “Тусгаар тогтнол, Эв Нэгдэл” эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Тус эвслээс нэр дэвшигчид дунд эдийн засагч Н.Дашзэвэг, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, паралимпийн аварга З.Баатаржав, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Б.Хүдэр-Ян гэх мэт 44 нэр дэвшигч багтаж байгаа юм. Тус эвсэл ийнхүү хуульд заасан хугацаанд багтаж нэр дэвшигчдийн баримт материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөв. Мөн өчигдрөөс бие даагчид материалаа СЕХ-нд өгч эхэллээ. СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авч, хүлээн авснаас хойш нягтлан шалгасны дүнд ирэх сарын 6-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ эцэслэн шийдвэрлэх юм.

 

ШИНЭ МЭДЭЭ