С.Ганбаатар: МАХН-ын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар
2017.03.27
Улстөр

С.Ганбаатар: МАХН-ын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан

-ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛВОЛ ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИУД МОНГОЛЫН БАЯЛАГААР НАЙР ХИЙХИЙГ ЗОГСООНО-

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг орон нутагт ажиллаж байгаа гэсэн. Ямар ажил амжуулаад яваад байна вэ?

-Хөдөө орон нутагт бэлчээрийн асуудлаар ажиллаж байна. Монголын газар нутгийн бэлчээр талхлагдсан. Бэлчээрийн судалгааны ажил хийж байна. Монголын ирээдүй бол мал аж ахуй. Мал аж ахуйгаа яаж хүчтэй болгох вэ гэдэг дээр голлож ажиллаж байна.

-Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа учраас орон нутагт иргэдтэй уулзалт хийгээд, бэлтгэл ажил хийгээд байна уу даа гэж бодох хүн цөөнгүй байна?

-МАНАН-гийнхан тэгж ярьж байгаа, тэгж ярих нь ч зөв. Тэд намайг бэлтгэл ажлаа базаагаад, хөдөө орон нутгаар яваад байна гэж бодоод байх шиг байна. Миний хувьд судалгааны ажлаа хийж байгаа. Мал аж ахуй бол эдийн засгийн гол тулгуур, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү.

-Таныг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэх мэдээллүүд гарах болсон. МАХН-ыг төлөөлж УИХ-д сууж байгаа О.Баасанхүү гишүүн энэ мэдээллийг үгүйсгэсэн. Танд үнэхээр тийм санал тавьсан юм уу?

-Хоёрдугаар сарын дундаас ийм яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Би 25 дугаар телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ яриа надаас гараагүй” гэдгийг хэлсэн. Зарим талаараа МАНАН-гийн явуулж байгаа гүтгэлэг гэж бодож байна. Саяхан энэ мэдээлэл гарсны дараа О.Баасанхүү гишүүн над руу утсаар ярьсан. МАХН-ынхантай ярьсан юм шиг, ярьсан байдлаар ийм мэдээлэл гарч байгаа бол ташаа мэдээлэл байна. Магадгүй жирийн ард иргэдийн хүсэл, хүндэтгэл байхыг үгүйсгэхгүй. Би мэдэхгүй байна. Чи хүсч байгаа бол МАХН-тай ярилцсан зүйл байхгүй гэдгээ хэлэхэд бэлэн байна гэж хэлсэн.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Байр сууриндаа хэвээрээ байгаа юу?

-2015, 2016 онд “Монголын ард түмэнд хандаж би Монголоо авармаар байна. Би ямар нэгэн албан тушаалын төлөө явдаггүй. МАНАН надад сайдын суудал амалж байсан. Монголоо аврахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч болж байж их зүйлийг хийнэ. Би болмоор байна” гэдгээ ил цагаан хэлж байсан. Хумсаа нуусан муур шиг өөр юм бодож явдаг хүн би биш. Би шулуухан хэлдэг. МАХН-аас олон хүчтэй лидер байна. Н.Энхбаяр дарга нэр дэвших байх. Н.Энхбаяр гуай нэр дэвшвэл МАНАН-ын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Монголоо аварья гэж бодож байгаа хүн бүхэн дэмжиж, нэгдэх ёстой. Энд МАН-ын, АН-ын шударга гишүүдийг яриагүй. Дээр нь байгаа бүлэглэлүүдийг ярьж байна. Н.Энхбаяр гуайг нэр дэвшүүлэхгүй хуулийн зүйл заалт яриад байвал Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Р.Эрдэнэчулуун гуай байна. Олон хүчтэй хүн байгаа. Энэ хүмүүс дэмжвэл дэмжиж ажиллана.

-Ер нь та МАХН-ын удирдлагуудтай уулзсан юм уу?

-Гарч байгаа мэдээлэлтэй холбогдуулаад МАХН-ын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан байгаа.

-МАХН-аас таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээч гэдэг санал тавибал яах вэ?

-Хэрвээ ийм санал тавьсан тохиолдолд би МАХН-ын байр суурийг хүндэтгэнэ. Энэ бол намын дотоод асуудал. Миний хувьд Монголын төлөө зүтгэх боломж олдох л юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч болж, үндэстэн дамнасан корпорациуд Монголын баялгаар найр хийхийг зогсоож, Монголын баялгийг ард түмэнд ашигтай, ажлын байр бий болгож, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаагаа хүчтэй явуулна.

-Ямар хүн ерөнхийлөгч болвол энэ улс орон өөдлөн дэвжих юм бол оо. Та нэр дэвшсэн ч бай, үгүй ч бай энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-МАНАН-гийн бүлгээс өөр хүн гарах л юм бол энэ улс орныг удирдаад аваад явна. МАНАН-гаас одоо хэн нэгэн нь гарах юм бол эцэс төгсгөлгүй өшөө авалтаа хийнэ. МАНАН-гийн санхүүжүүлэгч том том бүлэглэлийн төлөөх шийдвэрүүдийг төрийг ашиглаж гаргуулна. МАНАН хэзээ ч “Рио Тинто”, “Оюутолгой”-н асуудлыг шударга болгоё гэж ярьдаггүй. Яагаад гэвэл тэд барьцаалагдсан. МАНАН-гийн төр байгаа тохиолдолд Монголын төр барьцаалагдсан байна гэж үзнэ. Монголд сайн хүн зөндөө бий. Гэхдээ МАНАН-гаас л биш шүү.

-Ард түмний онц зөвлөлд нэгдсэн гэсэн. Сүүлийн үед 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш чимээгүй байсан таны улс төрийн үйл ажиллагаа идэвхжээд байх шиг?

-Ард түмний онц зөвлөлтэй хамтарч ажиллаж байгаа. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зарим аймгийн салбарынхантай хамтарч ажиллаж байгаа. Оффшор данстануудын эсрэг тэмцэж байгаа АТОЗ хөдөлгөөн бол жирийн ард иргэдийн дуу хоолой гэж үздэг. Тиймээс хамтарч ажиллаж байна.

ganbaatar

-АРДЫН НАМЫНХАНД АРДЧИЛСАН НАМЫГ ДЭВСЭХ ЭРХ БАЙХГҮЙ-

-МАН-ын засаг байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд та МАН-ыг хэр ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?

-Ардчилсан намын засаг барьж байх үед би маш их шүүмжилдэг байсан. Энэ үед МАН-ынхан тэдэнтэй дуу аялж хамт хөөцөлдөж явдаг байсан. Өнөөдөр Ардын намынхан Ардчилсан намыг дэвсэх эрх байхгүй. Яагаад гэхээр МАНАН хамт төр барьж байсан. Харин намайг янз бүрээр дууддаг байсан. Ардын намынхан дэндүү сул дорой ажиллаж байна. Тэдний үндсэн улс төр нь мянгат малчинд шагнал гардуулахын тулд том том жиптэй очиж, хэвлэл мэдээллээр гарах. Хүмүүсийг тайвшруулах гэсэн сонгуулийн амлалтуудаа ярьж байна. Үүнийхээ оронд Монгол оронд валют оруулж ирэх нь чухал. Өнгөрсөн 2016 онд  25 сая тонн нүүрс гарсан. Үүний 20 сая тонн нь коксжих нүүрс байгаа. Нэг тн коксжих нүүрсний дундаж үнэ дэлхий дээр 140 доллар байгаа. Энэ утгаар 25 сая тонн нүүрс ойролцоогоор гурван тэрбум орчим доллар болно. Яагаад Монгол Улс өрнөөс гарахгүй ийм ядуу байгаа юм бэ. Өнгөрсөн зургаан жилд ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын зэсийн баяжмал гарч байсан. Ихэнхийг нь буюу сая гаруй тонныг Оюутолгой гаргадаг. Энэ 2.5 тэрбум ам.долларын баялгаас бид яагаад олигтой юм авахгүй, ядуураад өрөнд ороод байна вэ. Энэ асуудлыг хамгийн түрүүнд ярина гэдэг нь Засгийн газрын үндсэн ажил. Ард түмнээсээ хандив гуйх, морин уралдаан явуулна, явуулахгүй гэж ярих, хүүхийн амралтыг сунгана, сунгахгүй гэж ярих жүжигчилсэн тоглолтуудаа МАН-ынхан зогсоох ёстой.

-Үндсэн ажлаа хийхгүй байна гэж үү?

-Тийм ээ. Шууд үндсэн ажилдаа ор л доо. Уул уурхайн урсан гарч байгаа баялгаа, Оюутолгой, Тавантолгойн гэрээгээ эргэж харах хэрэгтэй. Манайх 24 тэрбум ам.долларын өртэй. Одоо бид өрнийхөө хүүг төлж чадахгүй байна. Жилд нэг тэрбум долларын хүү төлнө гэдэг мөхөл болчихоод байна. Энэ өрийг яаж дарах вэ. Малчдаас татвар нэмж авах уу. Энэ бол боломжгүй. Багш, эмч нар, жижиг дунд үйлдвэрийнхнээс татвар нэмж авах уу, боломжгүй шүү дээ. Ганцхан уул уурхайн баялгаасаа бид ашгаа хүртье гэж байгаа юм. Ашигтай гэрээ хийе гэж байгаа юм. Энэ миний 13 жил ярьж байгаа зүйл. Хэзээ ч би уул уурхайг зогсооё гэж ярьдаггүй. Монголчуудад ашигтай байхад анхаарч гэж ярьдаг. Монголчууд бид амиа бодсон арчаагүй улсууд биш. Ганцхан нөгөө хулгайч нарын гар, хөл болсон Монголын зарим нэг улс төрчид биднээс илүү ухаантай ажиллаад байна гэсэн үг.

-Засгийн газар Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болоод байгаа. Төсвийн тодотгол өргөн баригдсан. Татвар нэмэх асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Монголын жирийн ард иргэд, багш нар, эмч нар, тэтгэврийн насны хүмүүсийн татварыг нэмэх гэж оролдож байгаа явдал бол олигархиудын олиггүй, ардчилагчдын МАНАН-гийн тансаглаж найр хийсэн мөнгийг харц ардуудаас татаж авна гэсэн санаа. Энэ бол сайн зүйл биш. Нурах байшин дотроосоо гэж ярьдаг. Хов, хонзонгоор өвчилсөн МАНАН-гийн энэ үе дуусч байна. Ард иргэдийн нуруун дээр үүрүүлж байгаа энэ татварыг эсэргүүцэж байна. Харин монголчууд бид үйлдвэр баримаар байна. Нефть, зэсийн үйлвэр барихад монголчууд бид татвараасаа, баялгаасаа мөнгө босгоё гэвэл хүлээн зөвшөөрөх ёстой. Улс төрчдийн увайгүй тендердсэн энэ мөнгийг жирийн ард иргэдээс авна гэдэг огт байж болохгүй зүйл.

-Бүсээ чангалах шаардлага тулгарч байгааг эртнээс анхааруулаад байгаа шүү дээ?

-Бүсээ чангалах зүйл бол гурван сая хүнтэй монголчуудыг эдийн засгийн дампуурал руу хөтөлнө гэсэн үг. Өдөрт Оюутолгойгоос долоон сая долларын баялаг гардаг. Монголд юу орж ирдэг вэ гэхээр газрын түрээс буюу 100 сая доллар орж ирдэг. Ашгийн хуваарилалтын тухайд 2038 он хүртэл ямар ч ашиг авахгүй. 2039 онд гэрээ дуусна. Гэтэл долоон сая долларын баялаг гараад байхад хоёр сая долларын өрийн бичилт хийгддэг. Монгол орон өрөнд ороод байна. Тиймээс уул уурхайн гэрээнүүдээ эргэж харах ёстой. Гуравхан сая хүнтэй орон өлөн зэлмүүн тарчигхан байх үндэс байхгүй.

-Евро бондын өрийг Хуралдай бонд гаргаж төллөө. Өрийг өрөөр дарсан тухайд та юу хэлэх вэ?

-Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд их л мундаг юм хийчихсэн аятай ярилаа. Энэ Засгийн газар, улс төрчдийн хийдэг үндсэн ажил нь худлаа шоу. Өрийг өрөөр дарчихаад, өр дарлаа гэж хэлэх чинь худлаа ярьж байгаа гэмт хэрэг. Тав хүрэхгүй хувийн хүүтэй өрийг найм гаруй хувийн хүүтэй өрөөр дарна гэдэг бол өр дарсан хэрэг биш шүү дээ. Өөрөөр хэлбэл өвчиндөө шаналж байгаа хүнд морфин тарьж намдаачихаад, эмчилчихлээ гэж хуурч байгаатай адилхан. Тэрний оронд “Рио Тинто”, үндэстэн дамнасан коропрациудтай ярилцаад, рояалтигаа нэмье гэвэл өрөө дарж байгаа хэлбэр мөн. Анх 2009 оны 10 дугаар сарын 6-нд Оюутолгойн гэрээ зурагдаад, баялгаа гадныханд өгч байхдаа ажилгүйдэл, ядууралгүй болно гэсэн. Харамсалтай нь бид ажилгүйдэл, ядуурал дээрээ нэмээд өртэй сууж байна. 2010 онд хоёр тэрбум ам.долларын өртэй байсан бол өнөөдөр 24 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Ганбаатарыг маш ихээр доромжилдог, зовоодог. Хэрвээ би, бидэн шиг хэдэн хүмүүс тэмцэхээ больчих юм бол Оюутолгой, уул уурхайн баялгийн араас хэн ч хөтлөлцөхгүй, монголчууд тавиад тууж байгаа юм шиг санагддаг. “Рио Тинто” орж ирж дээрэмдээд байгаа юм биш, тэдний гар, хөл болсон хүмүүс бэлэглээд байгаа юм. Үүнийг л зогсоох хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүн байхдаа энэ талаар нэлээн ярьж, тэмцдэг байсан. Одоо жирийн иргэн болчихсон, тэмцлээ яаж үргэлжлүүлэх юм бэ. Үр дүнгүй тэмцэл болох юм биш үү?

-Ямар ч байсан ерөөл бат оршиг. Нэг сайхан нартай өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгч болж энэ бүхнийг шийднэ гэж боддог. Би 76-гийн нэг байсан. Монголын ард түмэн надад боломж олгосон. Би их баярладаг. Тэр боломжийг өндрөөр ашигласан. Нэг хүн яаж тэмцэж, яаж боорлуулдагийг харуулсан. Дарханчууддаа баярладаг. Над шиг Дубайн нууц гэрээг ухсаар байгаад гаргаж ирсэн гишүүн байхгүй. Би Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүдтэйгээ хамтарч амжилттай байсан. 76 гишүүнтэй тэмцдэг нэг албан тушаал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил. Монголоо аварна. Надад тийм боломж олдоно. Ийм их тэмцэл дундуур тэмцэж боллоо, дараа үе гарч ирж тэмцэнэ биз дээ гэж хэлэх юм бол над шиг 13 жил тэмцээд, туршлагажаад хатуучихсан хүнээс өөр хүн гарч ирнэ гэхэд их зовно доо. Боломжгүй болов уу гэж айдаг. Нөгөө тал чинь маш их мэргэшчихсэн.  Намайг гөвөх тоос байхгүй болчихлоо. Гэхдээ эд нар нэг юм зохионо л доо. Залуу үеийг зөв, улс төрийн хүчтэй лидер болгож мэргэшүүлж, сургах нь миний үүрэг. Энэ миний хоёр дахь ажил. Монголын залуучуудын шинэ улс төрчдийн хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн улс төрчид бэлтгэлгүй гарч ирж байна. Намайг бол ард иргэд маань бэлдсэн. Би улс төрд цэвэр байгаа ч намайг 20 гаруй жилийн өмнө төгсөж чадаагүй сургуулиар минь зовоодог. Энэ бол цэвэр байгаагийн шинж. Монголд хүрч ирээд, сургууль төгссөн байхад тэрийг ярьдаггүй. Тэдэнд ч ярих шаардлага байхгүй л дээ.

ganbaatar

-БИ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ҮРГЭЛЖ АЙЛГАДАГ-

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байна гэж ойлголоо. Аль нэг намд орох уу. Дээр дурдсан МАХН ч юм уу?

-Ерөнхийлөгч нам бус, ард түмнээсээ сонгогдох ёстой. Намын орой дээр суудаг жинхэнэ мафийн толгойлогч үнэмлэхээ авдрандаа аваачиж хийчихээд, би нам бус гэж хэлээд гарна гэдэг бол ард түмнийг хуурч байгаа хэрэг. Ард иргэдэд аль нь тус дэмтэй вэ гэдгээс л болно. Олон жил ганцаараа зүтгэсэн. Ямар ч байсан би хүчтэй бүлэглэл, хамт олныг бүрдүүлж байгаа.

-Та Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар ажиллаж байсан. Нэг хэсэг намын даргаа булаацалдаад, шүүх цагдаадаа тулсан асуудал юу болсон бэ. Та тэр намын гишүүн хэвээрээ байгаа юу?

-Хөдөлмөрийн Үндэсний нам бол зөв сэтгэлтэй залуучуудын хүч байсан. Тэр залуучуудад Монголын төлөө зүтгэхэд нь боломж олгож, өөрийн туршлагаасаа хувь нэмэр оруулна гэж бодож зүтгэсэн. Биднээс МАНАН ухаан алдталаа айсан. Тэд тагнуул, туршуул оруулсан, хутган үймүүлсэн. Барьцаалагдсан Дээд шүүхээр нам цохиж, биднийг сонгуульд оруулаагүй. Энэ бол гунигтай. Миний хувьд Хөдөлмөрийн Үндэсний намд тос болдоггүй л юм бол гай болохгүй гэж хэлээд, даргынх нь үйл ажиллагааг өгөөд гарсан. Одоо би нам бус.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах тухай хувилбар яригдаж байсан. Ард түмнээс бус танхимаас сонгогдох хувилбар. Нэг нам дангаараа эрх барьж байгаа энэ үед Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийгээд ийм байдал руу шилжүүлчихвэл яах вэ?

-МАНАН ард түмэндээ хандах нүүргүй болчихсон учраас ийм асуудал ярьж байгаа. Гурван сая хүний сая 800 мянган сонгогчоос санал авна гэдэг бол тэдэнд бэрхшээлтэй. МАХН-аас хэн нэр дэвшинэ, тэр хүн ялалт байгуулах магадлал өндөр. Тэгэхээр энэ байдлыг тооцоолж судалгаа хийж үзээд, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Шадар сайдыг томилж байгаа аятай Ерөнхийлөгчөө сонгох юм бол Монгол оронд шударга ёс их л үгүйлэгдэнэ дээ.

-Орон нутгийн иргэд таниас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуух юм уу. Таныг дэмжихээ илэрхийлж байна уу? Хандлага хэр байна вэ?

-Ард иргэдийн дунд уулзалт хийгээд явж байхад их урам өгдөг. Энэ урам, дэмээс эрч хүч авч явдаг. Тэрнээс биш олигархиуд баахан балбана. Энэ үед урам дэм өгч, чамайг дэмждэг шүү гэж дэм өгөхгүй удах юм бол хэцүү. Би чинь хүн шүү дээ, эрч хүч маань хязгааргүй биш. Азаар Монголын ард түмэн маань ухаалаг. Шударга сэтгүүлчид олон учраас миний ажил эрч, хүчтэй явдаг. Би МАНАН бүлэглэлийг үргэлж айлгадаг.

-УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаанаа та юу гэж дүгнэсэн бэ. Сонгуулийн өмнөх Хөдөлмөрийн Үндэсний намын маргаан нөлөөлсөн гэж үздэг үү?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг нарийн ширийн юм ярих хэцүү байна. Миний оронд доктор Баттөмөр гуай гээд тулхтай сайн хүн гарсан. Сэтгэл өндөр байна. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг юм. Өнөөдөр чамд ярилцлага өгөөд, ард түмэнтэйгээ нүүр бардам уулзаад явна гэдэг бол миний ялалт. Би гишүүн болсон ч тэмцэнэ, болоогүй байсан ч тэмцэнэ. Өмнө нь ч тэмцэж байсан.

Ж.ГАНЦЭЦЭГ

ШИНЭ МЭДЭЭ