Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх долоо хоногийн Баасан гарагт болгож наашлууллаа
2017.06.28
Улстөр

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх долоо хоногийн Баасан гарагт болгож наашлууллаа

2017 оны 6 дугаар сарын 27-нд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ хуралдан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцээд дахин санал хураалтыг 7 дугаар сарын 9-ний өдөр явуулахаар тогтсон. 

Уг шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намаас сонгууль, наадам хоёрыг зэрэгцүүлэн явуулах нь дахин сонгууль явуулах башир арга учир санал хураалтын хугацааг наашлуулахыг шаардсан. Мөн МАХН-ынхан сонгууль болсноос долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулах хуультай болохыг сануулж, тус хороонд шаардлага хүргүүлсэн юм.

Улс төрийн намуудын шахалт, шаардлагад үндэслэн өнөөдөр СЕХ хуралдаж, анхны шийдвэрээ өөрчлөн Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг 7 дугаар сарын 7-ны өдөр явуулах болсноо хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.

Ингэж хоёр өдөр наашлуулсан нь дахин санал хураалт явуулах бэлтгэл ажлыг базаахад хамгийн тохиромжтой хугацаа гэж СЕХ мэдэгдэж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар ирэх долоо хоногийн Баасан гарагт дахин өрсөлдөх болж байна. 

МАН-Д САНУУЛГА, АН-Д НАЙДВАР, МАХН-Д УРАМ ӨГСӨН СОНГУУЛЬ БОЛОВ

6 дугаар сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль эхлэхээсээ дуусах хүртлээ бүхэлдээ бодлогын өрсөлдөөн бус бие бие рүүгээ дайрч давшилсан, нэг нэгнийхээ фактыг дэлгэсэн бүдүүлэг маягийн сонгууль болж өнгөрлөө. 

Яг үнэндээ сонгогч бидэнд сонголт байсан уу, үгүй юу гэдэг нь сонгуульд нэр дэвшигчдийн саналын зөрүү, сонгуульд оролцсон боловч цагаан хуудас уншуулсан иргэдийн эсэргүүцлээс шууд харагдаж байна. Нэг үгээр олон нийт нэгэн дуугаар үг дуугүй хүлээн зөвшөөрөх лидер байсангүй.

М.Энхболдын хувьд эрх баригч намын дарга, 2016 онд 65-уулаа болсон гэдэг утгаараа Ерөнхийлөгч болно гэдэгтээ ам бардам, итгэл төгс байсан биз.

Гэвч аливаа зүйлд хэт бардах хэрэггүй байдгийн тод жишээ өчигдрийн сонгууль боллоо. Өнгөрсөн парламентад бүх бурууг тохож, ОУВС-гийн хөтөлбөрөөр шалтаглан хэд хэдэн төрлийн татвар нэмснийхээ дараа сонгууль дөхөхийн цагт эдийн засагт гэрэл аслаа гэж мэдэгдсэнд иргэд үнэндээ ундууцсан бололтой. 

Хоёр өрсөлдөгчийгөө бодвол мэдлэг боловсрол, улс төрийн туршлага, хат суусан байдлаараа ялгарч, мөрийн хөтөлбөрөө ард иргэдэд энгийн ойлгомжтой тайлбарлахын оронд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга руу дайрсаар байсан нь "дарин дээр давс нэмэв"-үү гэлтэй.

Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын дарга зэрэг улс төрийн өндөр албан тушаалд хүрсэн түүний оргил нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох. Харьцангуй залуугаасаа дарга хийсэн түүний хүрсэн амжилтыг удирдах авьяас чадвартай нь холбон ойлгож болох боловч асуудалд хэт ерөнхий ханддаг гэм байна.

Тиймээс тулхтай, ноён нуруутай, төлөв түвшин гэсэн ерөнхий имижээ хадгалахын сацуу амжилтандаа хэт бардахгүй байх, УИХ-аас гарч буй хууль тогтоомж, бодлого шийдвэрт анхаарч, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, асуудал дунд орж шийдвэрлэхийн төлөө буюу товчхондоо төрийн бодлогыг зөв залуурдан чиглүүлэх ажлаа сайн хийх хэрэгтэйг сануулав. 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд М.Энхболд руу дайрсаар байв. 2016 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсан учраас АН ч тэр, Х.Баттулга ч тэр Ерөнхийлөгчийн сэнтийгээ МАН-д алдахыг хүсээгүй. Тиймээс бодлого ярихаасаа илүү өрсөлдөгчөө харлуулах нь түүний гол тактик байв. 

Сонгуулийн сурталчилгаа, баримт материалаа бүхэлдээ залуус руу чиглүүлсэн нь байнга шинийг эрэлхийлж байдаг тэдэнд зориулсан ончтой хараа байж, гадаадад амьдарч байгаа Монголчууд болон нийслэлчүүдийн дийлэнх саналыг авч чадлаа. 

Тэрээр АН улс төрийн тавцанд байраа тавьж өгөх болоогүй гэдгийг нотолж, Ц.Элбэгдоржийн халааг авахад хамгийн ойрхон хүнээр тодорсон нь сэтгэлээр унаад байсан АН-д найдварын гэрэл асааж өгөв. Түүний мэтгэлцээний үеэр барьсан имиж сонгогчдод багагүй нөлөөлсөн гэдгийг энд онцлох хэрэгтэй. 

С.Ганбаатар олон нийтэд таалагддаг гэдгээ нотлов. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч гишүүн болж чадаагүй боловч Ерөнхийлөгч болж чадах аавын хүү гэдгээ түүнийг басамжлан доромжлогчдод харуулаад авлаа.

Мэтгэлцээний явцад Монголоо гэсэн чин сэтгэл "үнэртүүлсэн" гэдгийг нь тодотгоё. Нийт сонгогчдын 30 хувийн саналыг авсан нь түүнд төдийгүй МАХН-чуудад урам өгч, 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нүүр бардам нэр дэвших болж байх шиг. 

Дахин санал хураалт 7 дугаар сарын 9-ний Ням гарагт болно

Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэл хийлээ. 6 дугаар сарын 27

Өчигдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд сонгуулийн насны нийт иргэдийн 68,27 хувь нь саналаа өгсөн гэж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ дурдлаа. Сонгуулийн ирц 50 хувиас дээш байсан учраас сонгуулийг хүчинтэйд тооцсон, харин нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувь+1 санал авч чадаагүй учраас дахин санал хураалт явуулах болсон тухай тогтоол гаргажээ. 

Дахин санал хураалтад нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга нар тунаж үлдсэн бөгөөд хэрэв дахин санал хураалт явуулаад ч хэн нэг нь нийт иргэдийн олонхийн санал авч чадахгүй бол дахин сонгууль явагдах юм. 

Урьдчилсан дүн гарлаа

6 дугаар сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр /2017.06.27-ны 10:00 цагийн байдлаар/ нийт 1 339 125 сонгогчид санал өгснөөс МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд 411 748 саналтай буюу нийт сонгогчдын 30,32 хувийн саналыг авсан бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517 478 саналтай буюу 38,6 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409 899 саналтай буюу 30,19 хувийн санал аваад байна.

Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд “Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэж заажээ.

Хуульд зааснаар хэн нэг нэр дэвшигч 50%+1 буюу олонхийн санал авч чадаагүй учраас нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалт явуулах төлөвтэй байна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явагдах юм. 

ШИНЭ МЭДЭЭ