МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.04.26
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Г.Тэмүүлэн: Хийх ажил нь ойлгомжтой, үр дүн нь бодитой байх хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулаа.

Г.Тэмүүлэн: Бид цахимыг асуудал дээр тодорхой хэмжээнд засаглал талаасаа зөв тогтолцоог бий болгох шаардлага байна. Цахим бодлого гэдэг бол маш өргөн цар хүрээтэй асуудал.

Яг тодорхой зорилго, чиглэлтэй, тодорхой үр дүнтэй байх хэрэгтэй.

1 жил гэдэг бол урт хугацаа биш. Энэ хугацаанд бидний хийх ажил энэ гээд нэг л том ажлыг барьж авах хэрэгтэй. Цахим гэдэг том сэдвийн бүх асуудал руу орно гэвэл 1 жилийн дотор "живнэ".  Засгийн газрын зүгээс Мэдээллийн харилцаа, холбооны газар, агентлагуудын зүгээс хийж байгаа зүйлс бий. Түр хороо байгуулагдлаа гээд гүйцэтгэх засаглалын хийх ажлыг өмнөөс хийдэг биш байгаасай гэж бодож байна. Бидний дунд нэн тулгамдаж байгаа асуудал бол нийтийн сүлжээний асуудал. Магадгүй энэ асуудлаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө нэг жилийн дотор ажлаад, асуудлыг гаргана гэвэл зүйтэй. Үр дүн нь тодорхой байгаасай л гэж хүсэж байна. 

Цахим орчинтой холбоотой эрх зүйн орчин хангалтгүй байгаа гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Агентлагийнхан ч гэсэн Нийтийн сүлжээний тухай төслийг боловсруулж байгаа гэж байна. Цахим орчинд хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. 

Агентлагаас "Хур" гэдэг цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор ажиллаж байна. Гэтэл төсөв яригдах үеэр үүн дээр бараг мөнгө тавиагүй. Энэ хүрээнд асуудлыг ярьж болно.

Нийтийн сүлжээний хуулийн хүрээнд цахим орчноос хүүхэд хамгааллын асуудал хүндэрч байна. Гэр бүлийн түвшинд судалгаа хийж үзэхэд нийт хүүхдийн 40-50 хувь нь цахим сүлжээнд холбогддог. Холбогдсон хүүхэд дотроос 40-50 хувь нь сэтгэлийн хүнд дарамтанд орох зэрэг сөрөг нөлөөнд автаж байна. Тиймээс бодлого гаргах ёстой.

Ж.Энхбаяр: Эхний ээлжинд төрийн албаны бүтцийг үр дүнтэй, уялдаатай, зөв зохион байгуулалтанд оруулан саналыг оруулж ирнэ. Улмаар төрийн албыг ил тод хүртээмжтэй, авилгаас ангид, төр иргэний хооронд бүхий л харилцааг хүнд сурталгүй, шуурхай олгох том зорилтыг хэрэгжүүлнэ.

Мөн Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болгож ашиглана. Түүнчлэн салбарын аюулгүй байдлыг хангах чадавхийг бүрдүүлнэ. Сошиал орчин дахь хууль эрх зүйн зохицуулалтууд, салбарын хэрэгжүүлэх төрийн бодлогыг оруулах зорилготой ажиллана. Мэдээлэл технологийн салбар бол зөв зохион байгуулалтаар ажиллабал бага зардлаар асар их үр дүнд хүрч болдгийг хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд бүгд мэдэж байна. Тиймээс цаг алдахгүй, цахим шилжилтийг яаралтай хийх шаардлагатай. 

ШИНЭ МЭДЭЭ