МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Түрээсийг тэглээд түрээслүүлэгч эзэдтэй нь Засгийн газраас зохицуулалт хийе

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

Энэ хуулийг дэмжиж байгаа. Ер нь гишүүд бидний зүгээс дөрвөн гол асуудал яриад байгаа. Банкны хүүг хойшлуулахын оронд тэглээд өг. Цахилгаан дулааныг тэглээд өг. Түрээсийг тэглээд өг. Түрээслүүлэгчийн зовлон гэж байна. Түрээслэж байгаа хүмүүс татвараас хөнгөлөгдчихлөө. Банкны хүү дээр тодорхой зохицуулалт, хөнгөлөлт эдэлчихлээ, цахилгаан дулаан тэглээд шийдэгдчихлээ. Бууруулсан түрээсээ ч иргэд төлж чадахгүй хэмжээнд байгаа. Энэ утгаараа худалдаа үйлчилгээний хүмүүст түрээсийг нь төлж өгөөд, цаана нь түрээсэлж байгаа хүмүүстэй нь төр яръя. Үүнийг шийдэж өгөөч.

Түрээсийг тэглээд харин түрээслүүлэгч эзэдтэй нь Засгийн газар зохицуулалт хийвэл энэ жинхэнэ арга хэмжээ авч байна гэж үзэж байна. Миний саналыг дэмжиж өгөөрэй. Үүн дээр болохгүй гэх шалтгаан байна уу? Ж.Ганбаатар гишүүн хэлж байсан. Хэрэгжихүйц, ойлгомжтой байх ёстой. Ямар нэгэн хүнд суртал, бэрхшээл байгаад байвал үр шимийг нь түрээс төлж байгаа эзэд, түрээс төлж байгаа жирийн иргэд үр шимийг нь хүртмээр байна гэсэн байр суурь хэлж байна.

Учир нь түрээс төлөөд бизнес хийж байгаа хүмүүст ямар ч орлого байхгүй байгаа. Харин хугацааны хувьд ярьж болно. 11-р сарын 13-аас хойш нийт ард иргэд бараг сар орчим ямар ч орлогогүй байлаа. Тэдэнд үр дүн гарахуйц, хэлбэржүүлэхэд хялбар болно гэсэн байр сууриа илэрхийлж байна. Ингэвэл болох уу? Ямар нэгэн гацаатай бэрхшээлтэй зүйл байгаа юу?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын гэрээ иргэний зохицуулалтаар явагддаг юм. Түрээслэгч, түрээслүүлэгч аль аль нь бизнес хийж байгаа байгууллага. Түрээслэгч нь ч бас хүнд байдалд орж байгаа. Тэгэхээр үүнийг тэглэнэ гэдгийг төрөөс зохицуулах ямар ч боломж байхгүй. Харин түрээсийнхээ төлбөрийг дорвитой буулгах орон зайг бид гаргаж өгөх ёстой. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Таны хэлж буй зүйл татварын хуулиар орж ирж байна гэж ойлгож болно. Өнөөдөр 18.8 түрээс дээр дэмжлэг авсан явж байна. 4000 орчим түрээслүүлэгч нар энд хамрагдаад явж байгаа нь сайн үзүүлэлт юм. Таны хэлснийг судлаад нэмэлт тайлбар өгье.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэмэлт тодоруулга хийлээ:

Засгийн газрын зүгээс хичээж байгаа, олон алхамууд хийж байгаа. Харин очих цэг дээрээ үр дүнгээ өгөх тал дээр гишүүд бид санаа зовж ярьж байгаа юм. Түрээс хийж байгаа хүмүүс төрийн шийдвэрээр таг хаагдчихсан байхад түрээсийн асуудал хүнд болно. Тэр том байшингийн халаалт дулааныг тэглэж, татвар, хүүгийн асуудлыг шийдсэн байхад тэглэх буюу зөвхөн хэдэн түрээс төлдөг том түрээслэгч нарын эрх ашгийг хангаад зогсчихгүй гэдгийг баталгаажуулахын тулд түрээс төлж байгаа ард иргэдэд үүний үр шимийг хүртээхийн тулд ажлын хэсэг дээр тооцоо судалгаатай нь ярина.

ШИНЭ МЭДЭЭ