Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ
2020.12.30
Улстөр

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.30) хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа нар хуралдааны танхимд хүрэлцэн  ирж, цахимаар 10 гишүүн ирцэд бүртгүүлснээр ирц бүрдэж 10 цаг 08 минутад хуралдаан эхлэлээ. 

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 8.3.15 дахь дэд заалтын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор төсвийн ерөнхийлөн захирагч болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 2019-2020 оны үйл ажиллагааг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар  Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Амарсайхан, Ц.Анандбазар, Ж.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.4 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 

Хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 2019-2020 оны үйл ажиллагааг хамруулан хийх хяналт шалгалтыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгаснаар хуралдаан өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ