2021.01.23
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Муу ч бай, сайн ч бай бид өөрөө өөрсдөдөө итгэх цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Монголчууд бидний хамгийн том алдаа өөрөө өөрсдөдөө итгэдэггүй. Оюутолгой, уул уурхай томоохон бүтээн байгуулалтуудад гадны хүн хайгаад явчихдаг.  Муу ч бай, сайн ч бай бид өөрөө өөрсдөдөө итгэх цаг болсон. Анх "Тамсаг Соко" Канадын компани гээд гүйсэн биднийг хөрш оронд худалдчихаад одоо “ПетроЧайна Дачин Тамсаг”  гээд явж байгаа. Яаж хулхидуулж, луйвардуулж байгааг мэдэж байгаа. Муу юмнаас сайн юм үүсдэг гэдэг шиг. Тэгэхээр гадагшаа түүхий нефть гаргаад боловсруулсан бинзен оруулж ирж зардаг газар ганцхан Монгол байгаа. Хойд Солонгос хоёр боловсруулах үйлдвэртэй. Тэгэхээр энэ хамт олонд итгэнэ. Өөр арга зам байхгүй. Би бол Үйлдвэрлэлийн байнгын хорооны шугамаар энэ баг хамт олонтой уулзаж байсан. Маш их хичээн зүтгэж байгаа хамт олон юм.

Дүрэм стандартыг газрын тосны дамжуулах хоолой, төсөл зургийг бүгдийг Англи хэл дээр орчуулж оруулж ирнэ гэсэн байна. Англи дээр нь хүлээж авъя. Энэ дээр Монголын цаг уур, стандарт нөхцөлд тохирохгүй зөрүү гарах вий. Үүн дээр төлөвлөсөн зүйл юу байна?

Ажиллах хүчийг гадаадаас авах зөвшөөрлийг шуурхай олгохыг хуульчилж байгаа юм байна. Энэ шатахууны үйлдвэрийн ажилтан манайд байхгүй. Гаднаас эхний ээлжинд оруулж ирж болно. Монгол ажилчид, инженерүүдээ хүчтэй, хурдан бэлдэх хүний нөөцийн төлөвлөгөөгөө Засгийн газраар батлуулах ёстой. Энэ байгаа юу? Ямар шатандаа явж байна вэ?

Тосон уул, Тамсагийн ордууд хүрэлцэхгүй бид орд газрууд нээе гэж байна. Үнэн. Тэгэхгүй бол нэг олигархууд авчихна шүү. Хурдхан шиг өөрийн нэр дээр авах хэрэгтэй.

Ажлын хэсгийн төлөөлөл:

Стандарт гэж байна. Монгол Улс гадаадын стандартыг жилд 6-10-ыг хөрвүүлж нутагшуулдаг юм байна. Гэтэл шинэ салбар гарч ирсэн 1500 орчим стандарт хэрэг болсон. Гэхдээ бид үүнийг дотор нь хоёр хуваасан. Яг үйлдвэр ашиглалтад орсноос хойш хэрэглэх 500-аад стандартыг зайлшгүй Монгол хэлэнд хөрвүүлж бүртгүүлээд ашиглана. Орчуулах ажлуудыг аль болох хямд зардлаар өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад 2025 онд үйлдвэр ашиглалтад ороход Монголын стандарт болгосон байхаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Ер нь бол орд газруудаас нэгэнт төрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн газруудаа түргэн харъяалуулж авахгүй бол манай бүлэглэлүүд ухаантай, толгой нь ажиллана. Аль хэзээний очоод сандайлаад суучихна шүү.

Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулсан нэртэй журмын эрхийг Засгийн газарт өгч байгаа. УИХ-ын маш том хариуцлагыг өгч байгаа гэдэг утгаараа хурдан, шуурхай явуулахаас өөр арга байхгүй. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байнга хяналт тавьж, хэрэгжилтэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлж явах ёстой гэдэг байр суурийг УИХ-аас гарах хууль тогтоомжид тусгаж оруулах ёстой гэдэг саналыг хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ