Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч нь буцаан татлаа
2021.03.16
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч нь буцаан татлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаан 10 цаг 10 минутад  ирц бүрдсэнээр эхэллээ.

 Хуралдаанаар Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх болон “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

 Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдэд товч танилцуулга хийхдээ эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилготойг онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Чинзориг, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар хариулт өглөө.  

  Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Бейсен, С.Одонтуяа, С.Ганбаатар, С.Чинзориг, М.Оюунчимэг нар үг хэлэн байр сууриа илэрхийлэв. Гишүүд төсөл санаачлагч нь хуулийн төслийг буцаан татаж аваад, нэмж судлан, дахин боловсруулж, оруулж ирэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн явцад салбарын сайд хуулийн төслийг буцаан татаад, сайжруулж оруулж ирье гэдэг саналыг гаргасан юм.

ШИНЭ МЭДЭЭ