Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулна
2021.03.25
Хүний эрх

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. 

Манай улсад  хүний эрхийг хамгаалах ажил явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх, дарамт шахалтад өртөх явдал ихээр гарч байгаа. Гэвч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, ажлыг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 4 бүлэг 15  зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр бүлгийн нэр томьёоны хэсэгт “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Мөн “Хуулийн үндсэн зарчим” хэсэгт хүний эрхэм чанарыг хүндэтгэх, ёс зүйтэй байх зарчмыг тусгаснаар аливаа этгээдийн үйл ажиллагаанд удирдлага болгох чиглэлийг хуульчилах аж.

Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт хүний эрхийн хамгаалагчийн ажилд зайлшгүй шаардлагатай олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ ажиллахдаа хориглох зүйлийг тусгайлан зааж өгсөн болно.

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан.

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. 

Хуулийн төслийг баталснаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Т.Аюурсайхан, Л.Мөнхбаатар нар Хуулийн төсөлд ХЭҮК-ын дэргэд долоон хүний бүрэлдэхүүнтэй Хүний эрхийг хамгаалагчийн хороо байгуулахаар тусласан буруу хэмээн шүүмжлэв. Түүнчлэн Н.Алтанхуяг ХЭҮК хүний эрхийг хамгаалах ажлыг хийх тул уг хуулийн төслийг санаачлагч нь татаж авах хэрэгтэй хэмээв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хуулийн төслийг хэлцэхийг дэмжсэн. Дан ганц ХЭҮК бүх хүний эрхийг бүрэн хамгаалж чадахгүй. Үүнд иргэдийн оролцоо чухал. Хуулийн төсөлд энэ талаар зохицуулалт тусгаснаараа чухал ач холбогдолтой” хэмээв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ