Хүний эрхийн хамгаалагчид хуулийн хамгаалалттай боллоо
2021.04.01
Хүний эрх

Хүний эрхийн хамгаалагчид хуулийн хамгаалалттай боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. 

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ. Тодруулбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг  2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс байхаар, хүний эрхийн хамгаалагчид хориглох үйл ажиллагааны зарим зохицуулалтыг хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслөөр нь үлдээх талаар тус тус санал гаргасан байна.

    Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл хороондын зөрчлийг арилгах шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгахаар ХЗБХ-ны хурлаар шийдвэрлэсэн байна. 

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хүний эрхийн хамгаалагчийн хорооны дарга байх тухай ажлын хэсгээс гаргасан саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул хууль хоорондын уялдааг хангаж, зөрчлийг арилгах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсныг танилцуулгад дурдсан.

    Түүнчлэн, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ