МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Наранбаатар: Уул уурхай, олборлох салбарын ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 боллоо
2021.06.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Наранбаатар: Уул уурхай, олборлох салбарын ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 боллоо

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна.Уг хуультай хамт ямар хуулиудад нэмэлт, өөрчлөлт орох вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш нийт 24 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан бөгөөд нийгмийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Засгийн газраас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлтэй хамт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэг нийт дагалдах 15 хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орох болно.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ажлын хэсгээс 159 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, Улсын Их Хурлын намрын болон хаврын чуулганы бүрэн эрхийн хугацаанд хэлэлцүүлж байна.

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцэслэн батлуулах, бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон гол өөрчлөлтүүд юу вэ?

Хуулийн төсөлд гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ гэсэн гэрээний шинэ төрөл нэмэгдсэн. Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдагаас өөр газарт ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор бүтээгдэхүүн ажил үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон гэрээг хамааруулсан.

Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч нь ажилтны  ажил үүргээ зайнаас буюу цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй байгуулсан гэрээний төрөл орно. Цар тахлын үед ажил олгогч нар ажилтны ажлын байранд бус зайнаас цахим сүлжээг ашиглан ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн нь энэ гэрээний төрөл манайд хэрэгжих үндсэн боломж нь бүрджээ, гэдгийг бодитоор харуулж байна.

Хөдөлмөрийн гэрээний талуудад ажил олгогч нь эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн байж болно гэж оруулсан. Иргэд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүнд аймаг, дүүргийн төрийн захиргааны байгууллага, эсхүл суманд Засаг даргын тамгын газар зөвлөгөө өгч, бүртгэх, туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний харилцааны онцлогыг хуулиар тусгайлан зохицуулж өгсөн юм.

Цалин хөлс, олговор олгох харилцааг зохицуулахдаа шинээр хуулийн төсөлд туслах малчны цалин хөлсийг олгох харилцааг тусгайлан зохицуулсан. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30 хувиас илүүгүйг мөнгөн бус хэлбэрээр олгоно. Мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөд тусгайлан шаардлага хангасан байх нөхцөл, хориглох зүйлсийг тодорхойлсон. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан нь онцлог болсон.

Мөн уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горимыг зохицуулсан нь энэ хуулийн төслийн нэг гол өөрчлөлт болж байна.

Уул уурхайн салбарт ажиллагсдын дунд хүлээлт болсон ажил амралтын тэгш хуваарь буюу 14/14 болсноор тэдний хөдөлмөрийн нөхцөлд өөрчлөлт орох уу?

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд уул уурхайн компаниудын үйлдвэрчний эвлэл, уурхайчдын төлөөлөл ажил, амралтын тэгш хуваарийг бий болгох саналыг ихээхэн гаргадаг байсан боловч Хөдөлмөрийн хуулиар энэ харилцааг тодорхой зохицуулаагүй байсан юм. Уул уурхайн олборлолтын салбарт 56 000 гаруй иргэд ажиллаж байгаагаас эрэгтэй ажилтан 90 хувь, эмэгтэй ажилтан 10 хувийг эзлэж, 57 хувь үндсэн, 43 хувь гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилтан нар байна. Эдгээр ажиллагсад болон тэдний гэр бүлд яах аргагүй ажил, амралтын тэгш хуваарь буюу 14/14-ийн хүлээлт их байсан юм.

Гэрээсээ алслагдмал газар урт хугацаанд ажиллах нь гэр бүл болон үр хүүхэддээ анхаарал халамж тавих боломжгүй болж, гэр бүлийн салалт ихэсэх шалтгаан болж байгаа талаар Геологи уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ, Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны удирдлагууд, тус салбарт ажиллаж байгаа ажилчдын төлөөлөл өөрсдийн байр суурийг удаа дараа илэрхийлж байлаа.

Уурхай дээр олон хоног ажлын уртгасан цагаар ажиллахад хөлдөлмөрийн бүтээмж муудах, аваар осол гарах, сэтгэл гутралд орох зэрэг эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Мэргэжлийн хяналтын газар, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар сүүлийн таван жил тус салбарт 328 үйлдвэрийн осол бүртгэгдэж, 139 хүн хүнд гэмтэж, 38 хүн нас барсан байна. Үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй өссөн үзүүлэлттэй байдаг судалгааг гаргасан. Уул уурхайн олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь ажил, амралтын хуваарийг 40/20, 14/7, 21/7, 28/14, 30/10, 20/10, 19/9 гэсэн харилцан адилгүй тогтоож, ажлын үргэлжлэх цаг нь өдөрт 12 цаг байна. Хөдөлмөрийн тухай хуульд энэ салбарт ажиллагсдын ажил, амралтын хуваарийг тогтоох хэрэгцээ шаардлага бий болсон.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн анхны хуулийн төсөлд “ жасаагаар ажиллах “ нэр томьёог шинээр оруулж үүнтэй холбоотой уул уурхай, ашигт малтмалын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажиллах ажилтны ажил, амралтын цагийн дээд, доод хэмжээг тогтоосон. Ингэхдээ ажилтны нэг сард ажил үүрэг гүйцэтгэх хоног нь 20-иос дээшгүй, амрах хоног нь 10-аас доошгүй байхаар тусгагдсан байсан.
Энэ нь уул уурхай, олборлолтын салбарт байгаа бодит нөхцөлийг дээрдүүлсэн зүйлгүй ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд давуу байдлаар ажлын үргэлжлэх хугацааг тогтоосон төсөл байлаа.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхийн өмнө тухай заалтыг бүхэлд өөрчлөлт оруулан “жасаагаар ажиллах”  бус “уртын ээлжээр ажиллуулах” гэж нэршлийг өөрчилсөн. Өөрчлөлт оруулахдаа зөвхөн уул уурхай, олборлох салбарын ажил олгогч нь уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор төсөлд тусгасан. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар тогтоосон. Харин энэ хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцож болохоор тогтоож өгсөн юм. Энэ нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулсан гол заалт болно.

Хуулийн төсөлд тусгасан ажил, амралтын тэгш хуваарь нь огт шинэ зүйл биш практикт хэрэгжсэн туршлага юм. Уул уурхай, олборлолтын салбарт Эрдэнэс таван толгой ХК нь энэ хуваарийг хэрэгжүүлсэн анхдагч хуулийн этгээд юм.

Уртын ээлжээр ажиллах ажилтны тэгш ажил амралтын хуваарь 14/14 бий болсноор нийгэмд ямар эерэг нөлөөлөл бий болно гэж та харж байна вэ?

Тус салбарт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, ажил амьдралын таатай орчин бүрдэхээс гадна эдийн засаг, нийгэмд олон эерэг нөлөө бий болно. Тухайлбал одоо ажиллаж байгаа ажилчдын тоо нэг дахин нэмэгдэж 50 000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ, туслан гүйцэтгэгч компаниудын ажлын байр мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэх хэмжээгээр түүнийг дагасан ажилчдын суурьшлын бүс нэмэгдэж, уул уурхайг дагасан дагуул хот бий болох үндсэн нөхцөл бүрдэнэ.

Хуулийн төсөлд ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох бөгөөд энэ хугацаанд ажил олгогчоос хамааралгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй байхаар тусгасан. Энэ тохиолдолд ажилтнаа Улаанбаатар хотоос их хэмжээний зардал гарган авчирч Өмнөговь аймагт ажиллуулах уу эсхүл ажлын байрны ойролцоо ажилчдын амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үү зэрэг олон дэд бүтцийн шийдлийг ажил олгогч шийдвэрлэх болно. Эдийн засгийн баялагийг бий болгож байгаа ажилчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх нь чухал болж байна.

Манай улсын уул уурхайн салбар ажилчдын нийгмийн баталгааг энэ байдлаар бий болгон Багануур, Эрдэнэт, Шарын гол, Хөтөл зэрэг уурхайн хотуудыг бий болгож ирсэн билээ.

Хуулийн шинэчилсэн найруулга хэзээнээс хүчин төгөлдөр үйлчлэх вэ?

Энэ хууль 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсаны дараа ажил олгогч нар шинээр ажлын байр бий болгох, ажилтныг дадлагажуулан сургах зэрэг олон асуудлыг энэ салбарынхан шийдвэрлэх болно.

ШИНЭ МЭДЭЭ