МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Энэ хуулиар зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болно
2021.09.17
Хууль, эрх зүй

Х.Ганхуяг: Энэ хуулиар зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Зөвшөөрлийн тухай хуулийн ажлыг хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулиар ямар зохицуулалтууд хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Аж ахуйн нэгжүүдээ дэмжих, бизнесийн орчныг эрүүлжүүлэхэд зориулсан гол хуулиудын нэг бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт. 2001 онд анх Аж ахуйн нэгжийн тусгай хууль гэж баталсан. Нийтдээ 210 зөвшөөрөл олгодог байсан юм. Тэр үеэс хойш бүх байгууллагын дарга нар захирамж, тушаал, шийдвэрээр зөвшөөрлийг нэмж, бий болгоод яваад байсан. Тусгай зөвшөөрлийн хуульдаа заалт нэмээд зөвшөөрлийн тоог нэмчихсэн.

Одоо энэ хуулиар салбарын хуулиар үндэслэсэн зөвшөөрлүүдийг үлдээхээр төрийн бүх байгууллагуудтай нэг бүрчлэн уулзаж байна. Жишээ дурдаж ярихад, Зургаан нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг харьяа дүүргээс авдаг боловч Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын тодорхойлолт, ОБЕГ-ын галын дүгнэлт хог хаягдлын гэх мэтээр сунжирсаар байгаад зургаан газраас зөвшөөрөл авч байгаа юм. Одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд бүгд тус тусдаа хугацаатай байгаа. Цагдаагийн байгууллага, МХЕГ зэргээс дүгнэлт гаргуулахад 10 гаруй хоног байдаг. Дүгнэлт гаргах процессоо зөвшөөрөл олгож байна гээд ойлгочихсон.

Угтаа мэргэжлийн байгууллагын баталгаажуулалт хийж байгаа л асуудал юм. Зөвшөөрөл авах гэж маш их хугацаа ордог, сунжирдаг гэх шүүмжлэлтэй байдаг. Тэгвэл одоо иргэн, байгууллага зөвшөөрөл хүсэхэд ажлын 30 хоногийн дотор зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь төрийн мэдээллийн сангаараа бүгдийг хянаад материал нэмж авахгүй байхаар хуульд тусгаж байна. Ямар нэгэн байдлаар дүгнэлт хэрэгтэй болвол цахимаар дүгнэлтээ авдаг байхаар тусгаж өгч байна.

Ингэхээр иргэн, байгууллагад ажлын 30 хоног дотроо багтаагаад зөвшөөрөл олгоно гэсэн үг. Тэр дотор нь дүгнэлтүүд нь бүгд багтана. Хугацаа нь тодорхой болчихож байгаа юм. Зөвшөөрлийн тоо багассанаар ААН, иргэдэд таатай нөхцөл бүрдэнэ.

-Манайд нийт хэчнээн зөвшөөрөл олгогдож байсан юм бэ. Зөвшөөрлийн тоог хэдий хэмжээнд барих вэ?

-2019 оны байдлаар 912 зөвшөөрөл олгогдож байсан. 2020 онд МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 1400-1600 хооронд зөвшөөрөл байна гэх судалгаа гарсан. Нийтдээ 416 албан тушаалтан зөвшөөрөл олгож байгаа юм. Аймаг, нийслэлийн ИТХ караокены зөвшөөрөл олгодог байх жишээтэй. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл ахуй, төрийн нийтийн өмчийг ашиглах, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой зүйлсэд зөвшөөрөл олгохоос бусад бүх зүйлд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж болно гэх үндсэн зарчмаар хууль хийгдэж байна. Хуульд хориглоогүй л бол зөвшөөрөл авалгүй ажиллаж болно гэсэн үг.

Одоогийн байдлаар 448 зөвшөөрөл олгохоор санал орж ирсэн. Зарим нэг байгууллагад зөвшөөрлийг багасгах, заримд нь нэмэгдүүлэх шаарлага үүсэх юм шиг байна. Хаврын чуулганаар батлагдсан шинэ хуулиудтай холбоотойгоор зарим зөвшөөрлүүд ч нэмэгдэх байх. Газартай холбоотой гомдол их ирдэг. Иргэн анх газар авахдаа бөөн үнэлгээ хийлгээд авчихдаг. Хүнд шилжүүлэх болохоор үндсэндээ одоогийн байдлаар зургаан сарын хугацаа шаардагдаж байна гэж байгаа юм. Шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ зэрэг хийлгэх ямар ч шаардлагагүй. Хэрвээ зориулалтаа өөрчилвөл үнэлгээ хийлгэх шаардлагатай болж магадгүй.

-Зөвшөөрлөө зааглаж, ангилж өгнө гэсэн үг үү?

-Ангилна. Үндсэндээ ямар зөвшөөрлийг хаанаас авахыг нь тодорхой заана. Ийм эрх бүхий байгууллагаас энэ зөвшөөрлийг авна гээд заачихна гэсэн үг. Ердөө тэр газраасаа л зөвшөөрлөө авна. Өөр тийшээ явах шаардлагагүй.

-Зөвшөөрөл авах гэж өмнөхөөсөө илүү түвэгтэй байдал үүсэх вий гэх болгоомжлол байна?

-Ямар зарчмаар зөвшөөрөл олгох вэ гэдэг зарчим нь илүү тодорхой болно л доо. Хэдий хугацаанд зөвшөөрлөө олгох хугацаа нь тодорхой болохоос гадна сунгуулах нь ч тодорхой болно. Хэрвээ зөвшөөрөл олгохоос татгалзвал зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзаж болно. Хуульд заагаагүй шалтгаанаар татгалзвал тухайн албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой.

-Зөвшөөрлийг олгох процесс ил тод болно гэж ойлгож байна?

-Тэгэлгүй яахав. Зөвшөөрлийг цахимаар олгож, процесс нь ил тод явна. Зөвшөөрөл хаана гацчихав гэдэг нь ч тодорхой болно. Бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ажлын 5-7 хоногт эрх бүхий байгууллага нь ямар материал дутуу байгааг хэлж өгнө. Зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болоод явчихна. Бизнес эрхлэгчидтэй хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн.

Засгийн газраас гурван удаа санал авсан. Тусгай болон энгийн зөвшөөрлийн ажиллах хугацааг нь ажлын 30 хоног гэж байгаа юм. Тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жилийн хугацаатай олгодог болох, энгийн зөвшөөрлийг гурваас доошгүй жилийн хугацаатай олгодог болохоор хуулийн төсөлд тусгахаар хэлэлцэж байна.

ШИНЭ МЭДЭЭ