Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановсыг хүлээн авч уулзлаа
2021.10.13

Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановсыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХБНГУ-ын улс төр, ардчиллын боловсролын Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановсыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголын улс төрийн намын тогтолцоог шинэчлэх асуудлаар тус сантай хамтран ажиллах тухайд ярилцлаа.

ХБНГУ-ын намын тогтолцоо, улс төрийн намын санхүүжилт нь Монгол Улсын хувьд жишиг болохуйц сайн систем тул улс төрийн намын тухай хуулинд Германы механизмаас голлох шинэчлэлүүдийг оруулж байгаа юм. Тийм учраас хуулийн төсөл боловсруулах үйл явцад ХБНГУ-ын улс төрийн боловсролын сангуудтай хамтран ажиллаж, хэлэлцүүлэг хийх, бодлогын зөвлөмж авах асуудлыг уулзалтын үеэр ярьж тохирлоо.

Дашрамд дурьдахад, Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах үе шатанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, НҮБХХ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж бодлогын судалгаа, зөвлөмж авч байгаа юм.

Ардчилалд шилжиж буй орны хувьд Монгол Улсс дэлхийн улс орнуудын улс төрийн намын зохицуулалтын сайн туршлагаас судлах, намын бүтэц, санхүүжилтын талаар Монголд нутагшуулах боломжтой эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартын дагуу хийх нь ихээхэн чухал гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүний зүгээс онцолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ