МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаатайгаар мушгин гүйвуулж байгаад харамсаж байна
2021.10.19
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаатайгаар мушгин гүйвуулж байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд хэл ам дагуулж байгаа. Уг хуулийн заалттай холбоотой асуудал нийгэмд шуугиан дэгдэнгүүт УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өөрсдийн тайлбар мэдээллийг өчигдөр Төрийн ордоноос хүргэв. Хуулийн зүйл заалтын талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Та бүхний өргөн барьсан хуулийн төсөлд 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан гадаадын иргэн манай улсын иргэншил авч болно гэсэн заалт байгаа тухай шуугьж эхэллээ. Та энэ заалтыг тайлбарлахгүй юу?

-Нэр бүхий энэ хуулийн төслийг буруу ойлгоод, өөрсдийнхөөрөө тайлбарлаад явчихлаа.

Ер нь гол концепци нь юу гэхээр, мянган ам.доллар ч бай, 100 мянган ам.доллар ч бай гадаадын хөрөнгө оруулагч л бол хамтраад бизнес хийгээд явах бололцоог нээж өгөх зорилгоор энэ хуулийн гол үзэл баримтлал хийгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гадаад ч бай дотоод ч бай ялгаагүй хөрөнгө оруулагчийн босго адилхан болоод явна гэсэн үг.Энэ саналыг маш олон бизнес эрхлэгчид, эдийн засагчид тодорхой үндэслэлтэйгээр хэлж байсан. Мөн наймдугаар сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаас санал ирсэн.

“Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Гэхдээ 100 мянган ам.доллартай холбоотой асуудал маш их үүсдэг. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахдаа гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нь нотлогдохгүй байна. Мөн эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг байрлуулж, визээ авсны дараа буцаагаад татах явдал цөөнгүй болоод байна” гэдэг ийм санал ирсэн.

Иймээс бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож аж ахуйн нэгж шууд бүртгүүлэх, бизнесээ эхлүүлэх боломжтой болгосон.

За ингээд адилхан босготой болчихоор, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчийн байнга оршин суухтай холбоотой асуудал яах юм бэ гэсэн асуулт гарч ирсэн учраас бид тэр 50 мянган ам.долларын асуудлыг оруулсан. Хуулинд, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг үндэслэн олгох гэсэн үг, өгүүлбэр байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгийг багасгаж байгаа юм шиг боловч, хариуцлагыг нь өндөрсгөчихсөн юм.

Манайд хөрөнгөө оруулж байгаа иргэд заавал ажлын байр бий болгосон байх, орлогын албан татварын болон бусад татварууд болон нийгмийн даатгал төлсөн байх ёстой гэсэн заалтыг нэмсэн. Холбогдох гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар визээ аваарай гэсэн ийм л агуулгатай заалт юм. Гэтэл хуулийг сайн судлаагүй хүмүүс мушгин гуйвуулж, энэ хуулиар виз өгөх гэж байгаа мэт иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. 50 мянган доллараар байр, машин авчихвал хөрөнгө оруулалт биз дээ гээд байх юм.Би маш тодорхой хэлье. Хөрөнгө оруулалт бол байр, машин биш. Энэ бол ажлын байр, татвар, хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгө гэх мэт юм

Бүр тодруулбал, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримтыг гаргуулсны үндсэн дээр олгохоор заасан. 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад албан татвар төлж байгаа хөрөнгө оруулагчийн гэр бүлийн гишүүнд олгохоор заасан нь одоогийн үйлчилж байгаа нөхцөлийг нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Хөрөнгө оруулахад босгогүй харин байнга оршин суух зөвшөөрөл авах үед хүн тус бүрт 50 мянган ам.долларын босготой болгож шаардлагыг өндөрсгөсөн.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тайлбарлахдаа Монгол Улсад байнгын оршин суух эрх 50 мянган ам.долларын ханштай боллоо гээд байна шүү дээ?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2–т зааснаар, виз олгох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байгаа. Энэ чиглэлд нэг удаа журам гаргаж, шинэчилдэг. Яагаад гэвэл манайх ҮАБЗ болон гадаад иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар нэг улсын иргэний дээд талын хувийг зоогоод өгчихсөн байдаг. Нэг улсаас Монгол Улсад манай улсын нийт хүн амын нэгээс илүүгүй хувиар орж ирнэ гээд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг байхгүй юу. 100 мянган доллараас дээш хөрөнгө аль нэг арилжааны банкинд байршуулсан бол оршин суух эрхээ хүсч болно гээд заачихсан байдаг. Гэтэл энэ хууль тэр бүр хэрэгждэггүй. Ихэнх нь визээ авчихдаг боловч буцаагаад татчихдаг. Ченж хүртэл гарчихсан гээд хуулийн хэлэлцүүлгийн үеэр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн хүмүүс бидэнд ярьж байсан. 20-30 сая төгрөгийн ханштай болчихсон гэх асуудлууд байгаа юм билээ. Дашрамд хэлэхэд, Гадаадын иргэн харьяатын эрх зүйн байдлын тухай хууль бол маш сайн хууль, манай энэ чиглэлийн төрийн байгууллагууд ч маш сайн ажилладаг юм билээ.

-Та энэ хуулийн төслөө хамт өргөн барьсан П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүдэд мэдэгдэлгүйгээр 50 мянган ам.доллартай холбоотой заалтыг нэмчихсэн юм биш үү?

-Энэ нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж бид сүүлийн нэг жил тасралтгүй ажилласан. Бизнес форум хийлээ, гадаад дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчидтай уулзлаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд, компаниудтай уулзлаа. Одоо тренд болоод байгаа мэдээлэл технологийн салбарын старт апуудтай ч уулзаж байсан. Хамгийн сүүлд тавдугаар сарын 26-нд Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр УИХ-ын дарга Г.Занданшатар, танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын Байнгын хорооны дарга нар, хууль санаачлагч Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын гишүүдтэй хамт уулзалт хийж, хуулиа танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн.

Ингээд зургадугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. Ер нь хууль өргөн барих процесс өөрөө яаж явдаг вэ гэвэл, УИХ-ын Тамгын газарт хуулиа өргөн мэдүүлээд зөвшөөрлөө хүсдэг. Тамгын газар иж бүрдэлийг нь нягтална, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг шалгадаг. Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэж байгаа эсэхийг ч шалгана. Үүний дараа УИХ-ын даргад өргөн барих зөвшөөрлийг өгдөг. УИХ-ын даргад өргөн барихаас өмнө бид Засгийн газраас санал авахаар явуулдаг. Тэгээд өргөн баригдсаны дараа шууд Парламент.мн дээр тавигддаг. Энэ хууль ч гэсэн энэ бүх процессыг давсан. Тэгэхээр миний хэлж байгаа Засгийн газар руу явуулсан, УИХ-ын даргад өргөн барьсан, Парламент.мн дээр тавигдсан энэ хуулиуд хоорондоо нэг ч үг, үсгийн ялгаа байхгүй. Үүнийг би баттай хэлнэ. Тэр хүмүүс юу хасагдсан, юу нэмэгдсэн гээд байгааг сайн ойлгохгүй л байна.

-П.Анужин гишүүн таныг “Хогоо татаж ав” гэсэн байсан. Их хурлын гишүүд хог боловсруулаад сууж байдаг болж байна уу. Нөгөөтэйгүүр хамт өргөн барсан хоёр гишүүн нэрээ татчихаар төсөл цаашаа хэлэлцэгдэх үү?

-УИХ энэ заалтуудыг хэлэлцэх нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргаж байгаа гэсэн үг. Энэ цаашаа хэлэлцээд явах байх. Одоо төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдана. УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол, хууль санаачлагч энэ ажлын хэсэгт орох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Х.Булгантуяа бид хоёроос өөр гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гараад явна гэсэн үг. Тэр ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай судалгааг хийнэ. Үүний дараа анхны хэлэлцүүлэгт оруулдаг. Ер нь хууль санаачлагч аль ч шатанд хуулиас нэрээ татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л хэрэгжүүлсэн болов уу гэж харж байгаа.

Нөгөө талаар би тэр хоёрыг ойлгож байгаа. Надад гэхэд асар их дайралтууд ирсэн. Манай хүүхдийн зургийг хүртэл над руу явуулаад, “Хүүхдээсээ хагацмаар байна уу” гэсэн зурвас хүртэл ирлээ. Би энэ хүмүүст уурлахгүй, гомдохгүй байгаа юм. Яагаад гэвэл, манай иргэдэд улсын маань тусгаар тогтнолын асуудал бол үнэхээр амин чухал. Бид хуулиа дутуу тайлбарласан тал бий. Энэ хууль уг нь оны сүүлээр хэлэлцэгдэх ёстой байтал гэнэт дээшээ татагдаад ороод ирсэн. Бид нар ирэх долоо хоногт эдийн засгийн чуулган төлөвлөөд, энэ үеэрээ хуулиа танилцуулаад салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, иргэдийн саналыг авна гэж төлөвлөж байтал гэнэт ороод ирсэн.

-Яагаад гэнэт ороод ирэв. Таныг Хятадын гар хөл мэтээр энэ хуулийг оруулж ирлээ гэж нийгэм хардаж байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал захын хятад иргэн орж ирээд монгол иргэншилтэй болно. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал болно гэх зэрэг ойлголттой байх шиг?

-Олон улсын жишгээс харахад манайх шиг жижигхэн орнууд харьяатын хуульд маш болгоомжтой ханддаг. Тухайлбал, бидний өргөн барьсан хуультай холбоотойгоор гадны цагаачдад иргэншил олгох гээд байна ч гэх зэргээр иргэдийн санаа зовж байх шиг байна. Иргэншлийн асуудлыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог. Оршин суухтай холбоотой хуулиудад заасны үндсэн дээр Засгийн газар жил бүр журмаа шинэчилж байдаг. Хаана, хэдэн гадаадын мэргэжилтэн хэрэгтэй байгаа, хичнээн хөрөнгө оуруулалтын мэргэжлтнүүд байгаа юм гэсний үндсэн дээр журам тогтоодог. Гадаадын иргэн харьяат нь болон хууль, журмаа бариад хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь хамаагүй виз олгох, олгохгүй байх эрх Гадаадын иргэн харьяатын байгууллагад байдаг. Тийм ч учраас 100 мянган ам.доллартай холбоотой асуудлыг ярилаа шүү дээ. Энэ хэмжээний мөнгийг тухайн улсын банкинд байршуулаад визээ авчихаж болдог гэж дээр хэллээ. Өнөөдрийн байдлаар 1800-гаад гадаадын иргэн Монгол Улсад оршин сууж байгаа. Тэрний 65 хувь нь канадууд байна. Хятад иргэд долоон хувь нь байна. Хөрөнгө оруулалтын

хуулиар цагаачлал, визийн асуудлыг зохицуулдаггүй. Хөрөнгө оруулагч гэдэг статусыг тодорхой болгож өгч байгаа. Монгол Улсын холбогдох хуулиудаар хамтад нь зохицуулдаг.

-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн нэг жилийн хугацаанд 14.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр энэ хууль батлагдаж гарснаар гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэх вэ. Монгол Улсад ямар үр өгөөжөө өгнө гэж харж байгаа вэ?

-100 мянган ам.долларын босготой болохоос өмнө Монгол Улсад жил болгон дунджаар 1400-1600 аж ахуйн нэгж шинээр байгуулагддаг байсан. 2013 оноос хойш буурч явсаар байгаад 2020 онд гадаадын хөрөнгө оруулалттай 70 аж ахуйн нэгж, 2021 онд 35 аж ахуйн нэгж бүртгэгдсэн. Бид гэнэт энэ хуулийг санаачилсан юм биш л дээ. 2020 оны Дэлхийн банкны судалгаагаар 118 оронд аж ахуйн нэгжийн бүртгэлийн босгыг тэглэчихсэн. Тэрний 48 нь 2020 онд ковидтой холбоотойгоор тэглэсэн. Харин энэ онд нэмээд 22 орон тэглэчихлээ. Одоо дэлхий дахинд нийт 150-иад орон энэ босгоо тэглэгчихээд байна. Тэгэхээр олон улсын зах зээлтэй өрсөлдөж өөрийн орондоо хөрөнгө оруулалтыг нь татах ёстой. Тэрнээс цааргалсаар байтал өрөнд баригдаад дууслаа л даа. Гадаадын хөрөнгө оруулалтдаа 100 мянган ам.долларын босго тавьснаас болж гадаадын хөрөнгө оруулалт байхгүйтэй адил болсон. Сүүлийн 10-аад жил манай улс зээлээр урд хормойгоо нөхөж ирсэн. Төсөв алдагдалтай баталдаг. Тэгэхээр бонд гаргаад дахиад зээл авна гэсэн үг. Ингээд байнгын зээлээр сүүлийн арван жилд бүх санхүүжилтээ угжчихсан. Өрийн таац тулчихсан. Одоо түүхий эд нь хилээр гардаггүй. Сүүлдээ гаднаас бараа таваар нь орж ирэхээ ч бүр байлаа. Тэгэхээр цааш яаж амьдрах юм бэ. Бид ковидтой холбоотойгоор асар хурдтайгаар эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл эдийн засгийг сэргээх, босгох ажилд хойрго хандаад байна л даа.

-Гадаадын хөрөнгө оруулагчид гэхээр манайхан баялгаа ухуулаад дууслаа гээд эсэргүүцдэг. Тэгвэл төсөл батлагдсанаар аль салбарт хөрөнгө оруулалт түлхүү орж ирэх вэ?

-Одоогийн хуулиар 100 мянган ам.долларын босго тавьчихаар уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байхгүй юу. Уул уурхайн компани юмуу энэ чиглэлээрээ мэргэшсэн, эсвэл визний ченжүүдээр дамжуулж компани байгуулсан зэрэг ангиллаар хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Гэтэл дэлхийн хамгийн том 500 компанийн 70 хувь старт апууд эзэлж байдаг. Яагаад дэлхий даяар тэднийг дэмжээд яваад байна вэ гэхээр эдийн засгийн дараагийн гол хөдөлгөх хүч нь. Залуучууддаа гадны хүмүүстэй хамтарч ажиллах хаалгыг нь нээж өгөхгүйгээр зөвхөн том төсөлтэйгөө зууралдаад яваад байх юм уу гэдэг асуудал тавимаар байгаа юм. Бидэнд шинэ уур амьсгал, шинэ салхи хэрэгтэй. Бид хөрөнгө оруулалтын орчноо ээлтэй болгох ёстой юм шүү гээд зарлаж байна. Тэр босго мөнгө болох 50 мянган ам.доллараар манай улсад байр, машин худалдаж авангуутаа хөрөнгө оруулагч гэх ангилалд багтаж, Монгол Улсад суурьшина гэсэн ойлголт огт биш л дээ. Хөрөнгө оруулалт гэдэг маань өнөөдрийн хуулийн томьёогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан хөрөнгө байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаанд хөрөнгө оруулах ёстой.

Тэгэнгүүт эхлээд байр, машин, хятад иргэдийг оруулж ирэх гэж байна гэж үзлээ. Хуулийг санаачилсан биднийг худалч, урвагч гэж ярьж үзэж байна. Уг нь парламент бол мэтгэлцээний талбар. Энэ хуулийн төсөлтэй холбоотой баримт, судалгаагаа гаргаж тавиад мэтгэлцээнийхээ зарчмаар явах ёстой. Хэрвээ мэтгэлцээний зарчмаар явахгүй бол парламент гэж яваад яах юм бэ. Ямар нэг хууль орж ирвэл ярсхийтэл гараа өргөөд баталдаг байж болохгүй л дээ. Хууль хэлэлцүүлгийн явцад улам сайжирна. Ард түмэн яагаад энэ парламентын шинэ залуу гишүүдийг сонгосон юм бэ гэхээр нийгэмд шинэ салхийг хүсч байгаа учраас. Энэ хуулийн төсөлд орж байгаа гуравхан өгүүлбэр манай улсын эдийн засагт асар том өөрчлөлтийг авчирна гэдэгт би итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ