Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа
2021.10.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тайланг танилцуулсан.

Тэрбээр Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт боловсруулж, тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох чиглэлээр ажилласан гэдгийг онцолсон. Ажлын хэсэг удирдамж, төлөвлөгөөнд туссан чиглэлийн дагуу ажиллаж, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, төсөв, санхүүжилт, хөрөнгө оруулалтын, бусад чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх 14 саналыг танилцуулсан юм.

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, тус Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталсан юм.

Уг тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Тухайлбал, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд биеийн тамир, спортын чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэлийн Засаг дарга, Биеийн тамир, спортын Улсын хороо хангаж ажиллах; “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийтийн биеийн тамир, спортын талаар шинэ зорилтуудыг тусгаж, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, шийдвэрлэх асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн “Парис-2024” зуны Олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийг шинээр сонгон шалгаруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.12-т “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ”-ний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байсан зохицуулалтыг сэргээх асуудлыг судлах; бүх шатны боловсролын сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагчдыг спортын секц, дугуйланд хамран суралцуулах бололцоог бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ.

Мөн биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, тэдгээрийг гадаад улсад бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх; Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилт хийх орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв”-ийг байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах; Cпортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, их сургуулиудад спортын шинжлэх ухаан, биеийн тамирын судалгааны лаборатори байгуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авах; Биеийн тамир спортын тухай хуулинд заасны дагуу спортын холбоодын баталж мөрдүүлж буй тамирчны ёс зүйн дүрмийг шинэчилж ёс зүйн алдаа зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох асуудлыг тусгасан байна 

ШИНЭ МЭДЭЭ