МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Наранбаатар: “Оюу толгой” ХХК олон хуулийн зүйл заалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна
2021.11.03
Уул уурхай, Ашигт малтмал

Н.Наранбаатар: “Оюу толгой” ХХК олон хуулийн зүйл заалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай “Рио Тинто”-той хийж буй “Оюу толгой” төслийн хэлэлцээрийн талаар ярилцлаа. Тэрээр “Рио Тинто”-той хэлэлцээр хийх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

-Монгол Улс өнөөдөр “Рио Тинто”-той Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудлаар  хэлэлцээр хийж байгаа. Таныг ажлын хэсгийн гишүүн, Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ талаар яриагаа эхэлье? 

-Миний бие Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын хэсэгт ажиллаж байна. Ажлын хэсэг “Рио Тинто”-ийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзсан. Уулзалтуудын үр дүнд “Рио Тинто” буулт хийх тухай дөрвөн саналыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. 

Тухайлбал, 

  • Нэгдүгээрт Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ноогдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь нь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал гаргасан. Ингэснээр ногдол ашиг, ААН-ийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн байна.  
  • Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсонтой холбогдуулан нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын төлбөр өгье.
  • Гуравдугаарт, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулъя. 
  • Дөрөвдүгээрт, зардлын хэтрэлтийг нэмж баталж өгөөч гэсэн. Ингэснээр 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, олборлолтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэсэн байгаа юм. 

Эдгээр саналуудыг монголчууд сонсож, мэдсэн байх. Миний бие энэ ажлын хэсгийн гишүүний хувьд “Рио Тинто” групптэй цаашид хэлэлцээрийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалтын алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Засгийн газар тогтвортой ажиллаж, Оюу толгойн гэрээг Монгол Улсдаа ашигтай байхаар өөрчлөх ёстой гэдэг байр сууринаас ажиллаж байна.

-Та Оюу толгой төслийн  устай холбоотой хуулийн зүйл заалтын зөрчлүүдийг өөрчлөхөд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Эдгээр саналыг хүргүүлэх болсон шалтгаан, үндэслэл нь юу байв?

-УИХ-ын гишүүний хувьд Оюу толгой төслийн гүний ус ашиглалттай холбоотой зургаан саналыг тавиад байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд манай улс өөрийнхөө усны нөөцийг тохиролцож уг төсөлд ашиглуулахаар заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэгдүгээр заалтыг зөрчиж байгаа. Мөн Усны тухай хууль болон  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн зүйл заалтуудыг ч зөрчиж байна гэж үзсэн.  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мөрдөж буй. Гэтэл “Оюу толгой” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш батлагдсан хууль гэдэг тайлбараар уг төлбөрийг төлөхгүй өнөөг хүрсэн. 

Хөрөнгө оруулалтын гэрээний зургаагийн 14-т Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зориулалтаар ашигласан, зайлуулсан, гадаргын болон гүний усны төлбөрийг тухайн үед мөрдөгдөж байгаа  Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож,  төсөвт төлөх бөгөөд усны төлбөрийг Хөрөнгө оруулагч албан татвар ногдох орлогоос хасаж тооцох, хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод гадаадын бусад ус ашиглагчтай адил байх гэсэн заалт хэрэгжихгүй байна.Төсвийн тухай хуулиар  хүн амын унд, ахуйн зориулалттай ус ашигласны төлбөрийг тухайн  сумын төсөвт төлөх ёстой. Гэтэл уг компани усны төлбөр төлдөггүй, зөвхөн үйлдвэрлэлийн зориулалттай усны төлбөрийг л төлж байсан. Оюу толгой  зөвхөн 2019 онд гэхэд л 8000 хүний ахуйн хэрэглээний 394 мянган метр куб усыг ашиглажээ. Төлбөрт нь 30 сая төгрөг төлөх тооцоо гарч байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний гуравдугаар бүлгийн 3.11 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагч нь үндсэн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах талаарх Монгол Улсын болон олон улсын дүрэм, стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт олборлолт, боловсруулалтын техник, технологийг ашиглах ба үндсэн үйл ажиллагаагаа эдийн засгийн боломжтой цар хүрээнд байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг багасгахуйц үр ашигтай хэлбэрээр явуулна” гэсэн үүрэг хүлээдэг. Энэ заалтыг ч зөрчсөөр ирсэн.

 Оюу толгой төсөл нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хараат  бус, мэргэшсэн, хөндлөнгийн шинжилгээ хийлгэдэг байгууллагаар хийлгэх ёстой. Гэтэл өнөөг хүртэл өөрсдийн хийсэн тайлангаа яаманд хүргүүлдэг гэх мэт олон асуудал байна. Оюу толгой төсөл геотехнологийн нөхцөлөөс болоод зардал хэтэрсэн тул зардлын хэтрэлтээ нэмж өгөөч гэсэн саналыг Засгийн газарт ирүүлчихээд байж байна.

Энэ зун Засгийн газраас хөндлөнгийн шинжээчдийн багаар шалгуулж дүгнэлт гаргуулахад өөрсдийнх нь менежмент, дотоод үйл ажиллагаанаас болж зардал нь нэмэгдсэн байх жишээтэй. Усны асуудлыг яг ийм хөндлөнгийн шинжээчийн багаар шинжлүүлж дүгнэлт гаргуулмаар байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хууль, Усны тухай болон холбогдох хууль,  Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу аль нэг ашиглагчид давуу эрх олгохгүй байх эрх зүйн зохицуулалтад нийцүүлэн өөрчлөх шаардлагатай. 

-Говь нутагт ус гэдэг тун эмзэг асуудал. Таны тавьж буй шаардлага юу вэ. Хэр бодитой байж чадах вэ?

-Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд Оюу толгой төслийн гүний ус ашиглалттай холбоотой асуудалд миний бие идэвхийлэн оролцох ёстой. Тиймээс дэлгэрэнгүй тайлбарыг хэлье. 

  • Нэгдүгээрт, усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах чиглэлээр олон улсын дэвшилтэт  техник, технологи, туршлагыг  хүдэр боловсруулах үйл ажиллагаандаа нэвтрүүлэх  нөхцөлийг бүрдүүлж эргэлтийн, хур тунадас (гадаргын), уурхайн нэвчилт шүүрлийн усыг үйлдвэрлэлд нэн тэргүүнд ашиглах ёстой.
  • Хоёрдугаарт, Орхон, Хэрлэн говь төслийн судалгаанд тулгуурлан төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай. 
  • Гуравдугаарт, олон улсын санхүүжүүлэгч байгууллагын стандартад нийцүүлэн Байгаль орчин болон усны сав газрын гидрологи ба гидравлик системд нөлөөлөх байдлын үнэлгээг шинэчлэх, мөн усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинээр хийлгэж, үйлдвэрлэлийн усны бодит өртгийг шинэчлэн тогтоох. 
  • Дөрөвдүгээрт, унд ахуйн усны төлбөрийг (энэ төлбөрөөс одоогийн байдлаар чөлөөлөгдсөн) тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагын тогтоосон үнэ тарифын дагуу төлөх. 
  • Тавдугаарт, далд уурхайн олборлолтын  үед газрын хөрсөнд их хэмжээгээр суулт болон хагарал  үүсдэг нь олон улсын ижил төстэй уурхайн үйл ажиллагаанаас тодорхой харагддаг. 

Иймд Оюу толгой төслийн зүгээс эрсдэлийн үнэлгээг хийж, байгаль орчин болон нийгмийн нөлөөлөх байдлыг судалж, болзошгүй эрсдэл,  сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллах. Зургадугаарт, төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн дүйцүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагын оролцоотой тухайн нөлөөлөлд өртсөн нутагт хийх гэсэн тодорхой саналыг тавьсан. 

Мөн байгаль орчны үнэлгээ,  аудитын чиглэлээр гурван санал боловсруулж, Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгуулахаар  хүргүүлсэн.

-Оюу толгой төсөл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ өөрсдөө хийж тайлагнадаг гэхээр хөндлөнгийн ямар ч хяналт байхгүй гэж ойлгож болох уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээний 6.4 дэх хэсэгт, байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хараат бус, мэргэшсэн, эрх бүхий шинжээчийн тайланг гурван жил тутам яаманд ирүүлж байхаар заасан боловч төсөл хэрэгжүүлэгч өнөөг хүртэлх энэ төрлийн тайлан бэлтгэж ирүүлээгүй. Мөн гэрээний ус ашиглах гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан ус ашиглахад тавигдах бүхий л нөхцөл, шаардлагыг бодитойгоор ханган ажиллах.  Эдгээр нөхцөл шаардлагын биелэлтийг таван жил тутамд хараат бус, эрх бүхий, мэргэжлийн байгууллагаар шалгуулж шалгалтын дүнг яаманд ирүүлж байхаар заасан заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа. Тиймээс Оюу толгой төслийн үндсэн болон туслах үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа тухай иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд санал гомдол байнга гардаг. Тиймдээ ч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.3 дэх хэсэгт заасны дагуу Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм. 

Зөвхөн устай холбоотой олон хуулийн зүйл заалтыг Оюу толгой төслийг хэрэгжүүлэгчид зөрчиж ирсэн тул манай Засгийн газар тэдний талаас ирүүлж буй дөрвөн саналыг хойшлуулах нь  зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байгаа.

-Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх саналыг “Рио Тинто” хүлээж авахгүй бол манай тал цаашид яах вэ, ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Хэрвээ манай Засгийн газрын  саналыг хүлээж авахгүй бол мэдээж цаг хугацаа нь цаашаа сунана. Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.6 тэрбум ам.доллар оруулах ёстой байгаа шүү дээ. Хугацаа алдахын сөрөг тал нь энэ нэмэлт төсөв хөрөнгө батлагдахгүй, цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалт зогсох эрсдэлийг дагуулна. Далд уурхай зогсвол эдийн засгийн эргэлтэд саад тотгор учрах гэх мэт сөрөг үр дагавар олон бий. Тиймээс хоёр тал ойлголцоод цаашаа явах нь зөв.

-Та намар тойргоороо ажиллаад ирсэн. Өмнөговь аймагт ялангуяа Оюу толгой төслийн эргэн тойронд амьдарч байгаа малчдын амьдрал ямар байна вэ?

-Сүүлийн жилүүдэд говьд цөлжилт хүндэрч байна. 

Хур бороо жил ирэх тусам  татарч, ургамал ногооны ургалт эрс муудсан. Олон булаг, горхи, баянбүрд ширгэсэн. Худаг усны асуудлаас болоод малчдын хооронд худаг, бэлчээр, отрын нутгаа булаацалдах асуудал ихэссэн. Худаг усны асуудлаас болж  нэгнийгээ буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг хүртэл гарсан. Малчид, иргэд ийм л нөхцөлд амьдарч, тулгарсан хүндрэлтэй асуудлаа хэлж ярьж байна.

-Оюу толгой төслийг та гадар­гын ус ашигладаг болгоё гэлээ. Гадаргын усыг уг төсөлд ашиглах гарц гаргалгаа нь юу байна вэ?

-Орхон-Онги, Хэрлэн-Тоонот гээд хоёр төсөл байгаа. Жишээ нь, Орхон-Онги төслийн хувьд Хангайн нуруунаас эх авч байгаа Орхон голд хиймэл цөөрөм байгуулж, хур бороо ихтэй, шар усны үер гээд төвшнөөсөө илүү гарсныг нь хуримтлуулах боломж. Урсацад нь нөлөөлөхгүйгээр тохируулга хийж хуримтлуулсан усаа Онги голд нийлүүлнэ гэсэн үг. Онги гол Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улаан нуурт цутгадаг. Улаан нуураас дахин тохируулга хийгээд авах юм л даа. Тэр урсацын замаас нь хөдөө аж ахуй, хүнс ногооны тариалалтдаа хэрэглэх гэхчлэн олон асуудлыг шийдэх боломжтой. Байгаль орчны яаманд ТЭЗҮ нь хийгд­чихсэн ч, хөрөнгө оруулалт  нь ший­дэгдээгүй гацсан төсөл л дөө, энэ.

-Тэрбум мод ургуулах Ерөнхийлөг­чийн санаачлагын хүрээнд та орон нутагт ажиллаад ирсэн гэлээ. Говьд хэчнээн мод тарьж, хэрхэн ургуулах боломжтой төлөвлөж байна вэ?

-Аймаг бүр өөр өөрийн онцлогт тохирсон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээндээ мод тарьж ургуулсан, худас ус гаргасан иргэд, байгууллагаа дэмжих чиглэлтэй байгаа. Өмнөговь аймгийн хувьд Эрдэнэс-Тавантолгой төрийн өмчит компани том хөтөлбөр хэрэгжүүлж, санхүүжүүлж оролцоно. Тавантолгойгоос Зүүнбаян хүртэлх 416 км төмөр замын хоёр талаар мөн Тавантолгойгоос урагш Гашуунсухайт хүртэлх замын хоёр талаар мод тарина. Суулгац худалдаж авах, хашаа барих, худаг гаргах, арчилгаа гэх мэт зардлуудыг уг компани санхүүжүүлэхээр болсон. Нийтдээ говийн бүс нутагт 10 сая мод тарих төсөл хэрэгжээд эхэлчихсэн.

-Өмнөговийн иргэд нутгийнхаа баялгийн ашиг шимийг хүртэж чадахгүй байна, Оюу толгой байгаль орчинд сөрөг нөлөө учруулж байна гэх санал, гомдлыг байнга гаргадаг. Оюу толгойн асуудлаар орон нутгийг дэмжих саналыг та боловсруулсан гэсэн?

-Өмнөх асуултад би  ус, байгаль орчны тухай гаргасан саналуудаа ярилаа. Одоо орон нутгийн асуудлыг хөндөж ярья. Оюу толгой төсөл ажилчдаа тэнд суурьшуулж Ханбогд сумыг хот болгох замаар хөгжүүлэх ёстой гэж үздэг. Одоогоор ажилчдаа онгоцоор зөөж, кэмпэд байрлуулж, хуарангийн байдалтай  ажиллуулдаг. 

Цаашид орон нутгийг дэмжиж сургууль, цэцэрлэг байгуулж,  гэр бүл нь дагаж очих, ажлын байр, амьдрах боломжоор хангахад  дэд төслөө чиглүүлэх нь зөв. Ажилчдынхаа 50 хүртэлх хувийг орон нутгийн иргэдээс авч ажиллуулна гэдэг аймгийн ИТХ-ын тогтоолыг Оюу толгой төсөл олон жил хэрэгжүүлээгүй. Угтаа нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, МСҮТ-тэй хамтран сургах ёстой. Гэрээнд Даланзадгадад уул уурхайн чиглэлийн ШУТИС-ийн харьяа дээд сургууль байгуулна гэсэн зүйл заалт хүртэл байгаа шүү дээ. Тиймээс энэхүү гэрээний Бүс нутгийн хөгжлийн тухай заалтуудын хэрэгжилтийг хангуулах санал гаргасан.

-Тодруулбал?

  • Нэгдүгээрт, Засгийн газар өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулан гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, 
  • Хоёрдугаарт, Ханбогд суманд Оюу толгой төслийн ажилчдын суурьшлын бүсийг бий болгон төслийн үйл ажиллагааны үр өгөөжийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан  жишиг хот болгон хөгжүүлэх. 
  • Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 3.2-т заасан Хамтын ажиллагааны гэрээний санхүүжилтийг нэмэгдүүлж, нөлөөллийн бүсийн сумдын байгаль орчин болон нийгэмд урт хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлийг удирдах чиглэлээр нийгэм, эдийн засгийн өсөн нэмэгдэх өгөөжийг нэмэгдүүлж, орон нутгийн тулхтай хөгжлийн баттай үндэс суурийг бүрдүүлэх, 
  • Дөрөвдүгээрт,  Өмнөговь аймгийн иргэдэд ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох,  сургаж хөгжүүлэх, ажлын байраар хангах гэрээний заалтыг хэрэгжүүлэн, ажилчдын тоог нэмэгдүүлж, ажлын байран дээрээ ур чадвараа дээшлүүлэн өсөж хөгжих боломжийг хүртээмжтэй болгох. 
  • Тавдугаарт, аймгийн политехникийн коллежид иргэдийг сурган, ажлын байранд авч ажиллуулах.
  •  Зургадугаарт, Хамтын ажиллагааны гэрээний дагуу Даланзадгад суманд уул уурхайн жишиг сургууль байгуулах. 
  • Долдугаарт, Оюу толгой төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжин оролцуулах, ялангуяа өртөг шингэсэн үйлдвэрлэлийг эн тэргүүнд бойжуулан хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргах. 
  • Наймдугаарт, уурхайн ажилчдын ажил, амралтын тэгш хуваарийг 14:14 болгон шинэчлэх саналыг хүргүүлсэн. Мөн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг үндэслэн уурхайн талбарт хөдөлмөр эрхэлж буй (үндсэн болон гэрээт) ажилчдад, адил үнэлэмж бүхий ажилд ижил цалин хөлсийг шударгаар авах, нийгмийн даатгалд хамрагдах, баталгаатай, аюулгүй ажлын байранд ажиллах, хувь хүний хөгжил, нийгмийн оролцоог ханган, үзэл бодлоо илэрхийлэх, ажил, амьдралтай холбоотой шийдвэр гаргахад оролцох, түүний төлөө эвлэлдэн нэгдэж, гэрээ хэлэлцээ байгуулах, эрэгтэй, эмэгтэй  ялгаваргүй тэгш боломж эдлэх нөхцөлөөр хангах зэрэг саналыг боловсруулж хүргүүлээд байна.

-Та УИХ-ын гишүүний хувьд  Шүүхийн шийдвэр болон Онцгой байдлын  алба хаагчид таван жил тутам мөнгөн урамшуулал авах тухай хуулийн төслийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт батлууллаа. Үр өгөөжтэй хуулийн төсөл боллоо гэж харж байна? 

-УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал нарын хамт санаачлан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг аравдугаар сарын 29-ний УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Хууль батлагдсанаар орон нутагт аймгийн төвөөс бусад газарт алба хааж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд мөнгөн урамшуулал авах эрх зүйн орчин бүрдэж байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуультай хамт өргөн барьсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль маань  долоо хоногийн өмнө УИХ-аар батлагдсан бөгөөд хуулиар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчид мөн таван жил тутам мөнгөн урамшуулал авахаар болсон. Учир нь орон нутагт энэ ажлын байранд хүн олддоггүйн зовлон бий. Цэрэг, цагдаа гээд бусад салбарынхан нь урамшуулал авдаг байсан. Тэр утгаараа гал усны аюул, гамшиг зовлон тохиолдоход ард иргэдийн аюулгүй байдлын төлөө амь хайргүй зүтгэдэг онцгой байдлынхан болон орон нутагт алба хааж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр үзүүлэхүйц ажил болсон гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ