МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүрэгт улсын төсвөөр 71.8 тэрбумын санхүүжилтээр 53 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
2021.11.15
Барилга, Хот байгуулалт

Баянгол дүүрэгт улсын төсвөөр 71.8 тэрбумын санхүүжилтээр 53 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 

2022 оны улсын төсөв нь эдийн засгаа эрчимжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх замаар эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудыг хөгжүүлж иргэдийнхээ хувь хүний хөгжлийг дэмжих төсөв болсон гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Баянгол дүүрэгт улсын төсвөөр 2021 онд 21.2 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр туссан байдаг бол 2022 онд 3.4 дахин их буюу 71.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 53 төсөл арга хэмжээнд зарцуулахаар боллоо.

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар хороо, дүүргээс хийсэн судалгаан дээр үндэслэн, үнэлэлт дүгнэлт хийж, улсын төсвөөр нэн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээнүүдийг холбогдох хууль, журманд нийцүүлэн салбарын яамдуудад саналаа өгч, 2022 оны улсын төсөвт тусгуулж ажиллалаа.

Эдгээрээс онцлох төсөл, арга хэмжээнүүдийг дурьдвал:

ЭХ НЯЛХАСТ ШИНЭЭР ӨРГӨТГӨЛҮҮД ХИЙЖ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА:

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд дунджаар 146,800 хүүхэд, 54,000 эх үзлэг оношилгоонд ордог бол 8,800 хүүхэд, 1,900 эх хэвтэн эмчлүүлдэг Монгол улсдаа цор ганц төрөлжсөн эмнэлэг юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд хэсэгчлэн засвар хийж ирсэн бөгөөд улмаар эх хүүхдийн эрүүл мэндэд нийцэхээргүй орчин нөхцөлтэй болж ирсэн. 2022 оны улсын төсвөөр Эх нялхас (ЭХЭМҮТ)-ийг их засварт оруулах, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник болон Хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөлийн барилгуудыг бариулж эхлэхээр боллоо.

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД ОРЧМЫГ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОНО:

1838 онд одоогийн Гандангийн дэнж, тэр үеийн Далхын дэнж дээр анхны сүм байгуулагдсанаар Улаанбаатар хот суурин болж оршин хөгжсөн түүхтэй билээ. Улаанбаатар хотын төвд орших Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийдийн бүс газрыг Соёл, аялал жуулчлалын бүс болгох, Дэлхийд өв соёл, түүхээ таниулан сурталчилах, тус хороонд оршин суух айл өрх, аж ахуй нэгжүүдийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг 2022 онд эхлүүлэхээр боллоо.

ШИНЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД БАРИГДАНА:

- БГД-ийн 11-р хорооны 28-р сургуулийн хуучин барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн суудалтай сургууль барина.

- БГД-ийн 8-р хорооны 93-р сургуулийн хуучин барилгыг буулгаж шинээр 640 суудалтай сургууль барина.

- БГД-ийн 10-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр барина.

- БГД-ийн 24-р хороонд Алтай хотхонд 300 ортой цэцэрлэгийг улсад худалдан авна.

-БГД-ийн 3-р хороонд Нарны хороололд 280 ортой цэцэрлэг, 960 суудалтай сургуулийг улсад худалдан авна.

- БГД-ийн 23-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын санхүүжилтийг үргэлжлүүлнэ.

- БГД-ийн 2-р хорооны 66-р цэцэрлэг, 18-р хорооны 13-р цэцэрлэг, 20-р хорооны 34-р цэцэрлэгүүдийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ.

ГЭР ХОРООЛЛЫН ХУДГУУДЫГ АВТОМАТЖУУЛНА:

Баянгол дүүргийн гэр хорооллууд болох 9, 10, 11, 21, 22, 23-р хороодуудын худгуудыг усны нөөц санд холбуулах зураг төсөв гаргуулна. Ингэснээр гэр хорооллын худгууд цагийн хязгааргүй ажиллах, усны нийлүүлэлт тасалдахгүй байх, иргэд дуртай үедээ ундны усаа авах боломж бүрдүүлэх ажлын эхлэл тавигдах юм.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ГУДАМЖ БОЛОН ТОГЛООМЫН ТАЛБАЙНУУД ТОХИЖУУЛНА:

Баянгол дүүргийн 19-р хороо, Чингүнжавын гудамжийг амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлж мөн бусад тоглоомын талбай зайлшгүй шаардлагатай байгаа хороодуудад тоглоомын талбай тохижуулна.

ШИНЭ МЭДЭЭ