МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Наранбаатар: 2022 онд хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтаа хөгжүүлэхийн тулд усны асуудлаа шийдэх ёстой
2021.11.24
Гадаад харилцаа

Н.Наранбаатар: 2022 онд хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтаа хөгжүүлэхийн тулд усны асуудлаа шийдэх ёстой

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2022 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Та энэ удаагийн төсвийг хэрхэн харж байгаа вэ?

-Өмнөх төслүүдээсээ онцлог болсон. Дэд бүтцийн салбар буюу томоохон үйлдвэрүүдээ барих, зам тээвэр, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь сайн. Дарханы арьс ширний үйлдвэр, Ховдын аж үйлдвэрийн паркийн ажил, Газрын тос боловсруулах зэргээр ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газраас эдийн засгаа сэргээх томоохон зорилт тавьсан байгаа. Хөдөлмөрөөс халамжид шилжих, төрийн албаны урсгал зардлуудыг танаад, хувийн аж ахуйн нэгжээ дэмжих, бодлогын асуудлууд орж ирсэн. Мөн ашиггүй ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудыг татан буулгаж, томоохон төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулах зорилт тавьсан. Гэхдээ анхаарах зүйлс ч байсан.

-Тухайлбал?

-Хилийн боомтуудыг сайжруулах тал дээр бага хөрөнгө оруулалт тусгасан. Ялангуяа нүүрсний экспортын 90 хувь, зэсийн 50 хувийг гаргадаг Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтууд дээр дэд бүтцийг сайжруулах шаардлага бий. Гэтэл бага хөрөнгө тусгасан. Гашуунсухайтын боомтыг гаалийн шинэчлэлийн хүрээнд Хятад Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд сайжруулах талаар Сангийн сайд мэдээлэл хийсэн.

Шивээхүрэнгийн боомтод ямар ч төсөв байхгүй байна. Боомтын удирдлага зохион байгуулалт дээр ямар өөрчлөлт хийх вэ гэдэг нь анхаарал татаж байсан. Харин ирэх онд хилийн мэргэжлийн хяналтын албыг гааль руу шилжүүлэх арга хэмжээ авах юм байна. Гэвч өнөөдөр хилийн боомт дээр байгаа Гааль, мэргэжлийн хяналт, АТҮТ зэрэг албыг нэгдсэн удирдлагаар хангах зохион байгуулалтын ажил дутуу байгаа. Тиймээс цаашид хилийн боомтын тухай хуультай болж, боомтын дэд бүтцийг хариуцаж байх агентлагтай болох шаардлагатай байна.

Хэрлэн-Тоонот, Орхон-Онги гол гэсэн хоёр төслийн ТЭЗҮ нь хийгдсэн, зураг төсөл нь бэлэн болчихсон зөвхөн хөрөнгөө шийдэхийг л хүлээж байв

-Өмнөговь аймгийн хувьд тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ?

-Хөгжил рүү чиглэсэн бүтээн байгуулалтаа хөгжүүлэхийн тулд усны асуудлаа шийдэх ёстой. Жишээлбэл, манай аймагт Өмнөговийн нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станцын ажлууд бий. Гэтэл усны асуудал нь шийдэгдээгүй. Цаашид “Тэрбум мод” төслийн хүрээнд Өмнөговь, Дорноговь аймгуудад их бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тиймээс усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Малчид, иргэдийн ганц санаа зовж байгаа асуудал гүний усны нөөц. Өдрөөс өдөрт гүний усны нөөц хомстож байна. Уг нь үүнийг шийдэх хоёр том төсөл бий. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги гол гэсэн хоёр төслийн ТЭЗҮ нь хийгдсэн, зураг төсөл нь бэлэн болчихсон зөвхөн хөрөнгөө шийдэхийг л хүлээж байв. Ядаж энэ хоёрын нэгийг эхлүүлэх төсөв суулгах болов уу гэж харж байсан. Харамсалтай нь хөрөнгө шийдсэнгүй. Байгаль орчны сайд маш өндөр төсөвтэй учраас энэ онд төсвийг нь шийдэх боломжгүй гэх тайлбар өгсөн.

Манай аймагт шинээр 7-8 тэрбум төгрөгийн шинэ ажлууд хийх төлөвлөгөө бий. Мөн өмнөх оноос шилжиж байгаа хэд хэдэн ажил байгаа. Экспортын бүтээгдэхүүн гаргадаг аймгуудад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг боломж гарч ирсэн. Тодруулбал, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийн өөрчлөлтөөр хэд хэдэн татварыг аймаг, суманд нь үлдээдэг болсон шүү дээ. Ингэснээр манай аймаг орлогоо нэмэх боломж нь нээгдсэн. Мөн АМНАТ-аас орж ирдэг татварын хувь хэмжээ 10 болж нэмэгдсэн.

-Улсын төсөвт Өмнөговь аймаг хэчээн төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Улсын төсөвт 285 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Энэ жил 79 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсан бол нэлээд нэмэгдсэн.

-Ирэх онд нүүрсний экспортыг маш өөдрөгөөр төлөөж тавьсан. Гэтэл өнөөдөр хил хаалттай, нүүрс экспорт зогсонги байдалтай байна. Та ч сая хэллээ хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах хөрөнгө тусгасангүй гээд. Нүүрсний экспортоо энэ хэмжээнд хүргэх боломж байна уу?

-36.7 сая тонн нүүрс гэсэн. 2019 онд 36 сая тонн нүүрс гаргаж байсан. Энэ үетэй харьцуулж тавьсан байна лээ. Өөдрөг төсөөлж, түүндээ хүрэх зорилт тавьсан нь зөв. 36.7 сая тонн гэдэг боломжтой дүн гэж харж байгаа. Өдөрт 1100 машин гаргаж чадвал энэ зорилтод хүрчихнэ. Өмнө манайх үүнээс олон машин гаргадаг үе байсан шүү дээ. Зөвхөн Гашуунсухайтын боомтоор өдөрт 1500 машин гарч байсан үе байсан. Гол нь зохион байгуулалтын ажил чухал.

Харамсалтай нь, манай хил дээр ажиллаж байгаа таван байгууллага нэгдсэн удирдлага дор ажиллаж чадахгүй байна. Үүнийг анхаарч Ковидын үед нэг удирдлагаар хангах ажлыг эхлүүлсэн. Гэвч сайн үр дүн харагдахгүй байна. Бид 2016 онд хүчингүй болгосон Боомтын тухай хуулиа сэргээх хэрэгтэй. Үүнийг би сэргээн гэж бодож байгаа. Ингэж байж боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, хөгжил төлөвлөлт, боомтын иргэдийн амьдрал сайжирна.

Боомтын албыг эзэнтэй болгож, хүчирхэг баг бий болгож байж цаашдын хөгжлийн ажлаа ярина. Цаашлаад төмөр замын ажлуудаа бүрэн дуусгах хэрэгтэй.

-Танай аймгийн хувьд уул уурхайн асуудлаас болоод цөлжилт ихссэн. Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Ирэх оны төсөвт энэ төсөлтэй холбоотой төсвийг танай аймагт хуваарилсан уу. Хэчнээн төгрөг зарцуулах бол?

-Аймгуудын төсвийг арванхоёрдугаар сард ИТХ-аар хэлэлцэн батлах ёстой. Үүнээс чиглэл өгнө. Өөрөөр хэлбэл, аймгийн төсвөөс энэ хөтөлбөрүүдэд хөрөнгө зарцуулах үүрэг өгсөн. Манай аймгийн хувь бусдаас ялгарч байгаа онцлог нь төмөр замын бүтээн байгуулалтыг дагаж, трансын хоёр талаар 10 сая мод тарих ажил хийж байгаа. Үүнийг Тавантолгой компани хариуцаж байгаа.

Ингээд Зэвсэгт хүчний анги салбарууд мод тарих, хашаажуулах ажлыг хийнэ. Мөн нутгийн иргэд хоршоодод арчилгаа тордолгооны ажлыг хариуцуулж байгаа. Ингэхдээ дөрвөн аймагт модны суулгац бэлтгэх аж ахуйн нэгжийг бий болгож байна.

-Төсвийн хөрөнгийг үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцууллаа гэх шүүмжлэл олны дунд бий. Ялангуяа хөшөө, дурсгалын ажилд төсвийн их хэмжээний хөрөнгийг зарцуулдаг байдал байсаар байна. Хамгийн сүүлд гэхэд л “Богд Зонхова” хөшөөний асуудал сөхөгдсөн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамаагүй туйлширч болохгүй. Хариуцлага тооцох ёстойд нь тооцоод төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах хэрэгтэй. Царцаагаад хаявал бас л татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ