МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: ААН-ийн хүсэлтийг төр хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бол тухайн зөвшөөрлийг олгосонд тооцно
2021.11.25
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Х.Ганхуяг: ААН-ийн хүсэлтийг төр хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бол тухайн зөвшөөрлийг олгосонд тооцно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй юм. 

-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХаар хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийн гол ач холбогдол нь юу вэ?

 -Манай улс 1500 орчим зөвшөөрөл олгож байна гэсэн судалгааг МҮХАҮТаас гаргасан байдаг. Зөвшөөрлийн тоо хэмжээг багасгах, процессыг ил тод болгох шалгуурыг тавьж байна. Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг 2019 онд С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн барьсан байдаг. Мөн ондоо Засгийн газраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан. Энэ оны тавдугаар сард УИХын даргын захирамжаар энэ хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсэг зөвшөөрлийн жагсаалт дээр ажиллаад, 1500 гаруй зөвшөөрлийн тоог бууруулж 358 болгоод байна. Ямартай ч төрөөс аж ахуй нэгжид олгодог зөвшөөрлийн тоог 400 дотор барихаар хичээж ажиллаж байна.

Зөвшөөрлийн хуулийн онцлог нь хүнд суртлын эсрэг хууль. Хүнд суртлыг багасгахад чиглэгдэж байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, иргэдийн ажлыг хөнгөвчлөх зорилготой. Ихэнхдээ эрүүл мэнд, аюулгүй байдал, байгалийн нөөц ашиглах, төрийн нийтийн өмч ашиглахад зөвшөөрөл олгодог. Том компаниудад зөвшөөрлийн хүндрэл гардаггүй. Арын хаалгадаад асуудлаа шийдчихдэг. Хамгийн гол зөвшөөрөлтэй холбоотой хүндрэл хаана байна гэхээр иргэн, жижиг дунд бизнес эрхлэгч нарт тулгардаг. Тэр хүндрэлийг нь байхгүй болгоход хууль чиглэгдэж байна Зөвшөөрлийг дотор нь шинж чанараас нь хамааруулаад гурав, дөрөв ангилж байна. Тусгай зөвшөөрлийг дотор нь үйл ажиллагааны, ашиглалтын гэж ангилж байгаа.

Ашиглалтын зөвшөөрөл нь бүх төрлийн байгалийн нөөц, төрийн өмчийг ашиглах харилцааг зохицуулна. Онцгой зөвшөөрөл нь зөвхөн Засгийн газрын эрх мэдэлд байх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зөвшөөрлийг хамруулж байгаа. Мөн нэг удаагийн шинжтэй зөвшөөрөл бий. Ямар нэгэн хугацаагаар үргэлжилдэггүй, нэг удаа зөвшөөрөл олгох харилцааг зохицуулна. Ийм байдлаар зөвшөөрлийг ангилж байна.

 -Бизнес эрхлэгчид төрийн байгууллагаас зөвшөөрөл хүсдэг ч шийдэлгүй удаадаг. Хүнд сурталгүй байх асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? 

-Зөвшөөрөл хүссэн үйл ажиллагааны процесс ил тод байх ёстой. Цахимаар зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгөөд, хүсэлтийн шийдвэрлэлт ямар түвшин явж байгааг цахимаар харж болох зохицуулалт хийнэ. Зөвшөөрөл хүсээд ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй удах, хугацаандаа хариу өгдөггүй байх асуудлыг хуулиар зохицуулна. Зөвшөөрөл хүссэн хүсэлтийн хариуг 20 эсвэл 30 хоногт ч юм уу өгдөг байх хугацааг хуульд тусгаж байна. Хуулийн хугацаанд төрийн холбогдох байгууллага хариу өгч шийдвэрлээгүй бол тухайн зөвшөөрлийг олгогдсонд тооцно. Харин хүсэлтийн хариуг хугацаандаа өгөөгүй албан хаагч хуулийн хариуцлага хүлээнэ. Зөрчлийн хууль болон Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцно. 

Зөвшөөрлийн тухай хууль батлагдаж гарсны дараа Ерөнхий сайд, эсвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын дэргэд байнгын бүтэцтэй нэгж байгуулагдана. Зөвшөөрлийн хуулийг боловсруулах хүрээнд олон оронд судалгаа хийж үзсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд нь энэ хуулийг батлахыг нэн тэргүүнд хүсэх ёстой юм байна. Шийдвэр гаргагчид энэ хуулийг батлахыг хүсэхгүй л бол явдаггүй юм билээ. Хүнд суртлыг арилгахын тулд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, парламентын гишүүд нь хүчин чармайлт гаргах ёстой.

 -Нийт 1500 гаруй зөвшөөрлийг 400 болгож цөөлнө гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Хуульд заагаагүй бүх зөвшөөрлийг алга болгоно. Сайдын тушаал, яамны журам зэргийг байхгүй болгоод зөвхөн хуульд байгаа заалтыг авч үлдээд, нэн шаардлагатай зөвшөөрлийн асуудлыг нэмэлт өөрчлөлт оруулж хамтад нь батална. Тухайлбал, зургаан нэрийн барааны дэлгүүр нээхэд долоон төрлийн зөвшөөрөл авдаг. Үүнийг устгана. Зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллага л хяналт тавьдаг байхад болно. Ер нь, зургаан нэрийн дэлгүүр байгуулахад зөвшөөрлөөр яах юм. Дэлгүүр ажиллуулахад үндэсний аюулгүй байдал, эрүүл мэндэд харшлах зүйл байхгүй. Дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд л мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих хэрэгтэй. Зургаа, найман нэрийн барааны дэлгүүрт одоо тавьж буй шаардлагыг харахад “50 метр квадратаас дээш байх ёстой” гэх жишээтэй. Иргэн 10, 30 метр квадрат талбайд бараа бүтээгдэхүүн худалдаалж яагаад болохгүй гэж. Дэлгүүр ажиллуулах асуудлыг заавал дүүргийн Засаг дарга, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга шийддэг байх шаардлагагүй.

 -Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд, Боловсролын салбарын гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилсан, төсвийн санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой санал бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийг та ахлан ажилласан. Багш нарын цалин бодитой нэмэгдэхээр болсон уу? 

-Багш нарын цалин нэмэгдэнэ. Төсвийн хуультай уялдаад багш нарын цалинтай холбоотой хоёр төрлийн реформ хийгдэж байна. Нэгдүгээрт, хагас бие даасан бүтэц рүү оруулж байна. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг төрөөс олгоно. Хувьсах зардлаараа багш, удирдлагууд сургуулийн менежментээ хийнэ гэсэн үг. Багшийн ур чадвараас хамаараад цалингийн урамшууллыг нэмэх боломжтой. Хоёрдугаарт, багш нарын цалин, үнэлгээтэй холбоотой зарцуулах 60 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Дунджаар багш нар цалин дээрээ нэмж 30-аас доошгүй хувийн нэмэгдэл авахаар харагдаж байна. Багш нарын өмнө нь авч байсан цалингийн урамшуулал тодорхой хувиар нэмэгдэнэ. Багш нарын цалин, урамшуулал нь нийлээд дунджаар 1.2 сая төгрөг авахаар байгаа юм. 

-Боловсролын зээлийн сангаас сургалтын зээл хүссэн оюутнууд энэ жил санхүүжилт авч чадаагүйгээс сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Харин ирэх оны төсөвт сургалтын зээлийг хүртээмжтэй олгох асуудал шийдэгдлээ гэж ойлгогдсон. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөөч? 

-Батлан даалтын санд тодорхой төсөв тавигдсан. Нийт 30 мянган хүүхэд банкнаас сургалтын зээл авахад хүүгийн зөрүүг нь Батлан даалтын сангаас төлөхөөр зохицуулалт хийсэн. Оюутнууд арилжааны банканд очоод гурван хувийн хүүтэй сургалтын зээл авч болно. Хоёрдугаарт, барьцаа хөрөнгө нь хүрэхгүй бол Батлан даалтын сангаас барьцаа гаргаж, оюутан зээл авах боломжтой болсон. 

-”Богд Зонхова” бурхны хөшөөт цогцолборын төсвийг нэмэгдүүлж, 32 тэрбум төгрөгөөр баталсан нь багагүй шүүмжлэл хүртэж байна. Та төсөв хэлэлцэх үед энэ хөшөөт цогцолборын төсвийг анзаарч харсан уу?

 -”Богд Зонхова” хөшөөт цогцолборын төсвийн төслийг хараагүй. Яагаад гэхээр би тухайн үед боловсролын салбарын төсөвтэй холбоотой ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн ажлын хэсгийнхээ төсөв дээр ажиллаад өөр асуудалд анхаарал хандуулах боломж байгаагүй. Боловсролын багц хууль батлагдана гэж тооцоолж, төсвийн төслийг боловсруулсан. Төсвийг боловсролын салбарын хуульд нийцүүлэх, одоо байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн учраас өдөр шөнөгүй сууж ажилласан.

Энэ жилийн төсвийн боловсролын ажлын хэсгээс гадна энэ онд хийгдэж буй боловсролын хөрөнгө оруулалтын ажлын хэсгийг ахалсан. Боловсролын салбарт хаана, ямар бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гэдэг хяналт, шалгалтыг хийж байгаа юм. Асуудал маш их байсан. Хил, гааль хаагдсантай холбоотойгоор барилгын материалын үнэ нэмэгдэж, бүтээн байгуулалтын зардал өссөн. Үүнийг ирэх жилийн төсөвт хэрхэн тусгах вэ гээд. Тиймээс дээрх хөшөөт цогцолборын төсвийн асуудлыг харж амжаагүй. 

-Та болон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар хэлэлцүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Хуулийн төслийг эгүүлэн татах уу. Үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэх юм уу?

 -Хуулийн төслийг эгүүлэн татах асуудал намын бүлэг дээр яригдсан. Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эгүүлэн татаагүй. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барихаар болсон.

Бидний санаачилсан хууль болон Засгийн газраас өргөн барьсан хоёр хуулийн төслийг нийлүүлээд цааш явна. Бидний санаачилсан хуулийн төсөлд татвартай холбоотой асуудал тусгагдаагүй. Татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүн өргөн барьж болдоггүй. Зөвхөн Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байдаг. Хоёрдугаарт бүтэцтэй холбоотой асуудал хуулийн төсөлд ороогүй байсан. Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын тогтворжуулалтын зохицуулалттай мөртлөө Татварын тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Тэгэхээр энэ хоёр хуулийн зүйл, заалтыг уялдуулах ёстой.

Тиймээс татварын асуудлыг Засгийн газар өргөн барих шаардлагатай. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа агентлаг гэж манайд алга. Өмнө нь Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг байдаг байсан. Сурталчилдаг, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалдаг агентлаг үйл ажиллагаа явуулдаг байв. Гэтэл одоо Үндэсний хөгжлийн хороон дээр дөрөв, таван мэргэжилтэн л бий. Ер нь хариуцсан агентлаг хэрэгтэй байна.

 -Гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахад эрх зүйн яг ямар оновчтой зохицуулалт хэрэгтэй байна вэ. Та бүгдийн оруулж ирсэн санал уначихлаа гэж ойлгож байна?

 -Унаагүй шүү дээ. Бидэнд ийм өөрчлөлт хийхээс өөр арга байхгүй. Хөрөнгө оруулагч нарт хаалга үүдээ нээхгүй бол тэд орж ирэхгүй. Бид хаалгаа хаачихсан. Мөнгөн дүн тавиад гадаадын хөрөнгө оруулагч нарыг орж ирэхгүй болгосон. “Гадаадын иргэдэд виз олгох гэж байна” гэж бидний саналыг гуйвуулсан.

Хуулийн төсөлд визтэй холбоотой ямар ч зүйл, заалт байхгүй. Виз олгох журмыг Засгийн газар гаргадаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол концепц нь гадаадын иргэн Монголд аж ахуй нэгж байгуулахдаа Монгол хүн хэрхэн компани байгуулдаг билээ, түүн шиг зарчимтай байя гэдэг л заалттай.

Яагаад ийм заалт оруулсан бэ гэхээр гаднынхан цар тахалтай холбоотойгоор Монголд орж ирэх боломжгүй байна. Гадаадаас манай улс руу ирэх нислэг ч алга. Туркээс өөр нислэг байхгүй. Гадаадын иргэн Монголд бизнес эрхлэхээр ирэхийн тулд ямар хүндрэл бэрхшээл туулахыг бодож үзэх хэрэгтэй. Нислэгээс гадна, вакцин, ПСР шинжилгээ гээд төвөгтэй зүйл их бий. АНУ-аас Монголд ирэхийн тулд хоёр удаа ПСР шинжилгээ хийлгэх шаардлагатай болно. Ийм механик бэрхшээлтэй байхад гадаадын иргэн манай улсад ирж компани байгуулна гэдэг амаргүй.

Бид E-Mongolia хуудсаар дамжуулж хоёр цагийн дотор компани байгуулах боломжтой. Энэ боломжийг гадаадын иргэдэд ч нээгээд өгчих гэж байгаа юм. Гэтэл Монголчууд гадаадад компани байгуулаад эхэлсэн байна. Тухайлбал, Лэнд.мн байна. Монголдоо гаднын хүнтэй хамтарч компани байгуулах боломжгүй байна шүү дээ. Монгол хүн гадаадын иргэнтэй хамтарч компани байгуулбал, доод тал нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой.

Гаднынхныг торгох бус монголчуудаа торгоод, босго тогтоогоод байгаа юм. Манай дээд үеийнхэн ерөөсөө үүнийг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Дандаа лиценз зарсаар байгаад, орж ирж байгаа гаднынхныг уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байна гэж хардаг болсон. Хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларын босго нь уул уурхайнханд зориулсан босго. Тэр уул уурхайн салбарынханд 100 мянган ам.доллар бол асуудал биш.

Мэдээлэл технологи, Старт ап хөгжүүлэх салбарт бол хүндрэлтэй. Уг нь тэр Лэнд. мн гадаадад биш, Монголдоо компани байгуулбал өөрийн улсдаа татвар төлж, ажлын байр бий болгох юм. Гэтэл манайхан зөвхөн нэг талаас нь хардаг. “Гадны мөнгөтэй хүн орж ирээд уул уурхайг нь ухаад, баялгийг нь аваад гардаг. Өмнө нь 100 мянган ам.доллар төлдөг байсан бол одоо үнэгүй аваал явах гэж байна” гэж өрөөсгөл харж байна. Тийм биш л дээ.

ШИНЭ МЭДЭЭ