2021.12.30
Эдийн засаг, Худалдаа
Х.Ганхуяг: Экспортыг нэмэгдүүлэхийн тулд даатгалын институцын хууль эрх зүйн орчинг сайжруулах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Уул уурхайн бус экспортыг дэмжье гэвэл хоёр хөрштэйгөө хамтран ажиллах шаардлагатай. Гурвалсан гэрээ хийх юм уу, эсвэл тус тусдаа хэлэлцээр хийх эсэхээ тодорхой болгож, худалдааны нөхцөл болон татвараа заах хэрэгтэй байна. Хоёр орны дотоодын зах зээлд борлуулах боломжтой шаардлага хангасан стандартыг дотоодын хууль дүрмээр зохицуулах нь зүйтэй. Япон Улстай хийсэн худалдааны гэрээ хөгжихгүй байгаа гол шалтгаан нь стандарттай холбоотой. Тиймээс эл асуудалд анхаарлаа хандуулж өгөөрэй.
Түүнчлэн экспортыг далайцтай хөгжүүлье гэвэл экспортыг даатгалын институцыг зайлшгүй байгуулах шаардлагатай. Экспортын даатгал байвал дотоодын аж ахуйн нэгжүүд дотоодын болон гадаадын арилжааны банкнуудын санхүүжилтыг ашиглах боломжтой болно. Тийм учраас экспортыг даатгалын институц байгуулахтай холбоотой хууль эрх зүйн асуудлыг өргөн мэдүүлээсэй гэж хүсэж байна.
Манай гол бараа бүтээгдэхүүнийг борлуулах худалдааны компани зайлшгүй шаардлагатай. Дотоодын зах зээлээ хөгжүүлэх боломж бүрдэнэ. Эл асуудлыг бодолцож үзвэл зүгээр байх.
Өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүдийг нэгдүгээр сард багтааж өгвөл зүгээр байна. Ингэснээр УИХ-ын хурлаар гуравдугаард багтаан хэлэлцэж батлаад явуулчихвал зүгээр юм болов уу?
Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.