МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн банкны асуудлыг Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулж, шалгана
2022.04.06
Улстөр

Хөгжлийн банкны асуудлыг Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулж, шалгана

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдах боллоо. Түр хороо Хөгжлийн банкны асуудлыг шалгана. Энэ талаарх тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2022.04.06/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь:

  • -нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
  • -нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
  • -гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
  • -шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах
  • -санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх зэрэг бүрэн эрхтэй юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахлан, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажилласан.

Тус ажлын хэсэг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон, эдгээр ноцтой нөхцөл байдлууд нь улмаар Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай байгаа тул Улсын Их Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах;" болон 3.1.7-д “хууль хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг тогтоох, Улсын Их Хурлын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар төрийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх;” гэж заасны дагуу тухайн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж, Хөгжлийн банканд холбогдох асуудлуудыг авч хэлэлцэж, хянан шалгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд хянан шалгах түр хорооны хянан, шалгах ажлын сэдэв, хүрээ хязгаарыг тодорхойлж, хянан шалгах түр хороог байгуулах үндэслэл, бүрэлдэхүүнийг тусгай, тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тогтоох агуулгыг тусгасан гурван заалттай байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ