МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
2022.10.21
Зам, Тээвэр

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.10.21) “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнууддаа, цаашлаад тэдгээрээр дамжин далайд хүрч гуравдагч улсуудад бараа, бүтээгдэхүүнээ ашигтай нөхцөлөөр экспортлохын тулд зөвхөн төмөр замын дотоодын оновчтой зохион байгуулалт бүхий нэгдсэн сүлжээтэй болохоос гадна төмөр замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтын дүнд ОХУ болон БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарц нээгдэнэ гэж тусгагджээ.Тогтоолын төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй байх бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгасан болохыг танилцуулав. Үүнд:

1 дүгээр зүйлд: Экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар;

2 дугаар зүйлд: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, хууль зүйн эерэг үр дагавар үүснэ гэж үзжээ. Тухайлбал, Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдсэнээр төсвийн орлого тогтворжиж, эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэТус төмөр замын бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ