МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.16
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: "Эрдэнэс Тавантолгой ХК"-ны 2023 оны 4.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсвийг ард түмний мандатгүй хэдхэн хүн баталж байна

УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Тогтоолын төслийг бидний хэсэг гишүүд нэлээд эртнээс ярьсан.  Ийн хагас жилийн дараа батлагдах гэж байх шиг байна. Цаг үеэ ч оллоо гэж харж байна. Нүүрсний хулгайг, нэг компани, нэг хэсэгтэй уяж харж болохгүй. Хэдэн хүн шоронд суулгаад ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. “Эрдэнэставантолгой”  компанийн түүхийг хар. Бүх захирлууд нь шоронд сууж байна. Энэ нь засаглал болохгүй, хяналт байхгүй, УИХ-аас илүү эрх мэдэлтэй.

Монгол Улсын 2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын дүн, гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3.5 их наяд. Гэтэл “Эрдэнэставантолгой” компанийн 2023 оны хөрөнгө оруулалтын дүн  4.2 их наяд төгрөг. Энэ нь ганцхан жилийн хөрөнгө оруулалтын төсөв шүү дээ. Үүнийг ард түмний мандатгүй хэдхэн хүн баталж байгаа. Үүнээс л хулгай явагдаж байна. Төсөв болгоны үеэр залуу гишүүд болон эдийн засаг ойлгодог хүмүүс хэлдэг үүний талаар хэлсээр ирсэн.

Тэгэхээр тогтоолын төсөл орж ирж байгаагийн үндсэн санаа нь, ард түмний мандат аваад, олон түмний өмнөөс ажиллаж байгаа л бол улсад байгаа бүх юмыг харж, үүний талаар ярих ёстой. Олон улсын байгууллагууд ч гэсэн зөвлөдөг. Ингэхдээ тэд, "төрийн өмчийн уул, уурхайн компаниудаа цэгцлэх хэрэгтэй. Улсын төсвөөс том төсөв тэнд шийдэгдээд байна, үүнийг болиоч ээ !" гэдэг. “Зэрэгцээ төсөв” ч гэж нэрлэдэг.

Төрийн компаниудаасаа салж чадсан нь хөгжөөд явж байгаа. Уул, уурхайн компани төрийн өмчийнх байгаад амжилт олсон 2,3 жишээ л дэлхийд байгаа. Тийм учраас олон нийтийн хяналтад нь оруулах хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-д үг хэлж танилцуулахдаа, төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болгох багц хуулийн төсөл өргөн барина хэмээсэн. Энэ маш зөв алхам юм. Тиймээс энэхүү тогтоолын төслийг эргэлзээгүйгээр баталж өгөөч хэмээн хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ