МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үйл явц болон нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо
2022.12.21
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үйл явц болон нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.20) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилт, Эрүүл мэндийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов.

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахимжуулах чиглэлээр “Алсын зайн анагаах ухааны үндэсний сүлжээ”, “Зүрх судасны өвчний МонПэн”, “Эмийн жор /ЭМД/”, “Эрүүл мэндийн статистик боловсруулалтын H-Info 3.0 программ хангамж”, “Сүрьеэгийн мэдээллийн систем”, “Вируст гепатитын архаг халдвар бүртгэх систем”, “Томуугийн өвчлөл”, “Лабораторийн мэдээллийн систем”, “Эрт илрүүлгийн мэдээллийн систем” зэрэг төслүүд хэрэгжиж, лавлагаа шатлалын 48, анхан шатны 535 байгууллага сүлжээнд холбогдсон байна. Салбарын хэмжээнд нийт 50 гаруй төрлийн программ хангамж ашиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй “Цахим эрүүл мэнд” төслийг 2016 оноос хэрэгжүүлж, эрүүл мэндийн өгөгдөл солилцооны нэгдсэн платформ, өгөгдлийн тайлбар толь, стандартыг боловсруулсан байна. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр эрүүл мэндийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх замаар эмнэлэг хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах болон оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох системийг боловсруулж хэрэгжүүлэх ажил хийгдэж дуусжээ.

Уг төсөл УНТЭ, УГТЭ, ГССҮТ, Увс, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд амжилттай хэрэгжсэн байна. Эрүүл мэндийн өгөгдөл солилцооны нэгдсэн платформ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагууд хооронд өвчтөн, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдал, өвчтөний түүх, эрүүл мэндийн байгууллагаас өмнө авч байсан эмчилгээ, үйлчилгээний тухай үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй солилцон оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргахад ашиглах замаар эрүүл мэндийн үйлчилгээний үр ашиг, чанарыг сайжруулах, эмнэлэг, эмчилгээний алдаа гаргахаас сэргийлэх, өвчтөн, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг багасгах зорилготой юм. Төслийн хүрээнд Монгол Улсын нийт анхан шатны эмнэлгүүдэд E-hospital.mn системийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын системтэй холбосон. Анхан шатны 535 эрүүл мэндийн байгууллагад уг системийг нэвтрүүлээд байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” цонхонд нэгтгэх арга хэмжээ авах ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран тусгай зөвшөөрлийн программ болон цахим гарын үсгийн программыг тус тус нэвтрүүлжээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй программ хангамжаар дамжуулан богино хугацаанд өгөгдөл солилцох боломжийг бүрдүүлэх ажлыг хийж дуусгасан байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтээ хугацаанд нь цахимаар нэхэмжлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн эрүүл мэндийн чиглэлээр олгодог тусгай зөвшөөрөл, вакцины гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын төлөлт, шинжилгээний хариу авах, эмнэлэгт цаг авах, цусны бүлгийн мэдээлэл зэрэг эрүүл мэндийн 17 үйлчилгээг Цахим үйлчилгээний систем (И-Монгол)-ээр дамжуулан үзүүлж байна. Цаашид эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж.

Үргэлжлүүлэн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн 2021 оны хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр соёрхон баталсан. Төслийн хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн байна. Энэ төслийг Дэлхийн банкны нийт 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хэрэгжиж дуусахаар төлөвлөжээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 39.5 хувь буюу 7.7 сая ам.долларын санхүүжилтийг авч, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу дуусгавар болсон байна.

Төслийн 2017-2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн байна. Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ боловсруулах, хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх гэрээт ажлын явц хангалтгүй, төсөл зорилтот үр дүндээ хүрэхгүй, эрсдэл үүсэж, төлөвлөсөн санхүүжилтийг төсөл хэрэгжих хугацаанд зарцуулаагүй байна. 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, баталсан төсвийн хүрээнд зардал гаргах, бүртгэл тайлагналтай холбоотой зөрчлүүд илэрсэн тул хязгаарлалттай дүгнэлт өгч, холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажиллах албан шаардлага, зөвлөмж өгсөн.

Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг боловсруулах, хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх 6.0 сая ам.долларын санхүүжилттэй ажлын гэрээг БНСУ-ын “Тайхан кабель Солюшн” компанитай 2021 оны 06 дугаар сард байгуулсан байна. Энэ гэрээт ажлын урьдчилгаа төлбөрийг төлсөн ч ажлын гүйцэтгэл Дэлхийн банкны шаардлагад нийцээгүй тул мэдээллийн технологийн аудит оруулах саналыг Дэлхийн банкнаас гаргасан. Бусад худалдан авах ажиллагаа нь уг платформын гэрээт ажилтай холбоотой тул хойшлогдсон байна.” хэмээгээд төслийн 2022 оны санхүүгийн тайланд аудитыг хуулийн хугацаанд гүйцэтгэж, дүгнэлтийг 2023 оны 2 сард танилцуулна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Идэрбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахыг салбарын сайдад сануулав.

Дараа нь нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулгадаа, “Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

Мөн өнгөрөгч долоо хоног УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 2022 оны 11 сарын байдлаар манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нийтдээ 10.2 тэрбум ам.долларын орлогыг төвлөрүүлж чадсан байна. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 93 орчим хувь, ДНБ-ий 20-25 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна гэсэг үзүүлэлт юм. Үүнд нүүрс, зэсийн баяжмал хамгийн том хувийг эзэлдэг.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр аваад үзвэл дийлэнх нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниар дамжуулан экспортод гардаг. Эдгээр компаниудын борлуулалт цахим биржээр дамжуулан илүү нээлттэй, ил тод болох юм. Жишээлбэл, "Эрдэс Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалтын үнийг авч үзэхэд сайн чанарын коксжсон нүүрс ам нөхцөлөөр 110 орчим ам.доллароор худалдаалагдаж, БНХАУ-ын талаас НӨАТ болон бусад жижиг зардлуудаа хассан цэвэр үнийг харахад 200-230 ам.доллар байх жишээтэй.

Тэгэхээр энэ 120 орчим ам.доллар бол тээвэрлэлтийн зардал, дундын хөөсрөлтэй холбоотой яваад байгаа юм. Тиймээс бид хамгийн түрүүнд цахим биржийн харилцааг хуулийн хүрээнд зохицуулж, хил нөхцөлөөр нүүрсээ худалдах боломжийг бий болгох хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн гол агуулга бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд заавал уул уурхайн биржээр дамжуулж экспортоо хийнэ. Мөн цахимаар арилжаалж байгаа бүтээгдэхүүн хил үнээр биржид борлуулагдана.

Ам нөхцөл байхгүй. Ингэснээр байгалийн баялгийг олон улсын зах зээлд илүү ойртсон үнээр борлуулах боломжтой болно. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж бол бусад арилжааны биржээс өөр. Арилжаа хийх зарчим нь ижил ч онцлогтой салбар. Нэг ёсондоо бирж дээр хувьцаа, бонд биш нүүрс, төмрийн хүдэр, зэс, хайлуур жонш зэрэг биет бүтээгдэхүүн арилжаалагдана. Тэгэхээр логистикийн төв, итгэмжлэгдсэн агуулах, лаборатори зэргээр дэд бүтэц бий болох зайлшгүй шаардлагатай. Ингэснээр худалдан авагч чанартай, итгэмжлэгдсэн лабораториор хянагдсан бүтээгдэхүүнийг хугацаанд нь хүлээж авах боломжтой болно. Энэ нөхцөл боломжийг бэлэн болтол хүлээнэ гэвэл маш их хугацаа алдана. Харин өнөөгийн нөхцөлд байгаа итгэмжлэгдсэн лаборатори, чингэлэг тээврийн терминалийг ашиглаад эхлэх боломж байгаа учраас Засгийн газрын түр журмын хүрээнд биржийн арилжаа хийнэ” гэв.

Үргэлжлүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулга хийсэн. Тэрбээр, "Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсийг дотоод, гадаадын зах зээлд арилжаалахад дараах асуудлууд тулгарч байна гэж салбарын яамнаас танилцуулсан. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл хаалттай, ил тод бус байгаагаас үр ашигтай, зах зээлийн үнэлгээнд нийцсэн үнээр худалдах боломжгүй байдаг.

Нөгөө талаас уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл, платформ бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс доогуур байх нөхцөл бий болоод байна. Энэ асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэх Монголын баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид нь шууд санал болгох, борлуулах боломжийг цахим бирж бий болгоно. Төрийн нийтийн өмч болох байгалийн баялаг, нүүрсийг төр хариуцаж худалдан борлуулах үүрэгтэй, гэхдээ хувийн хэвшил, иргэдийн оролцоо заавал байж ил тод, нээлттэй болно. Иймд уул уурхайн бирж цаашдаа хувийн хэвшлийн оролцоотой ажиллах ёстой.

Энэ ажлын эхлэлийг тавьж, цаг үеийн нөхцөл байдал, иргэдийн эрүүл, шударга шаардлагыг хүлээн авч, Монгол Засгийн газраас “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Ингээд ирэх жил төрийн өмчит уул уурхайн компаниуд нэгдсэн цахим системд холбогдож баталгаатай, хяналттай нүүрс олборлож, тээвэрлэж, экспортолж эхлэх нь тодорхой боллоо.

Уул, уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл ил тод бус байгаагаас үүдэн хүндрэл учирч авлига нүүрлээд байна. Дунд нь зуучлагч гарч ирээд авлига аваад байна. Хүн бий учраас хулгай хийгдэнэ. Тэгэхээр цаашид А-г Б-гээр сольсноор ямар ч өөрчлөлт авчрахгүй. Хүн биш агуулгыг, технологид суурилсан шийдлийг санал болгож байж хулгайгаас сална. Баялагтаа эзэн байя гэвэл цахим бирж дээр нүүрсээ ил тод зарах хэрэгтэй.

Чөлөөт үнээр өрсөлдөх ёстой. Уул, уурхайн биржийн хууль батлагдвал төрийн өмчийн оролцоотой ямар нэгэн аж, ахуй нэгжүүд цахим арилжааг хийнэ. Иргэд, хувийн хэвшил хамтран хяналтыг тавина. Хүн бүрийн хяналтад арилжаа хийгдэнэ. Ингээд уг үйлдлийг блокчейн дээр бүртгэнэ. Энэ нь кодлогдсон хараат бус технологи. Хэрвээ ингэж чадвал хэн нэгэн өөрчилж, хөнддөг асуудал үгүй болох юм. Одоогоор технологид суурьтай 10 орчим бирж байна" гэлээ.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Э.Батшугар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг бүтээгдэхүүний чанарын ангилал болон арилжааны нөхцөлийн талаар тодруулсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хариултдаа, "Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сайн чанарын коксжих нүүрс 110 ам.доллароор зарагдаад, БНХАУ-ын боомт дээр 210-230 ам.долларын үнэд хүрч байна.

Тэгэхээр энэ дунд 110-130 ам.долларын зөрүү бий. Тус компанийн нүүрс амнаасаа эхлээд Ганц мод боомт хүртэл уртын болон богинын тээврээр явагддаг. Уртын тээвэрлэлтийн зардал одоогийн байдлаар тонн тутамд 15-20 ам.доллар байгаа юм. Харин богинын тээвэр буюу Цагаан хадаас Ганц мод боомт хүртэлх үнэ 60-80 ам.доллар байна. Ганц мод боомт дахь үнэ өсөх тусам богинын тээврийн үнэ өсөөд байдаг. Тиймээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль дээр хил нөхцөлөөр нүүрсээ зарна гэж оруулж байгаа.

Өөрөөр хэлбэл, тухайн компани тээвэрлэлтээ хил хүртэл өөрсдөө хариуцах нөхцөлөөр хийх нь оновчтой" гэлээ. Харин нүүрсний чанарын тухайд "Монгол Улсын нүүрсний чанарын стандартыг 2014 онд баталсан. Энэхүү стандартын дагуу баяжуулсан, баяжуулаагүй нүүрс нийлээд 11 төрөлд хуваагддаг байсан. Жишээлбэл, коксжих нүүрсний ганцхан чанар бий. Салбарын яамнаас ажлын хэсэг гарч нүүрсний стандартыг шинэчилж, 11-30 төрөл рүү шилжүүлсэн. Монгол Улсын нүүрсний чанар олон улсын чанар, тэр дундаа БНХАУ-ын нүүрсний чанарын стандартад нийцсэн" хэмээв.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн "Цахим биржийн арилжаа явагдсанаар нүүрсний арилжаа гаднын хөрөнгө оруулагч нартай илүү явагдана. Энэ тохиолдолд гадаад валютаар илэрхийлсэн худалдан авалт явагдах ёстой. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Монголбанкны зөвшөөрлөөр эрхлэх боломжтой. Нүүрс арилжааны нөхцөлийн тухайд худалдагч тал арилжааны зарыг таван өдрийн өмнө тавьсан байх ёстой.

Түүнээс гадна нүүрс худалдан авагч нар дэнчинг арилжаа эхлэхээс 30 минутын өмнө арилжаа эрхлэх байгууллагын монголын арилжааны банкны дансанд байршуулахаар зохицуулсан. Экспортын гэрээг долоо хоногийн дотор байгуулна. Уг гэрээний загварыг Монголын хөрөнгийн бирж баталж гаргаж байгаа. Төлбөр тооцоог ажлын таван өдрийн дотор нүүрс худалдагч талын дансанд шилжүүлэх ёстой" гэв.

Нүүрсний цахим арилжааг зохион байгуулах явцын талаар Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, "Уг арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдыг эрх ашгийг тэгш байдлаар хангаж зохион байгуулах, зах зээлийн бодит үнийг тогтоох, нүүрсний үнэ, гэрээний мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллана. Арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөр тооцооны үүргийг тодорхой бүртгэх, мөн экспортын гэрээг байгуулах төлбөр тооцооны найдвартай гүйцэтгэлийг хангаж ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. "Энержи Ресурс" ХХК, Эрдэнэс Тавантолгой" ХК-тай туршилтын арилжааг хийх бэлтгэл ажлаа бүрэн хангасан" гэлээ

ШИНЭ МЭДЭЭ