2023.11.02
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Ц.Сандаг-Очир: Газрын тухай хуулийг төсөв дагуулж ирж байгааг эргэж харах нь зүйтэй!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
АМНАТ-өөс тухайн олборлолт хийж байгаа уул уурхай, сум, аймгуудад 40/60 харьцаатайгаар олгож байгаа асуудлыг дэмжиж байна. Уул уурхайн компани нь тухайн орон нутгийн байгаль орчин, ард иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тийм учир тухайн орон нутгийн ард иргэд, тэндээс олж байгаа орлогоос илүү ашиг хүртэх боломжийг нээж байгааг дэмжиж байна.
Үүний сацуу төсөв дагуулж газрын тухай хуулийг оруулж ирж байна. Энэ маш том хууль шүү дээ. Ерөнхий сайдын дэргэд газрын агентлаг байгуулаад, 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй сумдын газар олголтыг асуудлуудыг тус агентлагт эрхийг нь өгөхөөр орж ирээд, ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй саналаар уг эрхийг хасаж байгаа юм байна.
Газар зохион байгуулалт, олголтын асуудлыг цэгцлэх гээд байгааг чинь ойлгож байна. Гэхдээ энэ агентлаг жагсаалтыг нь баталдаг байх юм уу. Энэ хүрээнд аймаг, сум, дүүрэг нь газар олголтоо хийдэг байхаар хуульчлах гэж байгаа юм уу. Энэ чинь дээрээ хассан мэт байгаа ч, доороо агентлагийн эрх үүрэг нь хэвээрээ байсаар байна. Хэрэв ингэхээр бол орон нутгуудын газрын албадын татан буулга. Газрын хуулийг дагуулж оруулж ирснийг би хувьдаа дэмжихгүй. Үүн дээр хариу өгнө үү.
Түүний асуултад, ажлын хэсгийнхэн хариуллаа.