МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мөнгөний биш бодлогын сонгууль хэрэгтэй
2023.11.06
Улстөр

Мөнгөний биш бодлогын сонгууль хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 30-аас өмнө батлах үүрэгтэй. Хуулиар эмэгтэйчүүдийн квот, сонгуулийн зардал бууруулах, зах замбараагүй байрладаг самбар, тараагддаг сэтгүүл, сонины зардал, тоо хэмжээг бууруулах шаардлагатай бий.

Тухайлбал, 2020 оны орон нутгийн болон нөхөн сонгуулиар гарсан гомдол маргаан, шүүхээр шийдвэрлэсэн байдалд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Үүнд анализ хийж үндсэн гурван чиглэлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзээд Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Нэгдүгээрт, орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байхаар нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан. Товчхондоо, улсын хэмжээнд 2148 санал авах байр буюу хэсгийн хороо байдаг. Эдгээр хэсгийн хороодыг бүрэн автоматжуулах, камержуулах системийг нэвтрүүлнэ. Ингэснээр намууд, нэр дэвшигчид, ТББ-ууд, олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулах, сонгуулийн сурталчилгааны оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр хэд хэдэн заалтуудыг нэмж тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид мөнгөний нөлөөлөлгүй байх зарчмыг хангаж байгаа юм. Хамгийн түрүүнд самбарын асуудал байна. Бид самбарын бус бодлогын өрсөлдөөнийг хуульд тусгах ёстой гэж үзсэн. Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуульд 2148 санал авах байранд 7165 мандатад 20 гаруй мянган нэр дэвшигч бүртгүүлсэн. Хуучин хуулиар нэг хэсгийн хороонд нэр дэвшигч арав хүртэл самбар байрлуулах боломжтой байсан. Хамгийн багаар бодоход 70-80 мянган самбар улсын хэмжээнд сонгуулийн сурталчилгааны үед хэвлэгддэг. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн үед хэвлэгдсэн самбар 93 хувиар буурч, улсын хэмжээнд 1523 самбар хэвлэгдэж, зардлыг бууруулна гэж үзлээ.

Гуравдугаарт, Анхан шатанд улстөржилтийг багасгах, нутгийн өөрийн удирдлагын байгууллага хоорондын уялдаа холбоог хангах чиглэлийг гол зарчим болгон оруулсан. Өөрөөр хэлбэл, сум дүүрэгт Үндсэн хуульд нийцүүлж шууд нэр дэвших асуудлыг тусгасан.

Эцэст нь хуулийн төслийг бусад нам, эвслүүдтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлнэ. Монгол улсад мөнгөний биш бодлогын сонгууль хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ