МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2023.11.08
Хууль, эрх зүй

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Улсын Их Хурал энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар тогтоолоор байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар ажиллажээ.

Ажлын хэсэг хоёр удаа, ажлын дэд хэсэг дөрвөн удаа хуралдсан байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авсан бөгөөд иргэдээс хуулийн төслийг гурван зүйлтэй холбоотойгоор давхардсан тоогоор 43 санал ирүүлснийг ажлын хэсэг нэрбүрчлэн хэлэлцсэн байна. Байнгын хорооны ажлын хэсэг 2023 оны арван нэгдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 12, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх найруулгын 3 саналын томьёоллыг тус бүрд нь хэлэлцэн шийдвэрлээд, Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Үүнд, насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхлэхээр, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийг өөрчлөн найруулах хуулийн төслийн саналыг хасахаар, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар тусгаж, Зөрчлийн тухай хуулиас торгуулийн шийтгэлийг хасах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгууль шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмэлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, шинээр авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт, хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон болон хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ““мэргэжлийн үйл ажиллагаа явуулах,” гэсний дараа “тээврийн хэрэгслийг жолоодох” гэж, мөн хэсгийн “нийтийн албанд ажиллах” гэсний дараа “, тээврийн хэрэгслийг жолоодох”” гэснийг ““тохиолдолд” гэсний дараа “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл”” гэж өөрчилж, мөн зүйлийн “гэж, 12.3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын “арван зургаан насанд” гэсний дараа “хүрсэн арван найман насанд”” гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хасах томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг өөрчлөн найруулахыг, 4 дүгээр зүйлийн ““10.1 дүгээр зүйлийн Тайлбарын “арван дөрвөн” гэснийг “арван зургаан” гэж, “12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,” гэснийг, мөн зүйлийн “2.1 дэх заалтын “арван дөрвөөс” гэснийг “арван зургаагаас” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4 саналын томьёолол, хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх найруулгын 3 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ