МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн байнгын хороо хуралдлаа
2023.11.22
Улстөр

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил, дахин жилийн хугацаагаар улируулан сонгож болно гэж заасан. Г.Тэмүүлэн нь 2022 оны наймдугаар сард тус Байнгын хорооны дарга болсныг тодотгоод Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Ганзоригийн Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулж буйг онцлов.

Мөн Г.Тэмүүлэн нь Архангай аймгийн уугуул, 2003 онд АНУ-ын олон улсын харилцааны сургуулийг бакалавр, 2005 онд тус сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2016 оноос өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр, 2022 оноос Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна хэмээн танилцуулав.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Төсвийн байнгын хорооны даргад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхийг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаан оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ