МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2023.11.30
Хууль, эрх зүй

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлага, шалгууруудыг харгалзан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхтэй зөвшилцөн боловсруулж ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн гэв.Төслийг боловсруулахдаа холбогдох суурь судалгаа болон Улсын дээд шүүхтэй хамтран баталсан шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг тус тус үндэслэжээ.

Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэв.

Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Дүүргийн анхан шатны шүүхийн тухайд Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг өөрчлөн байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, Налайх дүүрэгт байршуулах нь оновчтой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгажээ. Энэхүү шүүх нь мөрдөн шалгах ажиллагаан дахь шүүхийн хяналтыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай процессоор хэрэгждэг тодорхой ажиллагаануудыг болон бага үнийн дүнтэй иргэний хэрэг, зөрчлийн хэргийг харьяалан шийдвэрлэх юм байна. Ингэснээр дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 30-40 хувь багасаж, зохист хэмжээнд очно хэмээн үзсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Авлигын голомтыг тастахгүйгээр шинэ 30 жилийг бид цогцлоох боломжгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах, ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаасаа цутгаж, усны түвшин өдрөөс өдөрт дээшилсээр байна. 30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бий болж, нийгмийн сэтгэл зүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.

Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна.

Гэхдээ үүнийг ордон дотор ч биш олон нийт ч гярхай олж харсан байна. Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, Евро бондын 500 сая ам.долларын өрийг саяхан төллөө. Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн гинжин хэлхээний дараа гарч байна. Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох зүйлгүй. Мөн төлбөрийн тэнцэл анх удаа эерэг гарлаа" хэмээв

ШИНЭ МЭДЭЭ