Б.Бат-Эрдэнэ: Би хадгаламж зээлийн хоршооноос 500 сая төгрөг идээгүй
2012.11.02

Б.Бат-Эрдэнэ: Би хадгаламж зээлийн хоршооноос 500 сая төгрөг идээгүй

-УИХ-ыг бүрдүүлэгч хоёр намын хоорондох үл ойлголцол үргэлжилсээр байна. 90 жил эрх барьсан МАН энэ удаа цөөнх болж Төрийн ордонд хүртэл жагслаа. МАН-ынхан цөөнх болсонтойгоо нэг л эвлэрэхгүй байх шиг ээ?


-Би УИХ-ын анхдугаар чуулган дээр байр сууриа илэрхийлж гишүүдийг уриалж байсан. “Та биднийг, эх орныхоо нийтлэг эрх ашиг, байгалийн баялагийг шударга хүртээх ялангуяа Оюу толгойн гэрээг өөрчлөх асуудлаар тууштай тэмцэж байсан бүх гишүүдэд ард түмэн дахин итгэл хүлээлгэсэн шүү. Тэгэхээр энэ их итгэлийг алдах ёсгүй юм” гэж хэлсэн. Харин АН, МАН гэсэн улс төрийн хоёр том хүчин маань яг ийм байр суурь баримталсан гишүүддээ хандах хандлага нь өөр өөр байсан. АН-ынхан гадуурхагдсан “талибанчууд” гэж нэрлэгдэх болсон гишүүдээ сонгуулийн үеэр намынхаа нэр нүүр болгосон бол МАН-ынхан эсрэгээрээ ийм хүмүүсээ хөөж туусан, ад үзсэн. Гэлээ  гэхдээ энэ  хүмүүсийг  ард түмэн УИХ-д гаргалаа. Энэ зөрүүтэй байдлаас үүдэн АН УИХ-д хоёр, нэг суудал илүү авч засаг бүрдүүлсэн. Ялгаа нь ердөө л энэ. Өнөөдөр бид  эх орны эрх ашиг, газар шороо гэсэн байр сууриндаа байж тэр дундаа Оюу толгойн луйврын гэрээг сайжруулах хэрэгтэйг шаардсаар байна. Ерөнхий сайдад бидний нөхдүүд шаардлага хүргүүлж улмаар “Хариуцлагатай Уул Уурхайн хөгжил” түр хороог байгуулах хуулийн төслийг өргөн барилаа. Тэгэхээр бид олонхи, цөөнх гэлгүй эх орны нийтлэг эрх ашгийн төлөө л явах ёстой.

-Нийтлэг эрх ашгийн төлөө, эх орны баялагийг шударга хуваарилах ёстой гэж гишүүд нь хэлж байна. Гэхдээ намууд удирдлагын түвшиндээ ойлголцох нь бүү хэл улам л зөрчилдсөөр байгаа юм биш үү? 


-Манай намын бүлэг байгуулах бололцоог хаагаад өнөөдрийг хүртэл явж байна. Үндсэндээ парламентийн ажиллах үндсэн зарчим нь олонхи нь эрх барьж цөөнх нь шүүмжилж алдаа оноог нь тэнцвэржүүлж байдаг. Гэтэл энэ зарчмаар ажиллаж чадахгүй байгаа учраас эрх баригчид дур зоргоороо авирлах, хүч түрэмгийлэх хандлага гарч байна. Тэгэхээр энэ нөхцөлд МАН-ынхан эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийхээс аргагүй байгаа. Өвөрхангайн гишүүдийн тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх нэн шаардлагатай асуудлууд, тэр  дотроо ирэх жилийн Төсвийн Төслийг хэлэлцэж байна. Жил бүр төсөв тэлж байгаа. Гэхдээ энэ  жилийн  төсөв  үрэлгэн зардлыг  багасгаж хариуцлагатай, ил тод байдлыг хангах зарчим харагдахгүй байна. Төсвийн хувиарлалт  зарцуулалтыг шударга бусаар хийж байна. Үүний нэг жишээ нь Ерөнхий сайд өөрийнхөө багцад 80 орчим тэрбум төгрөг төлөвлөж, зарцуулалтыг нь тодорхойгүй байдлаар оруулж ирсэн явдал. Үүнийг нь бид шүүмжилсэн учраас өнгө будгийг нь өөрчилж тухайн жилийн хөрөнгө оруулалтын таван хувийг  Ерөнхий сайдын мэдэлд төлөвлөж байхаар шийдвэрлүүлж байна. Шууд хэлбэл төсвийн хөрөнгө оруулалтын таван хувийг Ерөнхий сайд ямар ч хяналтгүйгээр зарцуулж байхаар боллоо. Ерөнхий сайд ийм байдлаар хандаж байгаа учраас уралдаад сайд нар өөрсдийн багцад үндэслэл тооцоо судалгаа байхгүй, зарцуулалт тодорхой бус хөрөнгө тусгасан байна.

-МАН-ынхан төсвийг нэлээд шүүмжилж байгаа. Гэхдээ танай намыг засгийн эрхэнд байхад энэ төсвийг боловсруулсан шүү дээ? 

-Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ярьж байна. Яг үнэндээ бид эх орны эрх ашгийн үүднээс, өргөсөн тангарагийнхаа дагуу байр сууриа илэрхийлж байгаа юм. Мөн цөөнхийн бүрэлдэхүүнээр хүчтэй ажиллах механизм нь бүрэлдэхгүй байна. Би УИХ-д найман жил ажиллах үедээ эрх баригч хүчин цөөнхийн дарангуйлалд байхыг харсан. Яагаад гэвэл 2004 оноос 2012 онд МАН олонхи байсан ч цөөнх хугацаагүй завсарлага авдаг байлаа. Үүнээс гарах арга нь зөвшилцөх, улмаар буулт хийх байдаг шүү дээ. Энэ бүх арга хэмжээг Ардын намынхан авсаар ирсэн. Цөөнхийн дэвшүүлсэн санал бүрэн төрийн бодлого болж байсан. Тиймээс өнгөрсөн хугацааны алдаа, оноог улс төрийн хоёр том хүчин эн тэнцүү үүрэх ёстой. Харин өнөөдрийн шинэ парламентад өмнөх шигээ байх ямар ч боломж алга. Цөөнхөд эрх мэдэл алга. Зүгээр л байр сууриа илэрхийлж, асуулт асууж байна. Ийм байдлаараа цаашаа явбал парламентийн тогтолцоо гажуудалд орно.

-Нэгэнт МАН-ынхан бүлэг байгуулах хуулийн боломжгүй. Хууль зөрчиж бүлэг байгуулах ёстой гэж үү?

-Өнөөдрийнх шиг ийм түрэмгийлэл, дарангуйллын замаар цаашаа явах боломжгүй. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж МАН-д бүлэг байгуулж өгөөд цөөнхийн дарангуйллыг тогтоодог хугацаагүй завсарлага авах тухай асуудлыг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ бүхнийг зөвшилцлийн замаар шийдэж парламентаа хэвийн ажиллуулахын төлөө бид явах нь зөв.

-Энэ бүх асуудлыг шийдэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа?

-Үүнийг хурдан хэлэлцэх учиртай. Энэ долоо хоногт хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Өнөөдрийн нөхцөлд шаардагдаж байгаа хуулийн өөрчлөлтүүдийг хийгээд цаашаа явах ёстой.

-Та ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө гэж яриад байна. Харин МАН-ынхан ард түмний төлөө байсан юм бол яагаад анхдугаар чуулганыг нэг сарын турш гацаасан юм бэ?


Ардын Нам тулхтай улс  төрийн  хүчний хувьд аливаа ажил асуудалд нэлээд буурьтай хандсаар ирсэн. Энэ үүднээс сонгуулийн дараа болсон үйл явцад хүлээцтэй байж, нийгмийн тогтвортой байдал, улс төрийн соёл талаас нь асуудалд хандаж ирсэн гэж би боддог. Сонгуулийн дараа олон тойрогт сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй асуудал байсан уу гэвэл байсан. Энэ мэт асуудлаас үүдсэн юм. Гэхдээ АН-ынхан ямар байдлаар асуудалд ханддаг билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэд 2004 оны сонгуулийн дараа Үндэсний олон нийтийн радио телевиз рүү дайрч, 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн гарч байх жишээтэй. Энэ бол аливаад хандах хандлагын зөрүү юм даа. 

-Б.Бат-Эрдэнэ яагаад намынхантайгаа хамт тэмцэхгүй байгаа юм. Намын тань бүх гишүүд лого бариад суулт хийж байхад та харагдахгүй байсан?



-Эзгүй байсан. Эмчилгээ оношилгоо хийлгэх хуваарь авсны дагуу яваад ирсэн.

-МАН-ын гишүүдээс хамгийн их Байнгын хорооны хуралд суудаг хүн нь та. Өөрсдөө байнгын хорооны хуралд суух хүсэлтээ ирүүлээгүй байж яагаад эрх баригч хүчнээ шүүмжлээд байгаа юм?


-Байнгын хороонд сул гишүүд орж үгээ хэлэх эрхтэй. Үгээ хэлсэн ч ямарч үнэ  цэнэтэй, зарчмын  зөрүүтэй  санал гаргасан олонхоороо дэмжихгүй байна. Ер нь 2012 оны сонгуулийн дараа нөхцөл байдал их өөр болж байна. Уг нь Байнгын хорооны бүрэлдэхүүнийг байгуулах бодит тоо нь хуулиар 19-21 гишүүн гэсэн байдаг. Өнөөдөр олонхоороо хүч түрж хуулиа өөрчлөөд 4-5 хүн суугаад Улс орон,  Ард түмний эрх  ашиг,  хувь заяатай холбоотой том том асуудлыг ямарч хяналтгүй шийддэг боллоо. Энэ завхарлыг нэн даруй засах ёстой.

-Б.Бат-Эрдэнэ хадгаламж зээлийн хоршооноос 500 сая төгрөг идсэн гэдэг үнэн үү?

-Ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл байна. Би энэ бүгдийн араас хөөцөлдөөд явдаггүй юм. Төрөлх Өмнөдэлгэр сумын нутагт алт ухагдаад бид хаах тухай асуудлыг хөөцөлдөж явахад ар талаар маань энд хэвлэлийн хурал хийж “Тэр Сайханы голын уурхай чинь Бат-Эрдэнийх юм байна” гэж байх жишээтэй. Ингэж олон зүйлийг өөрөөр ярьж бичих юм даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.