С.Эрдэнэ: Хууль яагаад МАН-ынханд үйлчилдэггүй юм бэ?
Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоод эхэллээ. Гэхдээ цөөнгүй хүүхэд бичиг баримтын зөрчлөөс үүдээд мөнгөө авч чадахгүй байгаа. Энэ зөрчлийг арилгасан уу?
-Улсын хэмжээнд 970 мянган хүүхэдтэй гэсэн статистик судалгаа байдгаас 851 мянга нь данс нээлгэсэн байгаа. Үүнээс мөнгө олгох өдөр буюу өнгөрсөн сарын 20-нд 744 мянган хүүхдийн дансыг баталгаажуулсан. Үлдсэн 100 гаруй хүүхдийн нэрийн данс зөрчилтэй байсан учраас дахин шалгах шаардлагатай гэж үзээд түр хойшлуулсан юм. Гэхдээ зөрчилтэй бичиг баримт нь цэгцэрсэн тохиолдолд мөнгийг нь олгож байгаа.
-Зарим эцэг, эхчүүд өнгөрсөн сард багтаж бүртүүлж чадаагүй нь мөнгөө нөхөж авахгүй байх шалтгаан биш хэмээн эгдүүцэж байна. Өмнөх сарын мөнгийг яагаад нөхөж олгохгүй гэж?
-Тухайн сар нь өнгөрсөн бол дараагийн сард нөхөж олгохгүй байхаар журамд зохицуулсан байгаа. Бид журмаа баримтална. Ер нь тухайн сардаа багтааж хүүхдийнхээ нэрийн дансыг нээлгээгүй бол нөхөж олгохгүй гэдэг нь хариуцлагын нэг хэлбэр. Улс орон даяар зарлаад дүрэм журам нь гарчихсан байгаа. Эцэг, эхчүүдэд нийгмийн хариуцлага гэж бас байх ёстой. Хэрэв өмнөх сарынх нь мөнгийг нөхөж олгодог байх юм бол олголт хийж байгаа байгууллагад маш том хүндрэл тулгарна. Хоёрдугаарт, эцэг, эхийн нийгмийн хариуцлага алдагдана. Аливаа зүйлд хариуцлага байх ёстой гэдэг утгаар нь журмыг зохицуулсан байгаа. Тэгээд ч хариуцлага, сахилга гэж байхгүй хэт хавтгайрсан байдал нийгэмд ашиггүй. Эцэг, эх ч гэсэн нийгмийн өмнө хариуцлага хүлээж, тогтоосон хугацаанд дансаа нээлгэх ёстой.
-Энэ мөнгө нь гэр бүлийн амьжиргааны төвшинд хэр тусалж байгаа бол. Судалгаа шинжилгээ хийв үү?
-Хүүхдийн мөнгө бол нийгэмд эерэг үр дүн авчирдаг. Өнөөдөр иргэдийнх нь амьжиргааны төвшин боломжтой улс оронд хүүхдийн мөнгө олгож байгаа. Энэ нь өөрөө тухайн улсын төрийн бодлогын гол чухал зүйл юм. Хүн амын өсөлтийг хангах, нөхөн үржихүйн бодлогыг дэмжиж байгаа төрийн бодлого нь хүүхдийн мөнгө байхгүй юу. Манайх шиг хүн ам цөөнтэй, өргөн уудам нутагт амьдардаг улс орны хувьд хүн амын нөхөн үржихүй, өсөлт гэдэг бол чухал. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт бол нөхөн үржихүйг дэмжсэн нэг хэлбэр. Нөгөө талдаа хүүхдийн эдийн засгийн болоод эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа нь болж байна. Өмнө нь хүүхэд бүрт 10 мянган төгрөг олгож байхад олон эерэг үзүүлэлт гарсан байдаг юм билээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар хүүхдийн мөнгө олгосон тухайн үед тэнэмэл хүүхдийн тоо буурсан тухай судалгаа ч бий.
-Гэхдээ МАН-ынхан “АН-ын Засгийн газарт хүүхэд бүрт мөнгө олгож байгаа ч сургуулийн дотуур байрны хоол, “Үдийн цай” хөтөлбөрийн талыг нь эцэг, эхээс авна. Тэд баруун гараараа мөнгө өгөөд зүүнээрээ эргүүлж авч байна” гэж буй. Энэ ч бас оргүй яриа биш юм шиг?
-Ардын намынхны шоу байхгүй юу. Гоочлох юм олдохгүй болохоор нь зохиож ярьж байгаа үлгэр. Цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хоол, “Үдийн цай” хөтөлбөрийн мөнгийг нэмэгдүүллээ. Эцэг, эхээс мөнгө гаргуулах тухай ямар ч шийдвэр гараагүй. Энэ бол улс төрийн зорилготой хийж байгаа гүтгэлэг. Өнөөдөр хүүхдийн мөнгө төлж байгаа эцэг, эх байна уу гэвэл байхгүй. Харин хоолны мөнгө нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. “Хүүхдийн хоолны чанар муу, төрөөс гаргаж байгаа мөнгө нь чамлалттай байна” гэж эмэгтэй гишүүдийн гаргасан саналд тулгуурлаж нэмэгдүүлэхээр болсон. Шийдвэр гарснаар хүүхдэд өгөх дотуур байрны хоол, ”Үдийн цай”-ны чанар тодорхой төвшинд нэмэгдэнэ гэж ойлгож байна.
-Өнгөрсөн Засгийн газраас өгч байсан ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдлийг хэзээ өгөх вэ?
-Энэ мөнгийг олгох нь манай Засгийн газрын үүрэг биш. Энэ бол өмнөх эрх барьж байсан намын амлалт шүү дээ. Тэд үүргээ биелүүлж чадалгүй бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Гэхдээ бид өмнөх Засгийн газрын амлалт гээд хэрэгжүүлэхгүй гэж хэлэхгүй. Улс төрийн өнцгөөс асуудалд хандахгүй. Иргэдийнхээ эрх ашгийн үүднээс дутуу олгогдсон мөнгийг нөхөн олгохоор хөрөнгө санхүүгийнхээ эх үүсвэрийг судлаад эхэлчихсэн. Энэ онд багтаагаад үлдэгдэл 340 мянган төгрөгийг нь олгохоор хичээж байна.
-Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө аваагүй иргэд яах вэ. Нөхөн олгох уу?
-Улсын хэмжээнд 40 гаруй мянган иргэн 21 мянган төгрөгөө аваагүй гэсэн судалгаа бий. Үүний 50 хувь буюу 20 мянга нь одоо болтол байршил нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Гадаадад байгаа иргэд юм болов уу гэж тооцож байна. Харин үлдсэн иргэдийн бичиг баримтын зөрчил нь арилаад 21 мянган төгрөг олгох нөхцөл хангагдсан. Ингэхдээ эдгээр иргэдийн мөнгийг 2013 оны төсөвт суулгаж байж ирэх онд гүйцээж олгоно. Энэ нь өмнөх эрх барьж байсан нам, Засгийн газрын хүлээх ёстой үүрэг байсан боловч төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой гэсэн зарчмаа бариад олгохоор шийдсэн нь энэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэмж өгөх ёстой гэсэн байр суурийг МАН-ын зүгээс хүчтэй тавьж байна. Тэтгэмж олгох боломжгүй юм бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой байх. Танай салбарын зүгээс үүнд хэрхэн анхаарч байгаа юм бол?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэнд нь ямар тусламж хэрэгтэй байгааг оновчтой тодорхойлох шаардлагатай. Ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд дэмжлэг үзүүлэх шаардлагатай бол дэмжих ёстой. Зайлшгүй нийгмийн халамж үйлчилгээ, тэтгэмж шаардлагатай бол үүнийг нь зөв тодорхойлоод амьжиргааны наад захын хэрэгцээг хангасан тусламж үйлчилгээг үзүүлэх нь төрийн бодлого. Өнөөдөр манай халамжийн бодлого ямар байна гэхээр хэт хавтгайрсан, тэр дундаа хөдөлмөрийн чадвартай хүнд халамж өгч байна шүү дээ. Тэгвэл хөдөлмөрийн чадвартай иргэдийг халамжлах биш ажлын байраар хангах эсвэл эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийг нь дэмжих ёстой. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн халамжийн хавтгайрсан байдалд юу хожив гэхээр юу ч шийдэгдээгүй. Харин ч эсрэгээрээ нийгэмд олон сөрөг үр дагавар авчирсан. Хөдөлмөрлөх насны залууст бэлэнчлэх, ажлаас зайлсхийх, биеэ оторлох занг суулгаж байна.
Өндөр цалин амлаад байхад ажиллахгүй байна. Энэ байдал удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах байх.
Хүн гэдэг амьтан чинь хөдөлмөрлөхгй бол сэтгэх чадвараа алддаг юм шүү дээ. Хүн сэтгэж бодож, аливаа зүйлд баярлаж, санаа зовж байж хүн төрхөө хадгалж хөгждөг юм. Манай яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн иргэнээс ялгагдахгүй яаж ажиллаж амьдрах вэ гэсэн судалгааг хийж байна. Үүний тулд юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц зайлшгүй шаардлагатай болох нь. Олон зуун барилга өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэвч тэр барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар ч тоноглол алга. Орчин нөхцлийг нь сайжруулах замаар дэмжинэ үү гэхээс сар бүр таван мянган төгрөг өгснөөр асуудал шийдэгдэхгүй.
-Тэгэхээр хот төлөвлөлт гээд их ажил болох нь?
-Дахин төлөвлөлт гэж том юм яриад хэрэггүй. Өнөөдрөөс эхлээд шинээр баригдаж байгаа байшин барилгад дэд бүтцийг бий болгох стандарт мөрдүүлэх ёстой. Тэгвэл орчин нь аяндаа бүрдэнэ.
-МАН-ынхан нэг хэсэг хугацаанд гудамжинд төдийгүй Төрийн ордонд жагслаа. Танай намынхныг дарангуйлагч гэж цоллосон?
-Бид дарамтлаагүй. Төрийн бодлого явдаг жамаараа явах ёстой. Тэд яриа зөвшилцөл нэрээр хууль бус үйл ажиллагаа хийхийг биднээс удаа дараа шаардсан. Түүнийг нь хүлээж аваагүй. Нэгэнт хууль зөрчсөн бол хэн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. МАН-ынхан бүлэг байгуулаагүй буруугаа бидэн рүү тохох гэж оролдож байна. Бид бүлэг битгий байгуул гэж шаардаагүй. Тэднийг чуулган болоод байнгын хорооны хуралд битгий оролц гэж хөөгөөгүй. Оролцох бүрэн эрх нь тэдэнд байгаа. Гэтэл ард түмний 40 хувийнх нь санал авсан төлөөлөгчдийг үл хүндэтгэлээ гэж байна. Тэгвэл хүндэтгээгүй ямар ч зан авир гаргаагүй. 2004-2008 онд тухайн үеийн Ардчилсан намын эвсэл задарч бүлгээ байгуулж чадалгүй АН-ын зөвлөл гэсэн нэртэйгээр явж ирсэн. Ингэхдээ ямар ч төсөв мөнгөгүй байсан шүү дээ. Ингэлээ гээд өнөөдөр бид хариу авч байгаа юм биш.
Хууль бол хууль байхгүй юу. Хэн дээр хууль хэрэгжээд хэн дээр нь хэрэгждэггүй юм.
МАН-ынхан Жагсаал цуглаан хийх тухай хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Төрийн ордонд жагсаал цуглаан хийхийг хориглодог. Тэгээд ч өөрсдөө энэ хуулиа баталсан юм шүү. Хууль нь өөрсдөд нь хариуцлага тооцох нөхцөл болж байна. Өнгөрсөн рүү гар буугаар буудвал ирээдүй чинь чамайг их буугаар буудна гэж үг бий. Аливаа зүйлд өөртөө зориулж хууль гаргадаг, өөрт зориулж зохицуулдаг байж болохгүй гэдэг тод жишээ энэ боллоо. Өмнө нь З.Баянсэлэнгэ, Г.Уянгыг жагсаал цуглаан хийлээ гээд хорьж цагдаад бөөн юм болж байлаа. Хууль яагаад тэр хоёрт үйлчилж, МАН-ынханд үйлчилдэггүй юм. Ийм байж болохгүй. Гэтэл өөрсдөө болохоор Төрийн ордны хаалгыг хааж, орох гэсэн УИХ-ын гишүүдийн хувцсыг урж хэл амаар доромжилж болдог юм уу. Тэднийг бүдүүлэг авирласан гээд бид хуулийн байгууллагад гомдол гаргаагүй. Гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. МАН-ын жагсаалыг хууль ёсны жагсаал биш. Хэсэг бүлэг давчидсан хүний цугларалт байсан.
-МАН-ын зүгээс танай намыг хууль, шүүхийн байгууллагыг гартаа авсан гэж буй. Тэгвэл 2008 онд таныг гэмт хэрэгт буруутган хэсэг хугацаанд сэтгэл санааны хохирол учруулсан байх. Тэр үед та МАН-ынхан хууль, шүүхийн байгууллагыг захиалгаар ажиллуулж байна гэж хэлж байлаа. Ер нь аль нам засаг авснаасаа шалтгаалаад өрсөлдөгч намынхаа хүнийг гэмтэн болгох гэсэн аян байдаг юм биш үү?
-Би бол тэгж ойлгохгүй байна. Хуулийн салбарт ажиллаж байгаа шүүгч, прокурорууд тодорхой хэмжээний нөлөө байдаг л байх. Гэхдээ тэд хуулийн хүрээнд өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлаж ажиллах ёстой. Надад хүнд байсан үе бий. Хийгээгүй хэргийн төлөө сэтгэл санаа, эд материал, нэр төр, гэр бүлийн орчин гээд их хохирол амссан. Тэглээ гээд би гоншигонодоггүй. Яахав, нэг л зүйлд эмзэглэж байна. Хууль өнөөдөр бүгдэд тэгш үйлчлэх ёстой гэж. Хуулийн өмнө иргэн бүр тэгш байх ёстой. Өнөөдөр эрх мэдэлтэн, албан тушаалтанд хууль үйлчилдэггүй бусдад нь үйлчилдэг байж болохгүй. Хэн Ерөнхийлөгч байснаас хамаараад шүүхийн байгууллагыг хараат гэж үзэж болохгүй. Тэгж үзэх юм бол 90 жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллага МАН-ын мэдэлд байж таарах нь. Гэхдээ үгүй болов уу гэж бодож байна.
-МАН-аас МАХН-д элсэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ингэхдээ 10-20 хүн биш 300-500 хүн нэгдэх боллоо. Хөндлөнгөөс ажиглаж байгаа байх?
-МАХН бол брэнд нэр. Нэрээ бодоод гарахыг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа МАН-ын асуудалд хандаж байгаа байдал нь гишүүдээ үргээж байгаа байх. Алдаатай бодлого явуулж байгаа нь таалагдаагүй хэрэг. Ер нь нийгэмд үүсээд байгаа таагүй уур амьсгал, ажилгүйдэл, авлига, иргэдийн өлөн зэлмэн амьдарч байгаа нь төрийн эрхийг тасралтгүй барьж байсан МАН-тай холбоотой.
Иргэдийнхээ эрх ашгийн үүднээс дутуу олгогдсон мөнгийг нөхөн олгохоор хөрөнгө санхүүгийнхээ эх үүсвэрийг судлаад эхэлчихсэн. Энэ онд багтаагаад үлдэгдэл 340 мянган төгрөгийг нь олгохоор хичээж байна.