Х.Амгаланбаатар: Бид цалин нэм гэж шахахгүй байгаа
УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийн талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Танайхан үүнд ямар санал оруулж байгаа вэ?
-Ер нь аливаа улсын төсөв гэдэг нь ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад шууд чиглэгдэх ёстой. Улс орны хөгжлийг нэг, хоёр шатаар ахиулахад зориулагдана. Төсвийн орлого тухайн жилд хэдий хэмжээгээр хуримтлагдах нь вэ гэдгээс хамааран зөв зохистой зарцуулах хэрэгтэй. Энэ нь тухайн жилийн төсвийн зорилго, зорилт байдаг. МҮЭХ нь ажил, хөдөлмөр идэвхитэй хийж байгаа хүмүүсийг төлөөлдөг. Энэ утгаар манай байгууллагын зүгээс улсын төсөвт ажиллагсдын эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой санал өгөх, тусгуулах эрхтэй.
Өмнөх жилүүдийн төсөвт гурван талт хэлэлцүүлгээр бидний зүгээс санал оруулж байсан. Мэдээж өгч байгаа санал 100 хувь төсөвт тусна гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр 30-40 хувь нь хэрэгждэг. Харин энэ жилийн төсөв өмнөх жилүүдийнхээс арай онцлог байх ёстой. Яагаад гэвэл шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэл цоо шинэ. Тиймээс өмнөх Засгийн газрын ажлыг хэрэгжүүлэх боломжийг бий болгоход ирэх оны төсөв өндөр ач холбогдолтой гэж бидний зүгээс үзэж байна. Аливаа зүйлийн эх нь зөв тунгалаг байвал ирэх дөрвөн жилд эдийн засгийн хөгжил тодорхойлогдоно. Тэгэлгүй төсвийг үр дүнгүй зүйлд зарцуулбал дараагийн жилүүдийн төсөв буруу тийшээ л явна. Үүнийг засаж залруулахад хүнд байх болно. Ийм учраас ирэх жилийн төсөвт бодитой хандах хэрэгтэй.
-Ирэх оны төсвийг ач холбогдолтой, бодитой, алдаагүй байлгахын тулд юу хийх ёстой вэ?
-Орлогын эх үүсвэрийг зөв тодорхойлох, төсвийн мөнгийг зохистой, үр ашигтай зарцуулах хэрэгтэй. МҮЭХ ирэх оны төсөвт санал хүргүүлсэн. Эдийн засгийн дэд бүтэц, уул уурхай хөгжиж байгаа энэ үед шинээр ажлын байр бий болгохоор төсвийн хөрөнгө түлхүү тусгах ёстой. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Энэ нь бодитоор бий болвол чамлахааргүй тоо. Шинэ ажлын байрыг аль салбарт зонхилох вэ гэдгийг төсөвт тусгахдаа уялдуулж төлөвлөх хэрэгтэй юм. Тухайлбал, уул уурхайн салбарт ажиллагсдын тоог нэмэхэд хэдэн төгрөг зарцуулах вэ гэхчлэн тусгах нь зүйтэй.
-Төрийн албан хаагчдийн цалинг нэмэхээр түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляц өсдөг. Тиймээс ялгавартай бодлого байж болохгүй гэж үздэг. Мөн цалин нэмэхээр төсөвт хүнд ачаа болоод байна гэх нь ч бий?
-Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмжийг авч үзэх хэрэгтэй. Энэ нь улсын төсөвт томоохон байр, суурийг эзэлдэг. Төрийн албан хаагчдыг ад үзэхээ зогсоох ёстой. Тэдний цалинг нэмэхээр улсын төсөв алдагдалд ордог, улс орны эдийн засаг сөхөрдөг, үнэ болон инфляц өсдөг гэдэг буруу ойлголтыг болих цаг болсон. Төр нь төр шиг ажиллахын тулд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг онцгой анхаарах нь зүйн хэрэг.
Төр нь төр шиг ажиллахын тулд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг онцгой анхаарах нь зүйн хэрэг.
Гэхдээ үр дүнгүй ажлын байр бий болго гэж хэлж байгаа юм биш. Төрийн албаны бүтцийг зөв, оновчтой зохион байгуулсан л бол төсөв дээрх асуудалд чиглэх хэрэгтэй. Улсын төсвийн хэлэлцүүлгийн үед эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд нэлээд бухимдалтай байна. Өмнө нь гаргасан цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлээр гаргасан тогтоол шийдвэрээ хүчингүй болгохоор ажиллаж байна гэсэн хардлага байна.
-Тэгвэл энэ оны эхээр Засгийн газраас гаргасан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл урамшуулал олгох тухай 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох гэж байгаа гэсэн үг үү?
-Тухайн үед эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсний асуудал шийдэгдэх боломжтой боллоо гэж баярласан. Тэдний тэмцлийн үр дүнд ширээний хоёр талд сууж 150 дугаар тогтоолыг баталж байсан. Энэ тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой. Үүнтэй холбоотой нэмэлт зардал улсын төсвөөс огт гараагүй. Гэтэл одоо улсын төсөв хэлэлцэх үеэр дээрх тогтоолыг хүчингүй болгоно. Ирэх жилийн төсөвт энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр тусгавал төсөв алдагдалд орно гэсэн шалтгааныг гаргаж байгаа нь харамсалтай. Үүнийг эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцэж байгаа. Ер нь төрийн бодлого нь залгамж чанартай, өмнө нь хийж байсан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, сайжруулах ёстой.
Уг нь 150 дугаар тогтоолыг хэрэгжүүлбэл төсвийг хүндрүүлэхгүй. Учир нь хэн ур чадвартай, ачаалалтай ажиллаж байгаа нь үр дүнгийн нэмэгдэл, урамшуулал цалин авах юм.
Энэ нь үндсэн цалинтай огт хамаагүй зүйл. Харин ч цалин хөлсийг хавтгайруулан нэмэхээс зайлсхийсэн зөв шийдвэр байсан. Энэ гарцыг олон жил ярилцаж гаргасан ч одоо яагаад ач холбогдолгүй болчихов. Үүнийг бид маш их гайхаж байгаа. Боловсролын салбарт ч мөн адил бэрхшээл тулгарч байна. Энэ салбарт олон жил ажиллан тэтгэвэрт гарч байгаа хүмүүст олгодог тэтгэмжийг өгөхгүй байх тухай ярьж байна.
Эдгээр салбарт өмнө нь тогтсон урамшуулал олгодог журмыг ирэх оны төсөвт суулгахгүй хүчингүй болгоно гэж байгаад тэд дургүйцлээ илэрхийлж байгаа. Яагаад гэвэл сонгуулийн өмнө гаргасан уг тогтоол нь тухайн салбарт ажиллагсдыг хошгируулсан гэж ойлгож байна. Улстөрчдийн хувьд төрийн албан хаагчдын цалин сонгуулийн өмнө бага санагдаад, харин дараа нь өндөр болж харагдаад байна уу гэж ойлгож байгаа. Тухайн үед шийдвэр гаргахдаа хавтгайруулан нэмсэн цалин үнийн өсөлт дагуулдаг бол энэ нь маш зөв шийдвэр байна гэж бүгд хүлээн зөвшөөрч байсан. Ингээд журмаар зохицуулан, тогтоол гаргах хэрэгтэй гэж үзсэн ч төсөв аль хэдийнэ батлагдсан учраас ирэх оны эхнээс хэрэгжүүлэхээр болсон юм.
-Төрийн албан хаагчийн цалин нэмсэн бол түүнийг дагаад хувийн хэвшлийнхний цалин өсөх ёстой гэдэг. Гэтэл бизнес эрхлэгчдэд энэ нь ачаа болж, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхөөс аргагүйд хүрдэг. Тэгвэл төрийн зохион байгуулалт муу, харилцаа холбоогүй ажиллаж байгаатай холбон ойлгож болох уу?
-Төсвөөр төрийн болон төсөвт байгууллагын ажиллагсдын цалин, хөлсний асуудлыг ярьдаг. Тиймээс хувийн хэвшлийнхнийг татвар бодлогоор яаж дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөрөнгөөр үйл ажиллагааг нь хэрхэн оновчтой болгох зардлыг улсын төсөвт суулгаж болно. Засгийн газар ажил олгогчынхоо хувьд төрийн болон төсвийн байгууллагын ажиллагсдын цалин, нийгмийн хамгааллыг төсөвт суулгадаг. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
Тухайлбал, хувийн хэвшлийнхнийг НӨАТ-аас чөлөөлөхөд түүнд зарцуулж байсан мөнгийг ажилчдынхаа унаа, хоолонд зориулах хэрэгтэй.
Харин жижиг, дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийнхний татварын бодлогоор яаж дэмжих нь вэ гэдэг заалтыг улсын төсвөөс олж харах хэрэгтэй. Тэр дэмжлэг нь хувийн байгууллагууд ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн халамжийг сайжруулахад дэм болох ёстой юм. Тухайлбал, хувийн хэвшлийнхнийг НӨАТ-аас чөлөөлөхөд түүнд зарцуулж байсан мөнгийг ажилчдынхаа унаа, хоолонд зориулах хэрэгтэй. МҮЭХ-ноос ажлын байранд улсын төсвийн хөрөнгийг түлхүү зарцуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах санал оруулж байгаа. Энэ нь шинэ Засгийн газрын бодлоготой уялдаж байгаа.
-Улсын төсөв үрэлгэн байсныг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Учир нь ЖДҮ-ийн санхүүжилт хийж чадалгүй дуусч байна. Магадгүй орлого бүрдүүлэлт байгаагүй гэх байх. Гэхдээ төсвийн орлогыг зохистойгоор зарцуулж чадаагүй юм болов уу?
-Төсвийн үрэлгэн байдлыг арилгана гэдэг зорилтыг үе үеийн Засгийн газар тавьж байсан. Харин яг төсөв боловсруулаад хэрэгжүүлэх үедээ дандаа зөрчдөг юм. Төсвийн үрэлгэн байдлыг арилгахыг бид дэмжиж ажиллана. Төсөв нь эдийн засгийг хөгжүүлэх, хүмүүсийг ажил, орлоготой, амьдралтай байлгахад чиглэдэг. Тиймээс бидний зүгээс тавьж байгаа санал нь үүнд л чиглэж байна. Мөн төсөв бүрдүүлж байгаа хүмүүс нь хөдөлмөр эрхлэгчид.
Төсөв зөвхөн гадны хөрөнгө оруулалтаар бүрдэггүй шүү дээ. Тиймээс иргэдийн амьдрал ахуйг сайжруулахын тулд улсын төсөв чиглэх ёстой. Уул уурхай, барилга болон бусад салбар нь хөгжиж байж иргэдэд бодитоор мэдрэгдэх юм. МҮЭХ-ноос өмнө нь тавьж байсан саналуудаас арай өөр өнцгөөс хандаж байна. Бид ажиллагсдын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэх ёстой гэж шахахгүй байгаа. Учир нь ирэх оны төсвийн орлого хүнд байгааг мэдэж байна.
-Дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулан цахим хэлбэрээр мэдээллийг авч байхаар ТЕГ-аас зохион байгуулалт хийж байна. Энэ нь улсын төсөвт эерэг нөлөө үзүүлж чадах болов уу?
-Олон улсын хэмжээнд хэрэглэдэг маш зөв ажил. Энэ бол маш эрүүл, зөв гарц. Мэдээж дотоод аудит хөгжин, төрийн аудиттайгаа уялдаж ажиллах нь илүү үр дүнд хүрнэ. Яагаад гэвэл цаасаар авч, биеэр уулзаж шалгах нь харилцааны асуудал үүсдэг. Тиймээс хүмүүсийн хоорондын харилцаанаас хамаарсан зөрчил дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Ер нь асуудлыг хэт хүндрүүлэн, сүр далайлган шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ажлыг зохион байгуулснаар улсын төсвийн зарцуулалтад сайн нөлөө үзүүлэх боломжтой. Харин аудит өдөр тутмын хяналтыг тавьж байх хэрэгтэй.
-Макро эдийн засгийн “Т21” загварыг манайд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь төсөвт хэрхэн нөлөөлөх бол?
-Энэ загварыг хэрэгжүүлснээр иргэдийн төрөөс хүсдэг, хүлээдэг үйлчилгээ юм. Байгууллага бүр нэг цэгийн үйлчилгээг бий болгосон байна. Уг нь тус тусдаа байснаас нэг дор байх нь чухал. Яагаад гэвэл 10 айл тус бүрдээ бассейнтай байснаас дундаа нэг байвал үргүй зардал багасна. Үүнтэй яг адил. Энэ ажил байгууллагуудын ажлын уялдуулна гэдэг нь маш зөв. Үүнийг хэрэгжүүлснээр зардлыг хэмнэнэ, төсвийн алдагдлыг бууруулна, иргэдийн хүлээдэг түргэн шуурхай үйлчилгээг бий болгоно.
-Энэ төсвийн тогтвортой байдлын хуультай уялдаж чадах болов уу?
-Энэ чинь тогтвортой байдлыг хангах гэж хийж байгаа ажил учраас харин ч уялдана. Тогтворгүй байна гэдэг нь үргүй зардал өсч байгаа хэрэг. Тиймээс маш зөв алхам гэж бодож байна.
Төсвийн үрэлгэн байдлыг арилгана гэдэг зорилтыг үе үеийн Засгийн газар тавьж байсан. Харин яг төсөв боловсруулаад хэрэгжүүлэх үедээ дандаа зөрчдөг юм.