Герман маягийн эрүүлжүүлэх
Германы Мюнхен хотын цагдаагийн газар гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд архидалттай тэмцэхээр болов. Гарч буй гэмт хэрэг ба эмх замбараагүй байдлын гол шалтгаан нь архи хэмээн тэд үзэж, шөнө дундаас хойш хатуу архи худалдахыг хориглохоор болжээ. Энэ хоригийг Мюнхений хамгийн нэртэй зугаа цэнгээний газрууд байдаг хотын төвийн баар, ресторануудад хэрэгжүүлэх гэнэ.
Хэсэгчилсэн хуурай хууль хэрэгжүүлэх санаачлагыг Мюнхений цагдаагийн газрын дарга Вильхельм Шмидбауэр гаргажээ. Архины нөлөөгөөр үйлдэгдсэн гэмт хэргийн хэмжээ нэмэгдсээр байгаа нь цагдаагийнхны санааг ингэтэл нь зовоосон байна. 2002 онд гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүн тутмын нэг нь архидан согтуурсан байсан бол 2011 онд энэ үзүүлэлт 1/3 болсон гэнэ.
Харин улс төрчид цагдаагийнхны энэ санаачлагыг нэг их сайшаасангүй. Мюнхен хотын даргын албан тушаалд Ногоон намаас нэр дэвшин өрсөлдөж буй Сабина Наллингер энэ арга хэмжээ зөвхөн шөнийн клубүүдэд гарч буй гэмт хэргийг бууруулахад нэмэр болохоос цаашгүй гэж үзжээ. Хотын иргэдийн хурал дахь эрх баригч намын бүлгийн гишүүн Йозеф Шмид мөн энэ аргыг үр дүнтэй гэдэгт эргэлзэхийн хамт, цагдаагийнхан хатуу архины худалдааг хууль зүйн ямар үндэслэлээр хориглох гэж байгааг ойлгохгүй байгаа аж.
Хотын захиргаа ч энэ хоригийг хэрхэн хэрэгжүүлэх аргаа олохгүй байгаа аж. Тухайлбал, цагдаа нар хүний ууж байгаа зүйлийг амсаж үзэхгүй л юм бол архи ус хоёрыг хэрхэн ялгах вэ гэдэг асуудал гарч иржээ. Хэрвээ сайтар ялгах гээд олон амсвал өөрсдөө согтож таарна. Мөн чухам ямар ундааг хатуу архи гэхийг тогтооход хүнд байгаа аж. Тухайлбал, коктейльтэй архийг энэ хориглох төрөлд хамааруулах уу, бармен хүнд уулгах гээгүй харин огт ондоо ямар нэг зорилгоор архи хундагалвал хууль зөрчсөн болох уу, бааранд орж ирсэн хүмүүс шөнө дунд болохоос таван минутын өмнө хэдэн шил архи захиалж аваад түүнийгээ үүр цайтал уувал дээлээ толгой дээгүүрээ нөмрөх үү гээд үй түмэн асуулт тэдний өмнө тулгараад байна. Тэгвэл улс төрчид энэ байдлаас гарах арга нь цагдаагийнхан цэнгээний газрын эзэдтэй далд байдлаар хамтран ажиллах явдал гэж үзэж байгаа аж. Баар, рестораны эзэд үйлчлүүлэгчиддээ тавих хяналтаа сайжруулж, улмаар найдваргүй гэж үзсэн этгээдүүдээ цагдаагийн ажилтнуудад “матах” ёстой гэнэ.
Мюнхен хотын Аюулгүй байдал, нийгмийн хэв журмын албаны дарга Вилфрид Блуме-Байерле ийм арга хэмжээ хэрэгжүүлэх саналаа өнөөдөр танилцуулах гэж байна.
“Цоглог бай, гэхдээ томоотой нарги” (Cool bleiben, friedlich feiern) гэдэг нэртэй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хотын эрх баригчид болон цэнгээний газрын эзэд архидалтыг хяналтдаа байлгаж чадна гэж үзэж байгаа аж.
Тухайлбал, нэг удаа архи хэтрүүлж сахилга алдсан хүмүүсийг хотын зугаа цэнгээний газрууд төвлөрсөн гудамжаар оройн 10-аас өглөөний долоон цаг хүртэл явахыг нь хориглох бөгөөд тэднийг энэ хугацаанд уг газруудад буй цэнгээний газарт орох гэж оролдвол 500 еврогоор торгох аж. Үүний хажуугаар ногоонтны төлөөлөгч С.Наллингер хатуу архийг бүрмөсөн хориглохын эсрэг байгаа боловч цэнгээний газрууд харьцангуй бага градустай архи худалдах, мөн үнээ нэмбэл энэ тэмцэлд үр дүн гарна гэжээ. Үнээ нэмнэ гэдэг нь үйлчлүүлэгчдийн мөнгийг согтуурахаас нь өмнө “дуусгах” агуулгатай аж.
Цэнгээний газрынхан мөн цагдаагийнхны санаачлагыг шүүмжилж байна. Тэдний үндэслэлээр нэгдүгээрт, хориг тавилаа ч үйлчлүүлэгчид бааранд орж ирэхээсээ өмнө ууж согтоод орж ирж болно, хоёрт, хүмүүс бааранд архи нууцаар оруулж ирж уух магадлалтай аж. Мөн үүнээс гадна хүчирхийллийг заавал архитай холбох хэрэггүй, танхайчууд хэрэг тарихдаа хүрвэл эрүүл байсан ч тарьдаг гэдгийг зарим эзэд анхааруулж байна. Амралтын өдрүүдэд цэнгээний гудамжинд 10-аад мянган хүн гарч хөлхдөг бөгөөд тэр олон хүн дунд ганц нэг нь хоорондоо муудалцах нь сүйд болоод байх зүйл биш ч гэж зарим эзэд байр сууриа илэрхийлжээ. Баарны эзэд танхайчуудаас болж энгийн томоотой үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг алдагдуулахыг хүсэхгүй боловч нөгөө талаасаа цагдаагийнхантай хамтран ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ дургүйцлийг төрүүлэхгүй байхыг бодох нь мэдээж юм. Бааруудад тамхи татахыг хориглосныг үйлчлүүлэгчид харьцангуй тайван хүлээж авсан бол архины хоригийг зүгээр нэг даган баясахгүй гэхээс тэд болгоомжилж байгаа юм.
Ер нь Бавар мужид архидалттай тэмцэхээр анх удаа оролдож байгаа ч юм биш.
Өнгөрсөн долоо хоногт Нюрнбэрг хотын галт тэрэгний буудалд баасан, бямба гариг болон бүх нийтийн амралтын өмнөх өдөр бүх төрлийн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон билээ. Хагас согтуу залуучууд цэнгээнд явахаар, эсвэл бүр базаахгүй нь цэнгээнээ тараад цугладаг энэ газрын муу нэрийг арилгахаар цагдаагийнхан болоод буудлын удирдлага оролдсон нь энэ.
Германд хэрэгжүүлсэн ийм маягийн анхны хориг нь энэ бөгөөд тус улсын Төмөр замаар зорчигчдын холбоо үүнийг галт тэрэгний бүх буудалд нэвтрүүлэх саналтай байгаа боловч одоогоор нухацтай хэлэлцээгүй байна. Нюрнбэргийн галт тэрэгний буудалд харин архи худалдахыг хориглоогүй юм. Үүгээрээ хуулийг ягштал хэрэгжүүлдэг германчуудын занд найдсан бөгөөд энэ нь ч оножээ. Хориг хэрэгжсэн анхны өдөр галт тэрэгний буудлын цагдаа нар ажилдаа хүч нэмэгдүүлж гарсан боловч хийх юмгүй маргааштай золгожээ. Учир нь бараг нэг ч хүн зөрчил гаргаагүй байна.
Гэхдээ энэ нь Мюнхенийхэн архинаас гарчихсан гэсэн үг биш, галт тэрэгний буудал дээр ууж болохгүй болсон тул ойр орчмоор нь л сархад эргүүлсэн хэрэг. Өнгөрсөн оны 12 дугаар сард Мюнхений эрх баригчид цахилгаан галт тэргэнд архи дарс уухыг хориглосон бол автобус, трамвай, метронд архидахыг аль 2009 онд хорьсон юм. Шинэ хориг хүчинтэй болохын өмнөх орой хотынхон цахилгаан галт тэргэнд олон зуугаараа явж “үдэлтийн архидалт” зохион байгуулсан билээ. Дашрамд дурьдахад 2012 оны 12 дугаар сарын 11-нд энэхүү “үдэлтийн архидалт”-аас болж Мюнхений цахилгаан галт тэргэнд 100 мянга гаруй еврогийн хохирол учирсан юм. Германд Мюнхенээс гадна ийм хориг зөвхөн Гамбургт л үйлчилдэг байна.
Нэг төрлийн ийм хуурай хуулийг Германд шат дараатай бөгөөд аль болох эвтэйхнээр авч хэрэгжүүлсээр байна. Том хотуудад согтуу танхай залуучууд нэмэгдэхийн хэрээр цагдаагийнхан архинд хориг тавихаас өөр арга сонгож чадахгүй байгаа юм. Гэвч туршлагаас харахад ингэлээ гээд германчууд архи уухаа болих биш, уудаг газраа л өөрчлөх ажээ.