Монголын талд найман барилга үнэ төлбөргүй шилжүүлэхээр болжээ
ОХУ-ын 56 обьектыг барьж өгчээ
2012.12.28

Монголын талд найман барилга үнэ төлбөргүй шилжүүлэхээр болжээ

Оросууд манай улсад социализмын үед барьж өгсөн барилгуудаа нэхэх болсон. Саяхан тус улсын төлөөлөгчид Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй Монголын талын хүмүүстэй гурван хоног хуралдаж хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Харин энэ үеэр Оросын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской “ЗХУ-ын үед Монголд барьж, манай улсын иргэд ажиллаж, амьдарч байсан олон тооны барилгыг танай улсын иргэд ямар ч төлбөргүйгээр ашиглаж байна. Бид Монголын Засгийн газарт удаа дараа эдгээр барилгуудаа буцаан авах талаар санал тавьдаг байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгсөнгүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээсэн юм. Харин Шадар сайд “Асуудлыг зохицуулж өгөх боломжтой”-г онцолсон.
Үүнээс үүдэн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр ОХУ-ын 56 обьектын дотор орон сууцны зориулалттай олон барилга, байгууламж байгаа аж. Тухайлбал нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэг, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт буй орон сууцны зориулалттай найман барилгыг ОХУ-аас Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэхээр болсон байна. Мөн Монголын талаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд орших 280 хүүхдийн цэцэрлэгийн ОХУ-ын Хилийн чинад дахь өмчийн асуудал хариуцсан удирдах байгууллагад шүүхээс ногдуулсан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Эдгээр эд хөрөнгийн асуудалтай холбоотойгоор хоёр улсаас хамтарсан ажлын хэсэг байгуулан Гадаад хэргийн яам хооронд нот бичиг солилцохоор болсон гэнэ. Дашрамд дурьдахад ЗХУ-ын үед байгуулсан гэрээнд манай улсын газрыг үнэ төлбөргүй, хугацаагүй ашигладаг байсан бол Монгол Улсын шинэ хуулиар энэ байдлаасаа татгалзсан аж.