Үндсэн чиглэлийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал дэмжигдсэнгүй
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2013.05.30

Үндсэн чиглэлийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал дэмжигдсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж, хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Энэ асуудлыг хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад нэлээд гишүүн “Байнгын хороогоор төслийг хэлэлцэх шатанд гарсан гишүүдийн саналыг үндсэн чиглэлийн төсөлд тусгах ёстой. Ингэхгүй бол үндсэн чиглэлийн агуулга бүрэн утгаараа батлагдаж чадахгүй” гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.

Харин гишүүн Р.Гончигдорж “УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусгана гэвэл цаг их орно. Үндсэн чиглэлийн төслийг хаврын чуулганаар батлах боломжгүй болох учраас төслийг Засгийн газраас оруулж ирсэн хэлбэрээр нь батлаад, дараа нь УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг судалж багцлан намрын чуулганд оруулж ирж хэлэлцэж болох юм” гэсэн байр суурьтай байв.

Уг нь Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүн З.Энхболд Засгийн газраас оруулж ирсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталж, гишүүдээс байнгын хороодын хуралдаан дээр гаргасан саналуудыг нэгтгэн судалж тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганд оруулж хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгөх тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм байна.

Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралданаар үндсэн чиглэлийн төслийг нэлээд хэлэлцсэний эцэст Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан завсарлав.