Баянсэлэнгэ.З 2013.07.01 | Сайт: info.mn

З.Баянсэлэнгэ: Манай намын нэр дэвшигчийн саналыг хар машин залгичихлаа

З.Баянсэлэнгэ: Манай намын нэр дэвшигчийн саналыг хар машин залгичихлаа
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Төрийн тэргүүнээ сонгох сонголтыг монголчууд хийлээ. Харин МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал бага санал авлаа. Үүнийг намын зүгээс юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссанаас хойш бид уулзаж, цугласан юм байхгүй байгаа. Гэхдээ санал хураалт дуусах орой бид бүгдээрээ саналын дүнг сонсоод байж байна. Тэгэхээр энэ саналын дүнтэй эвлэрэхгүй байгаагаа нуугаад яах вэ.

Миний хувьд гишүүдтэй санал бодлоо хуваалцах үедээ энэ талаар хэлсэн. Манай намын нэр дэвшигчийн саналыг хар машин залгичихлаа гэж бодож байгаа. Хар машины асуудлыг шийдэхгүй бол цаашид шударга сонгууль болно гэдэг нь эргэлзээтэй.

-Танай намын зүгээс саналын хуудсыг гараар тоолъё гэсэн санал тавьсан ч хэвлэлийн хурал хийсэн хүнийг нь цагдаагаас шалгаж байгаа гэдэг?

-Хар машины талаар санал бодлоо тусгаж байсан ч нэгэнт аливаа хуулийн төсөл, шийдвэрийг олонхиороо шийдэж явдаг учраас тэр байдлаар хийсэн. Намын зүгээс арай ийм дүн гарахгүй байх гэж бодож байсан. Бидэнд өөр хүсэлт байсан.

-Нэр дэвшигчдийн оролцоо тэгш биш, шударга бус болсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Хоёр нэр дэвшигч нь хөдөө орон нутгаар нисдэг тэрэг хөлөглөөд явж байсан. Манай нэр дэвшигч чадлынхаа хэрээр, өөрт байгаа бололцоогоо хэд дахин нугалсан хүчээр оролцлоо. Хоногт нэг аймаг, заримдаа хоёр аймгаар явах зүйл байлаа.

Санал хураах хайрцаг

Очсон, уулзсан хүмүүсийг харж байхад эрэгтэйчүүд маань нулимс туслуулж байсан. Тэгэхээр эмэгтэйчүүдээс илүү эрчүүд амьдралын саад бэрхшээлд нухлагдаж байгаа нь харагдсан.

-Н.Удвал нэр дэвшигчийг ялагдал хүлээхэд намын дарга нь нөлөөлсөн гэх нь бий?

-Харин дарга маань чадлаараа хичээлээ. Шоронд байгаа хүн яаж нөлөөлөх билээ. Гэвч чадлынхаа хэрээр өөрийнхөө бодол саналыг хэлж байсан. Бодит байдлыг бодитоор хэлж сурах хэрэгтэй байна. Заавал мушгин гуйвуулах шаардлага хэнд байгаа юм.

Ингэснээр юу ч дээрдэхгүй. Саналын дүн нэгэнт гарлаа, өөрчиллөө. Тэр байтугай надтай холбож бичсэн юм байсан. Тийм юм гэж юу байх вэ. Увиагүй загнахаа болимоор л байна.

-Ингэхэд гишүүдийн хувьд 14 хоног тойрогтоо ажилласан. Таны хувьд энэ хугацаанд ямар ажилд голлон анхаарав?

-Хан Уул дүүргийн Биокомбинат дахь карьерийн газар амьдарч, үнээний ферм ажиллуулж байгаа иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон. Тэдний амьдралыг биеэр очиж харлаа. Улаан шороо бужигнасан газар иргэд амьдарч, үхэр малынх нь гэдэс дотор авах юмгүй байна.

Мөн Туул гол рүү цэвэрлэх байгууламжийн ус урсаж, үнэр гэж аймшигтай байгаа ч үүнээс нь адуу мал ундаалж байгаа нь юу гэсэн үг билээ. Харин тэр малынхаа махыг иргэд нь нргээд идэж байна гэдэг бол харамсалтай, аймшигтай зүйл.

Өнөөдөр энэ нь тэр орчмын айлын асуудал болоод байгаа ч цаашлаад нийслэл хотын хүн амын эрүүл мэнд эгзэгтэй болоод ирлээ. Иргэдийн амьдрал бол хөрсөн дээрээ хүнд байна. Үүнийг юундаа нууж, хаах уу. Амьдрал, бодит байдал хоёр хоорондоо зөрөөд байгаа нь үнэн.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль 2013

Иргэд жижиглэнгийнхээ махыг ч авч чадахгүй байхад дэлхийд монголчууд баялгаараа 10 т ордог гэж зарладаг. Цөөхөн монголчуудаа аятайхан амьдруулахад төр засгийн бодлого хэрэгтэй байна. Гадныхныг хөлчүүлэхийн тулд Монгол гэдэг улс заяагаагүй л баймаар.

Монгол монголдоо сайхан амьдрахын тулд төрөө биз. Тиймээс учраас миний хувьд жирийн иргэдийг төлөөлсөн гишүүний хувьд амьдрал ахуйд хүрсэн зүйл рүү явна.

-Таны хувьд Гэрээр хүүхэд харах хуулийн төслийг анхлан санаачилсан. Харин энэ хуулийн төслийн хэрэгжилтэд Ерөнхийлөгч анхаарал хандуулж байна. Энэ нь нэг талаараа цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд төр анхаарч байгаа нь сайн хэрэг биз?

-Өнгөрсөн намар байнгын хорооноос ажлын хэсэг гарч цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажилтай танилцах үеэр Хүүхэд харах хуулийн төслийг санаачлах санал анх гарсан юм. Тухай үед Г.Уянгаа гишүүн бид хоёр ахлаад С.Ганбаатар, Л.Гантөмөр сайдтай явж цэцэрлэг, сургуулийн хүртээмж, хэрэгцээ шаардлагын талаар ажиллахад гэрээр хүүхэд гарах үйлчилгээг явуулбал яасан юм бэ гэж ярьсан.

Тэгээд энэ хуулийн төслийг өргөн барьж, байнгын хороогоор хэлэлцүүлэхэд АН бүлэг дэмжээгүй унагасан. Гэхдээ С.Ганбаатар бидний гишүүд дахин өргөн барьсан. Харин Ерөнхийлөгч хуулийн төслийг дэмжиж,  Засгийн газраас дэмжлэг туслалцаа авч нэлээд том ажлын хэсэг байгуулаад батлуулъя гэж байна.

Миний хувьд энэ хуулийн төслийг Засгийн газраар өргөн бариулъя гэж байгаатай санал нийлэхгүй байгаа. Энэ хуулийн төслийн санаачлагч байгаа учир хурдан батлагдаж амьдрал дээр хэрэгжих нь чухал байна. Түүнээс энэ, тэр санаачилсан гэдэг нь чухал биш болов уу. Зайлшгүй ард түмний хэрэгцээ шаардлага бий юү гэвэл бий.

-Манайд өрх толгойлсон олон эмэгтэй бий. Гэтэл тэдний хувьд найман хувийн орон сууцны зээлээс тусгаарлагдаж байгаа. Яагаад гэвэл өрхийн орлогын 45 хувь гэж зааснаас хасагддаг. Та энэ зээлийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-100 сая төгрөгийн үнэтэй байрны 30 хувийг өгнө гэдэг хүнд. Энэ зээл бодитой биш. 30 хувийн урьдчилгааг төлөх нэгэн байхад төлж чадахгүй олон хүн бий. Тэгэхээр урьдчилгаанд уян хатан хандах хэрэгтэй байгаа юм. Хүмүүсийн хэрэгцээ шаардлагад хангах зээл байх хэрэгтэй байна.

Ер нь энэ зээлийг эхлүүлснээр мөнгөтэй хүн нь хэд хэдэн байр авах нөхцлийг бүрдүүлж байгаа. Тэгээд байраа бусдад түрээслүүлж, түүгээрээ мөнгө олох бизнес давамгайлах гэж байна.

-Тэгэхээр Засгийн газраас олгож байгаа энэ зээл иргэдийнхээ амьдралд бодитой чиглээгүй гэж хэлж болох уу?

-Иргэдийнхээ амьдралыг хөнгөвчлөх гэсэн боловч  урьдчилгаа мөнгийг манай иргэд төлж чадах уу гэдгийг харах байсан. Урьдчилгаа төлбөрийг төлөөд байртай болж чадаж байгаа иргэд одоог болтол цөөн байна. Яах вэ хамрагдаж байгаа гэдэг ч тэд ардаа зээлтэй байгаа.

Цалингаас цалингийн хооронд яваа иргэд мөнгө хуурна гэдэг хэцүү. Харин энэ мөнгийг зээлээр олж байгаа. Нэг талаас шийдэж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаас боломж хязгаарлагдмал байна.

-Ярилцсанд баярлалаа.