Д.Батцогт: Хойшид Ц.Элбэгдоржийн нэр ямраар бичигдэх нь өөрөөс нь шалтгаална
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.06.17

Д.Батцогт: Хойшид Ц.Элбэгдоржийн нэр ямраар бичигдэх нь өөрөөс нь шалтгаална

УИХ-ын гишүүн Д. Батцогттой ярилцлаа.

-УИХ-ын чуулган түр завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд хаагуур, ямар ажил амжуулж явна вэ?

-Чуулган түр завсарлаж байх хооронд гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсож байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбоотойгоор өөрсдийн намын дэмжиж буй нэр дэвшигчийн сурталчилгаанд явж байх шиг байна. Энэ жишгээр л ажиллаж байна даа.

-Та ямар нэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юу?

-Хаврын чуулганы хугацаанд олон хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэдгээрээс зарим нь батлагдаж, зарим нь хэлэлцүүлгийн шатанд явж байна. Үүнээс онцолбол, Хилийн боомтын тухай хуулийн ажлын хэсэгт багтаж, нэлээд ул суурьтай ажиллаж байна.

Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж

Энэ хуулийн төсөл дээр гишүүд маш нухацтай хандаж байгаа. Тиймээс ч чамбай хууль гарчих болов уу гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлгийн шатанд олон зүйл засагдах, өөрчлөгдөх байх.

-Энэ бол манай улсын хувьд цоо шинэ хууль. Тиймээс агуулгын хувьд ямар байх талаар тодруулахгүй юу?

-Анх орж ирэхдээ төслийн агуулгад хилийн боомтын нэгдсэн захиргааг бий болгоё гэсэн байсан юм. Ингэхдээ энэхүү захиргааны дарга нь улсын ерөнхий байцаагч байхаар заасан байсан. Гэтэл энэ нь дахиад л баахан даргын орон тоотой, данхар бүтэц бий болгох болчихоод байгаа юм.

Тиймээс ажлын хэсэг дээр ярилцаад концефцийн хувьд хилийн боомтын нэгдсэн захиргаа нь зөвхөн аж ахуйн ажил эрхэлдэг байх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид хил дээр зөвхөн 'Чемоданаа барьж очоод, ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг үүрэгтэй байх хэрэгтэй гэж үзсэн.

Ингэснээр хилийн боомтоор нэвтрүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах дэд бүтцийг бий болно гэж үзэж байгаа. Өмнө нь энэ бүх ажлыг гааль үүрч байсан. Гэтэл гааль нь өөрөө аюулгүй байдлын байгууллага. Тиймээс энэхүү чиг үүргийн хажуугаар аж ахуйн ажил эрхэлж байгаа нь зохимжгүй учир уг заалтыг ажлын хэсгийнхэн дэмжиж байгаа юм.

Нөгөө талаас уг хууль гарснаар бусад хуулиудад өөрчлөлт орж, зарим байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, Гадаадын иргэн харьяатын газар нь хилийн шалган нэвтрүүлэх газрыг өөртөө авна.

Өмнө нь хил дээр хилийн цэрэг, гадаадын иргэн харьяат, мэргэжлийн хяналт, гааль гэх мэт байгууллагууд ажиллаж байсан. Хууль батлагдвал эдгээр байгууллагуудын тоо багасна. Нөгөө талаас мэргэжлийн хяналт, хорио цээрийн алба гэх мэт хил дээрх хяналт, шалгалтын давхардлыг арилгах зорилго уг хуульд агуулагдаж байгаа.

-Энэ өдрүүдэд УИХ-ын чуулган завсарлаж, Засгийн газар ажиллаж байна. Ер нь та нэг жилийн ойндоо хүрч байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн хандаж байгаа вэ?

-Миний хувьд энэ удаагийн Засгийн газрын нэлээд зүйлийг хийе гэж зорьж байгаа тэмүүлэл нь их зөв байна гэж харж байгаа. Гэхдээ дүн тавих хараахан болоогүй байна. Өөрөөр хэлбэл, тэдний анхны бүтээн байгуулалтын улирал л эхэлж байна.

Ямартаа ч өнгөрсөн хугацаанд шинэ тутам байгуулагдсан яамд нь салбар бүтцүүдээ бий болгочихлоо. Улмаар бонд гаргалаа. Гэтэл бондоор санхүүжүүлэх төслүүдээ бэлтгэхэд хууль эрхзүйн орчин нь байхгүй гэх мэт олон зүйлээс болоод ажил нь удааширч байлаа.

Гэсэн ч олон зүйлийг энэ Засгийн газар эхлүүлж байгаад би талархалтай хандаж байгаа. Харин анхны үр дүнг бид намар дүгнэнэ.

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл, бензин, шатахууны асуудлыг зохицуулсан гэх мэт Засгийн газраас хийж буй ажил бий. Гэхдээ энэ бүхнийг сонгуулийн шоу мэтээр ойлгож, хүлээн авч буй хүмүүс байна л даа?

-2012 оны сонгуулийн өмнө зургаан хувийн хүүтэй зээл гээд л баахан пижигнэсэн. Харин гарч ирэхдээ тооцоо судалгаа муу байсан учир манай эдийн засагт тохироогүй. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ судалгааг бүр нарийн хийж, найман хувийн хүүтэй зээл нь илүү бодитой байна гээд гаргаад ирлээ.

Би бол үүнд итгэж байгаа. Одоо зургаан хувийн хүүтэй зээлээс үлдсэн хэсэг иргэдийнхээ гомдол, саналын асуудлыг шийдэх, улмаар найман хувийн хүүтэй зээлийн ажлаа эрчимжүүлэх, залуусаа аль болох орон сууцтай болгох хэрэгтэй.

Харин энэ бүхнийг нь хийлгэхийн тулд Засгийн газарт бололцоо олгох хэрэгтэй. Бүхнийг хоосон улстөржүүлж, бүгдийг сонгуультай холбож ойлгож болохгүй. Сонгуулиас гадна амьдрал явж байна гэдгийг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй.

-Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын талаар нэлээд шуугиан дэгдлээ. Нэг танхимд зэрэгцэн сууж буй гишүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Би Ё.Отгонбаяр гишүүнтэй танилцаад удаагүй байна. Гаднаас нь харахад төлөв төвшин их л сайхан хүн шиг байдаг. Тиймээс ч би анх ийм зүйл яригдахад итгээгүй. Гэхдээ өнөөдөр надад “Итгэх зүйл ер нь байхгүй юм байна” л гэсэн бодол төрж байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр

Ингэх тусам нь шударга ёс тогтоох, авилга хээл хахуулиас салахын тулд бид тууштай тэмцэх хэрэгтэй байна. Ё.Отгонбаяр гишүүний энэ асуудлын тухайд ярих эрт байна. Хувь хүнийх нь хувьд ч тэр, шүүхээр эцэслэн шийдээгүй үнэн худал нь тогтоогдоогүй асуудлын талаар өнөөдөр ярих нь зохимжгүй.

Үнэн мөнийг нь хууль хяналтын байгууллага нь эцэслэн тогтооно биз. Гэхдээ хэрэв энэ үнэн байвал Монголд үнэн юм алга. Үнэхээр харамсах сэтгэл төрж байна.

-Таны яриаг Ерөнхийлөгчийн сонгуульд хандуулъя. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харав уу. Ер нь ямаршуухан өнгө аястай сонгууль болж байна вэ?

Гурван нам, гурван нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Мэдээж нам болгон гурван шилдэг гэсэн хүнээ дэвшүүлсэн байж таарна. Нэр дэвшигчдийн тухайд хувь хүнийх нь хувьд хэлэх зүйл алга.

Миний хувьд ямар өнцгөөс нь манай нам АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж байна вэ гэдгийг гаргаж хэлмээр байна. Тэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шударга ёс тогтоох, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн төлөө хүч гарган ажилласан.

Парламентад ч гэсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өмнөх Ерөнхийлөгч нараас гарч байгаагүй олон төслийг оруулан хэлэлцүүлэг өрнүүлж батлуулсан байгаа юм. Одоо ч өртөн барьсан болон өргөн барихаар бэлдэж буй хуулийн төслүүд олон бий гэнэ.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийсэн гол ажил бол авилгатай тэмцэж эхэлсэн явдал гэж би боддог. Шударга ёсыг хэн ч бидэнд бэлэглэхгүй, дээрээс унаад ирэхгүй нь ойлгомжтой.

Тиймээс энэхүү шударга ёсыг Ерөнхийлөгчөөсөө эхтэйгээр ард түмэн өнөөдөр ойлгож, зарим нь захаасаа бүлэг бүлгээрээ илэрч, ял шийтгэлээ хүлээж эхлээд байгаа нь Монголын нийгмийг цэвэршүүлэх, төрийг тунгалагшуулахын томоохон эхлэл учраас бий сайшаан хүлээж авч байгаа.

Энэ талаас нь бодоход Ерөнхийлөгч тодорхой ажил хийсэн. Одоо харин энэ ажлынхаа үр дүнг нь үзэж, үргэлжлүүлэх боломжийг нь олгох ёстой гэж үзэж байгаа.

Нөгөө талаас АН УИХ, орон нутагт олонхи болоод Засгийн газраа байгуулаад ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн гурвуулаа АН-ынх.

Үүнээс улс төрийн бодлогын тогтвортой байдлыг харж байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн АН-д итгэж саналаа өгөөд олонхийг бүрдүүлсэн. Тэд ч маш олон зүйлийг хийхээр амлаж байгаа.

Энэ үр дүнг нь харъя гэсэн бодол байна. Дараагийн нэг зүйл бол дахин сонгогдсон Ерөнхийлөгч аль нэгэн нам, хэн нэгэн хүнд таалагдахын тулд ажиллахгүй. Зөвхөн өөрийнхөөрөө ажиллана гэж ойлгож байгаа. Ер нь бол цаашид Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэр алтаар бичигдэх үү, хараар бичигдэх үү гэдэг нь өөрөөс нь хамаарна.

-Төрийн гурван өндөрлөгүүдийг өөр өөр намаас бүрдүүлж байвал улс төр харьцангуй тэнцвэртэй байна гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би тэгж бодохгүй байна. Ерөнхийлөгч нь нэг талаас гараад нөгөө талаас УИХ, Засгийн газар бий болчихоор улс төр тэнцвэртэй байж, бүх зүйл сайхан болно гэж хэзээ ч байхгүй.

Харин ч эсрэгээрээ энэ нь улс төрийн бодлогын тогтворгүй байдал руу түлхсэн, өмнөх хүнийхээ хийж байсан ажлыг үгүйсгэж, дахин шинэ бодлого гаргаж ирэх оролдлого хийх шинэ нөхцөл бий болно. Манайхан тийм шүү дээ, нэг нам нь ялахаар нэг бодлого гаргаж, нөгөө намынхаа хийж байсныг үгүйсгэдэг.

Уг нь бол бидэнд төрийн залгамж халаа болсон бодлогууд байх ёстой. Ингэхийн тулд “Тэгье” гээд л цаасан дээр хууль бичээд хийчихдэг ч юм биш. Үүний тулд урт хугацаанд хэрэгжих бодлогын тогтвортой байдал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл. төрийн салаа мөчир бүхэн өөр хоорондоо тэмцэлдэхгүйгээр нэг бодлого, зорилготой явбал амжилтад хүрнэ гэж хардаг юм.